Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан асуудал хаврын улс төрийн хамгийн халуун сэдэв болоод байна.
Энэ цаг мөчид УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ.
Мөрдөн шалгах процесс нь хувь хүний болон албаны нууцад хамааралтай, нууцын зэрэглэлтэй тул УИХ-ын чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг ХААЛТТАЙ хэлэлцэх нь зөв гэж үзжээ.
Сануулахад, дээрх нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2023.03.30/ хуралдаж, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн. Тус дэд хорооны таван гишүүн найман цаг орчим хуралдаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн билээ.
Эл шийдвэрийн хүрээнд үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан. Ингэхдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хэрэгтэй гэж шийдвэрлэсэн юм.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэлэлцсан асуудалтай холбогдуулан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгч, тус хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Түүний дараа бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд байгаа нөхцөл байдалд МАН-ын зүгээс илэрхийлж, байгаа байр сууриа илэрхийлж, тодорхой чиглэл өглөө. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Ингэснээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж, УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгдлээ" гэсэн мэдээллийг өгөөд байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл ( 1 )
УИХ цаашид ажиллах ёс зүйн үндэслэлтэй эсэх нь шийдэгдэх байх даа!