Монгол Улс, БНПУ-ын хамтын ажиллагааны БАРИМТ БИЧГҮҮДИЙГ үзэглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
  • “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,
     
  • “Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ”-нд монголын талаас Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Уянга, польшийн талаас Геологийн хүрээлэнгийн орлогч дарга Анджей Глушыньски,
     
  • “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, БНПУ-ын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх, польшийн талаас Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,
     
  • “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Архивын ерөнхий газар, БНПУ-ын Төрийн архивын удирдах газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, польшийн талаас Төрийн архивын удирдах газрын ерөнхий захирал Павел Петшык,

“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top