Н.Учрал: ХАА-г дэмжих сангийн 6092 зээлдэгчийн мэдээллийг ил болголоо

2023 оны 04 сарын 10

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “Шил” ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд долоо хоног бүр төрийн байгууллагуудын мэдээллийг shilen.gov.mn цахим платформд байршуулж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгч байгаа. Энэ хүрээнд өнөөдөр (2023.04.10) “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршсан талаар мэдээллээ.  Ерөнхий сайдын зүгээс 2023 оны зургаадугаар сарын 01-ний дотор холбогдогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудыг мэдээллээ ил болгох үүрэг өгсөн. Мэдээлэл хариуцагч байгууллагууд мэдээллээ Цахим хөгжил, харилцаа холбооны яам руу илгээн, үүнийг тус яам нэгдтгэн нэгдсэн платформд байршуулж буй юм.


Хуучнаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” буюу нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжинд 6092 компани, иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллагын мэдээллийг нээлттэй байршууллаа. Тус сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээс өнөөдрийн байдлаар 52,5 тэрбумын төгрөгийн үлдэл буюу зээл төлөгдөөгүй байгааг та харж болно.

Дээрх байгууллагуудаас үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг  энэ 7  хоногт багтаан ил болгохоор ажиллаж байна.

Мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрийг ил болголоо. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг мөн энэ 7 хоногт багтаан бүгдийг нээлттэй болгоно.

ЦХХХ-ны сайд Тусгай сангаас зээл авах нь, төрийн өмчит компанийн ТУЗ-д сонгогдох нь бүхлээрээ буруу хэрэг биш. Гагцхүү ил тод, нээлттэй байж, иргэний шууд хараа хяналтын дор ажиллаж, хууль хэрэгжүүлэхийг “Шил” ажиллагаа шаардан баримталж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (43.228.130.188) 2023 оны 04 сарын 10

за ямар ч байсан энэ засгийн сайн ажиллаж байгаа сайд нарын нэг нь учрал сайд байна ...энэ эрчээ алдав аа

0  |  0
Top