Хилээр нэвтэрсэн 11 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг устгажээ

2023 оны 03 сарын 14

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд нүүрсний гэх хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар өнөөдөр (2023.03.14) мэдээлэл өглөө.


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний асуудал тойрсон сүүлийн 10 гаруй жилийн хугацааны хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас нэлээд хугацаа орохоор байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон. 

Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайт хилийн боомтоор Монгол Улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийн серверүүд дээр хамтарсан Ажлын хэсэг хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдоод байна. 

Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдлууд үүсэж байгаа.

Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаан дээр үндэслэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын гурван гишүүний УИХ-ын гишүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд Их хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэж, бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа.

Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өөрөө гаргасан байгаа учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулаагүй, УИХ-аар өөрийнх нь гаргасан хүсэлтээр шийдэгдэх байх гэж харж байгаа" гэв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүллээ.

Эд мөрийн баримтыг илрүүлэх зорилгоор нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 407 удаа, 1,032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллагаа, ААН, иргэнээс 973 удаа баримт гаргуулан авах ажиллагааг явуулсан.

Өнгөрсөн хугацаанд 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. Эдгээрээс 24 албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, 14 албан тушаалтан хахууль авсан, 26 албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Одоо шалгаж буй хэрэгт 8 яллагдагч цагдан хоригдож байгаа.  Улсын хилээр гаргахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан." гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уст(64.119.21.98) 2023 оны 03 сарын 15

Устгасан хүнд хатуу хариуцлага тооцох ёстойшдээ өөрөө устана гэж байхгүй эзэнгүйдүүлэхдээ сайн шүү наад хулгайчууд чинь

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 14

ta nar yu xarj baib

0  |  0
Top