МҮХАҮТ-аас “Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн сэдэвчилсэн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа. Судалгааг МҮХАҮТ, ҮСХ-той хамтран ААНБ-ын тооллогын үр дүнд үндэслэн боловсруулсан бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамтруулсан анхны судалгаа юм. Монгол Улсын экспортын салбар 2022 онд оны үнээр 12.5 тэрбум ам.долларт хүрч, үнийн дүнгээр ДНБ-ий 83.2 хувьтай тэнцэж байна. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 4.2% нь экспортлогч бөгөөд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг тооцвол илүү өргөн салбарыг хамарсан манай улсын эдийн засгийн нөлөө бүхий салбар болжээ.
Манай улсын экспортын салбар 1995 онд дэлхийн экспортын 0.01 хувийг, 2014 онд 0.031 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлж байна. Экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд Монгол Улсын экспорт 19.5 дахин өссөн, үүнд уул уурхайн салбарын экспорт жилд дунджаар 14.5 хувиар өссөн бол уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт жилд дунджаар 7.2 хувиар өссөн байна.
Судалгаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгжийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүд экспорт хийхэд тулгарч буй бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлжээ.
Гол үр дүн:
Монгол Улсад экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгж байгаа ба эдгээрийн 1219 нь заримдаа экспорт хийдэг бол 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийдэг байна. Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим аж ахуйн нэгж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, 81 орчим хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.
Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.
Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр дүн бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байна.
Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5 хувь (улсын дүнгээс 2 дахин өндөр) нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийсэн байна.
Экспортлогч аж ахуйн нэгжүүдээс бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авбал зохистой арга хэмжээг тодруулахад 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж хариулсан нь улсын дунджаас өндөр дүн юм.
Сэтгэгдэл ( 0 )