Г.Занданшатар: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар долларын нөөц нэмэгдлээ

2023 оны 04 сарын 06

УИХ-ын чуулганы өнөөдөр 2023.04.06/-ийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийг хангуулах тал дээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Э.Батшугар нар идэвх санаачлагатай ажиллаж байгааг хэллээ.

Тэрээр “Уг хуулийг баталснаар 9.5 ам.доллароор аман дээрээ зарагдаж байсан нүүрс 73 ам.доллар болж 6 дахин өслөө. Үнийн энэ их зөрүү Монголдоо үлдэж, валютын нөөц өсөх боломж бүрдлээ. Түүнчлэн 60 ам.доллароор зарагдаж байсан нүүрсний үнэ 180 ам.доллар болж гурав дахин нэмэгдлээ. Энэ бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн  хэрэгжилтийн бодит үр дүн” гэв.  

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсаны үр дүнд нүүрсний үнэ гурав дахин нэмэгдлээ

Харин УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод уг хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар анхаарах хэрэгтэйг УИХ-ын дарга анхааруулж “Алтны үнэ дээд түвшиндээ хүрч 2000 ам.доллар давлаа, нүүрсний гаралт нэмэгдэж байна. Урсгал тэнцэл ашигтай гарч, барааны данс анх удаа ашигтай гарч урсгал тэнцлийн валютын нөөцөд эергээр нөлөөлж байна. Ноолуурын ханш өсөж байна. УИХ баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй” гэв. Үүнд  ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг анхаарал хандуулах чиглэл өглөө.

Инфляц 12.2 хувь буюу маш өндөр байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж, “Махны үнэ өндөр, инфляцын тал хувийг эзэлж байна. Нөөцийн мах гуанзуудаар зарагдаж, ард иргэдийн гар дээр очихгүй байна. Үүнийг Засгийн газрын гишүүд анхаарч ажилла. Бид махны үнэ ярихгүй бол өөр хэн ярьж, анхаарах вэ" хэмээн холбогдох сайд болон Байнгын хороодын дарга нарт анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top