“Андын илч”-ийг дээрэмдсэн гэх “Байлдаантай кино”-ны мөрөөр...

2023 оны 04 сарын 13

“Андын илч” нүүрсний уурхайг бүлэг этгээд буу шийдэм хэрэглэн “дээрэмдсэн”, түүнийг нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсанаар олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Уурхай байгаа газар нь урд хөрштэй хамгийн ойрхон хиллэдэг. Хилийн цэргийн 0146 дугаар анги үүрэг гүйцэтгэдэг. Баг өмсөж, зэвсэг агссан бүлэг этгээд тийшээ нэвтэрч “дээрэм” хийсэн гэхээр байлдаантай кино санаанд шууд бууна. Хэрэв буу дуугарч гэмээ нь хөрш орон байлдааны бэлэн байдалд шууд шилжих, болзошгүй байдал үүсэх нь ойлгомжтой. Ийм аюултай байдал тэнд үүсэхээр байжээ. Гэвч хэрэг явдал болоод өнгөрсөн хойно олон нийтэд мэдээлэл цацагдсан. Тухайлбал, 20 гаруй гэмт этгээд 2023 оны хоёрдугаар сарын 14-нд уурхай руу дайрч айлган сүрдүүлсэн бол энэ тухай гомдол мэдээлэл сар гаруйн дараа буюу гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар энэ хэргээс болж тус уурхайд хөрөнгө оруулсан Монголын компаниуд олон тэрбум төгрөгөөрөө хохирсон гэсэн гомдлын мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн гэх.

Хил орчим болсон дээрх үйл явдлын талаар, мөн түүний улмаас хохирсон хэмээн гомдол мэдүүлж буй БНХАУ-ын иргэн Wu Xia хэмээх эмэгтэй, түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Батсуурь гээд бүхий л талын байр суурийг Zuv.mn сайт шууд дамжуулсан учир энд нурших илүүц юм. Дээр нь талууд аль аль нь хууль, хяналтын байгууллага, цаашлаад АТГ-т хүртэл хандаж, өөр өөрсдийн зүгээс баримт материалыг гаргаж өгчээ. Ингээд хэрэг мөрдөн шалгаж байгаа тул таамаглал дэвшүүлэх, дүгнэх боломжгүй. Харин үйл явдлыг тоймлож болох юм. 

“Андын илч” гэх компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт нүүрсний чамгүй баялаг ордын үүцийг задалж, үүрээ зассан нь тус нүүрсний уурхай. Анх “Хурандаа нарын шахааны бизнес” гэх мэдээлэл 2006 оны үед бүдэг бадаг дуулдаж, хэвлэлээр цухасхан гараад сураг алдарч байв. Хэвлэлээр ч гэж ганцхан сонинд, тодруулбал “Нийгмийн толь” сонины эрэн сурвалжлах мэдээний нүүрт гарч байв. Түүнээс хойш чимээ алдарсан. Тэгвэл саяхан дээрэм, халдлага болсон гэх мэдээллээр анхаарал татаж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан тайлбартаа “Уурхайн олборлолтын зөвшөөрлийг 2007 онд албан ёсоор авч үйл ажиллагааг эхлүүлсэн. 2009-2016 онд ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн 0119 дүгээр ангийн захирагчаар томилогдон тус уурхайн ТУЗ-д нь байсан. 2015 оноос орон нутгийн мэдэлд 49 хувийг шилжүүлсэн. Хилчдийн дулааныг хангах ёстой уурхайг хятадуудад худалдсан зүйл байхгүй” гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн зүгээс “Андын илч” гэдэг компани Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг, Ж.Батсуурь гэдэг хүн Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн гэдгээс өөрөөр энэ хоёрыг хооронд нь холбох ямар ч үндэслэл байхгүй.

Миний хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Андын илч” компанийн 49 хувийг орон нутгийн мэдэлд шилжүүлэх чиглэлээр ажиллаж байснаас өөрөөр тус компанитай холбогдсон түүх огт байхгүй. Намайг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед бидэнд ямар мэдээлэл байсан гэхээр “Андын илч” компани болоод уурхайг Хилийн цэргийн 0119 дүгээр анги эзэмшиж байсан. Сүүлд ямар замаар, ямар учиртайг мэдэхгүй БНХАУ-ын нэг компани 51 хувийг нь эзэмшдэг, Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн байгууллага 49 хувийг нь эзэмшдэг болсон байсан. Үүнийг би аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2014 оноос хөөцөлдөж, орон нутаг 49 хувийг нь эзэмших ёстой гэсэн байр суурийг баримталж, нэлээд идэвхтэй ажилласан. Түүний үр дүнд 49 хувь нь орон нутгийн өмчлөлд шилжсэн байдаг юм. Түүнээс хойш энэ уурхайн үйл ажиллагаа хэрхэн явсныг би мэдэхгүй. Түүнээс хойш энэ уурхайтай өнөөдрийг хүртэл холбогдсон, сонирхсон зүйл байхгүй. Тиймээс тэр талаар холбогдох байгууллагууд, 49 хувийн төлөөллийг хэрэгжүүлдэг орон нутгийн удирдлага, гааль, татварын газруудтай холбогдож мэдээллийг авсан нь зөв байх” гэжээ.

Орон нутагт болж буй үйл явдлын мэдээллээс үзвэл тус аймаг цаашид бичил уурхайн үйл ажиллагааг дэмжихгүй, шинээр нэмж жижиг уурхай гаргахгүй байхад анхаарч ажиллана гэдэгт аймаг, сумдын удирдлагууд бүгд санал нэгджээ. Учир нь бичил уурхай нь ашиг бага, асуудал ихтэй. Өөрөөр хэлбэл нутгийн иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй байнга тулгарч, газар нутагт ч хор хөнөөл их байдаг учир ийн шийдвэрлэсэн гэнэ.

Сүхбаатар аймаг 2023 онд ОНХС-даа 25 тэрбум төгрөгийг баталсан. Үүний 13 тэрбум нь улсын төсвөөс хуваарилагдсан бол 12 тэрбумыг орон нутаг өөрөө төвлөрүүлсэн орлого аж. Орон нутгийн төвлөрүүлсэн орлогын 10 орчим тэрбум нь зөвхөн Цайрт минериаль компанийн ашгаас орсон орлого. Тэгвэл “Андын илч” компанийн тухайд хэдийгээр орон нутаг 49 хувийг эзэмшдэг ч сүүлийн гурван жилд ямар нэгэн ашиг хүртээгүй. Энэ нь цар тахлын нөхөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон хил хаалттай байгаа зэрэгтэй холбоотой. Өдгөө ч 51 хувийг эзэмшигч талын эд хөрөнгийн дотоод маргаан шийдэгдээгүй учир цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлснийг хэвлэлүүд онцолжээ. 

Үүсээд буй мэдээллийн тухайд “Андын илч” компанийн 51 хувийг Хятадын  компани эзэмшдэг, 49 хувийг нь орон нутаг эзэмшдэг. Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь есөн хүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн есөн гишүүний тавыг нь 51 хувийг эзэмшдэг Хятадын тал, дөрвийг нь 49 хувийг эзэмшдэг орон нутгаас томилдог. БНХАУ-ын тал өөрийн төлөөллийг хэрэгжүүлдэг ТУЗ-ийн таван гишүүнийхээ хоёрыг нь сольсонтой холбоотой маргаан дэгдсэн. Улмаар тэрхүү маргаанд дийлэх, өөрийн эрхийг хэрэгжүүлэх гэсэн талууд зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд болсон үйл явдлыг дэвэргэн улстөржүүлсэн үү гэсэн асуулт бас гарч байна. Хилийн бүс дэх буйд газарт чимээгүй ажиллаж ирсэн тус уурхайд юуны учир, ямар гээч үйл явдал болсныг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох байх.

Хэдхэн жилийн өмнө манай улс “Байлдаантай кино” хийх гэсэн  найруулагчийг барьж хорьж байсан атал хил орчмын нутагт зэвсэг агсаж очоод дайн өдүүлэх шахсан гэмт этгээдүүдийг зүгээр өнгөрүүлэхгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа гадаад орчинд байдал тогтвортой бус зарим оронд гарсан дайны гал унтраагүй, дэлхийн геополитик хурдтай өөрчлөгдөж буй эмзэг нөхцөлд байгаа тул ҮАБЗ ч үүнд анхаарал  хандуулж буй биз ээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(122.201.24.72) 2023 оны 04 сарын 13

Хулгайч луйварчин биш бол гишүүн болж чадаггүйшдээ ногүй хүн гишүүн болдоггүй л гэсэн үг хулгай луйвараа хамгаалах гэж гишүүны эрх эдэлдэг

0  |  0
Top