Хотын гэрэлтүүлгийг нэгдсэн УНТРААЛГАТАЙ болгохоор судалж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Өчигдөр (2023.03.13) болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах, Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний журам боловсруулах ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийсэн юм. 

Тодруулбал, тэрбээр “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаас саналаа аваад явж байна. Гэрэлтүүлгийн хувьд мөн Ажлын хэсэг байгуулагдсан. Дүүргүүдийн хариуцсан байгууллагуудтай уулзаж, өмнө нь хоёр байгууллага хамтран гэрээ байгуулдаг байсан бол одоо УБЗАА-тай хамтран гурвалсан гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно. Цаашид нэгдсэн автомат унтраалгатай болгох ажлыг судалж байгаа” гэсэн мэдээллийг өгч байв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Богд(64.119.21.98) 2023 оны 03 сарын 14

Богдарын доторх гэрэлтүүлэг өдөрч асаалттай байдаг нөгөө эрчим хүчээ хэмнэх юу боловоо

0  |  0
Top