Хятадын зорилтууд бидэнд ямар боломжууд дагуулах вэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

Хятад улс  2023 онд дэвшүүлж буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны талаарх хөгжлийн зорилтуудаа өнгөрсөн гуравдугаар сард найман өдөр үргэлжилсэн “хоёр чуулган”-аар баталсан. Тэгвэл тус улс  энэ онд дэвшүүлж буй зорилтуудаа  хэрэгжүүлэхэд Монгол Улсад үзүүлэх нөлөө юу байх вэ? Хятад улсын эдийн засгийн өсөлт, хөгжлөөс Монгол Улсад нээгдэх боломжууд юу вэ гэдгийг Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн тодорхойлсноор хүргэе.

 

  • Хятадын  эдийн засгийн өсөлт нэмэгдэх, үүний дотор манай улстай хил залгаж буй Өвөр Монгол, Ганьсу, Шиньжян мужийн эдийн засгийн өсөлт сайн байх нь Монгол Улсын гадаад худалдаанд эерэг нөлөөтэй;

 

  • Тус улсын зүгээс дэд бүтэц, тээврийн салбарыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачаа тээвэрлэлт илүү хурдан шуурхай, тасалдалгүй болох, дэд бүтцийн салбарт хэрэглэгдэх гангийн хэрэглээ өсөх нь тус улсын коксжих нүүрс, төмрийн хүдрийн эрэлтийг өсгөх эерэг үр дагавартай;

 

  • Хятад улсын зүгээс Ногоон хөгжлийн зорилтоо тодорхойлж, байгаль орчны сөрөг нөлөөлөл, бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлснээр тус улсын бохирдол, хаягдал ихтэй бага хүчин чадлын нүүрсний уурхайнуудад илүү өндөр шаардлага тавигдах тул импортын нүүрсний эрэлт нэмэгдэх талтай;

 

  • Тус  улсад хурдан галт тэрэгний сүлжээ улам бүр нэмэгдэж, зорчигчдын тээврийн тариф нь эрс хямдарч байна. Технологийн дэвшил, геополитикийн нөхцөлөөс хамаарч Москва- Улаанбаатар-Бээжингийн чиглэлд галт тэргээр зорчих хүний тоо цаашид эрс буурах, зорчигчид агаарын тээвэр, хурдан галт тэргийг илүүтэй сонгох хандлагатай болж байгаа нь төмөр замын зорчигч тээвэрлэлтэд сөрөг нөлөөтэй.

 

Гадаад зах зээлийн орчин нөхцөл, бусад хүчин зүйлээс хамаарч тулгарч болзошгүй зарим бэрхшээл:

 

  • Хятад улсын зүгээс дэвшүүлж буй хөгжлийн зорилтууд нь технологийн илүү өндөр түвшинд хүрэх зорилтыг тавьж, салбар бүрд тавигдах технологийн шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Энэ нөхцөл байдлын улмаас манай улсын зам тээврийн салбарт мөрдөгдөж буй стандартууд хоцрогдож, хилийн боомтын холболтын цэг дээр авто зам, төмөр замын тээвэрт тавигдах шаардлага цаашид илүү нэмэгдэх магадлалтай;

 

  • Байгаль орчны бохирдолт, тоосжилтыг бууруулах зорилтыг илүү чангаруулснаар хилийн боомтод түүхий эдийг задгай байдлаар тээвэрлэх, нүүрсийг ачиж, буулгах үйл ажиллагааг хязгаарлах, зөвшөөрөхгүй байх талтай;

 

  • Тайванийн хойгийн хурцадмал асуудлын улмаас цаашид дэд бүтцийн хувьд тасалдал үүсэж болохыг анхаарч импортын ачаа тээврийн нэмэлт суваг, гарцыг бий болгох талаар онцгой анхаарал хандуулж, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top