Д.Сүнжид: Сонгуульд нэр дэвшихэд эмэгтэйчүүд санхүүгийн шалгуурыг тэр бүр давж чаддаггүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

Өнөөдөр УИХ-ын чуулганаар ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж байна. Илтгэлийн  долдугаар бүлэг буюу “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал”-ын талаарх танилцуулга мэдээллийг Комиссын гишүүн Д.Сүнжид өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралд танилцуулснаас эшлэн хүргэе.

Комисс хоёр жил тутам Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэсэгчилсэн буюу бүтэн үнэлгээ хийж Улсын Их Хуралд тайлагнах үүрэг хэрэгжүүлдэг. Энэхүү илтгэлд зөвхөн улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдал ямар байгаа талаар дэд сэдвийн хүрээнд авч үзэж байгаа гэдгийг тэрбээр онцолсон.

Дэлхийн эдийн засгийн форумоос гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын 2022 оны тайлан”-д Монгол Улс улс төрийн эрх мэдлийн оролцооны үзүүлэлтээр өмнөхөөсөө ухарсан буюу 113-т эрэмбэлэгджээ.

Комисс НҮБХХ, КОЙКА ОУБ-ын дэмжлэгтэйгээр улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, жендэрийн ялгаварлан гадуурхалтын судалгаа хийсэн байна. Тус судалгаанд Архангай, Дорнод, Завхан, Орхон, Өмнөговь зэрэг аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАН, АН, ХҮН намын улс төрийн сонгуульт ажилтан, тэргүүлэгч, улс төрийн албан тушаалтны төлөөлөл хамрагдсан байна. Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг үндэсний хууль тогтоомжид тусгасан боловч хэт ерөнхий, нэр дэвшигчийн эрх, үүргийг тодорхойлсон шинжтэй бөгөөд хуулийг хэрэгжүүлэх механизм, хэрэгжилтийн уялдаа холбоо, хууль тогтоомжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар процессын нарийн зохицуулалтгүй байгаагаас хуулийн заалт хэрэгжих боломж хязгаарлагдмал байна гэж дүгнэжээ. Квотын асуудлыг тогтоогоод 12 жил болж байгаа бөгөөд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн 23-24 хувь нь эмэгтэй, хууль тогтоох түвшинд 17 хувь нь эмэгтэй байгаа бол дүүргийн түвшинд 17 хувь, аймаг, нийслэл, сумдын түвшинд 29 хувь байдаг байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байх” гэж хуульчилсан байдаг. Гэхдээ улс төрийн албан тушаалд томилогдоход жендэрийн эрх тэгш байдал хангагдахгүй, тодруулбал яамны сайд, дүүргийн ИТХ, дүүргийн Засаг даргын орлогчоос бусад түвшинд хуульд заасан квот биелэгдээгүй байгаа гэдгийг тоон үзүүлэлтэд тулгуурлан танилцууллаа.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох тэгш эрх, тэгш боломжийн талаар ярихад санхүүгийн асуудлыг хөндөх ёстой хэмээн Комиссын гишүүн Д.Сүнжид тэмдэглэлээ. Улс төрийн сонгуульд нэр дэвшихэд эмэгтэйчүүд санхүүгийн шалгуурыг тэр бүр давж чаддаггүй, санхүүгийн дэмжлэг авахад намд хүчтэй нөлөөлж чаддаггүй, дэмжлэг ижил хэмжээтэй авсан ч, сонгуулийн бусад зардлыг санхүүжүүлэх хэмжээнд хандив, тусламж авч чаддаггүй, өөрсдийн хөрөнгө мөнгөгүй зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг гэв.

Илтгэлд дурдсанчлан нэгэн жижиг намын даргын дурдсанаар нам нь нэр дэвшигч бүрд 40 орчим сая төгрөг зарцуулдаг тул нэр дэвшигч бүр энэ хэмжээний дэнчинг намдаа төлөх шаардлага тулгардаг байна. Тиймээс хувийн хэвшилд ажилладаг, бизнесийн төлөөлөл, эсвэл улс төрийн тогтолцоонд ажилладаг эмэгтэйчүүд л аливаа шатны сонгуульд нэр дэвших боломжтой байдаг гэж дүгнэжээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд улс төрийн нам нь тус хуулийн 8.2, 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн тайланг Жендэрийн үндэсний хороонд хоёр жил тутам хүргүүлж байх зохицуулалттай ч 2022 онд ХҮНам, МАН, Иргэдийн оролцооны нэгдэл нам л тайлан ирүүлжээ.  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй учраас дээрх үр дагавар гарч байгаа гэж үзэж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох нь зүйтэй гэдэг саналыг илтгэлд тусгасан байна.

Нийтдээ 81 хуульд жендерийн эрх зүйн байдлыг хангах тухай асуудлыг улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, боловсролын соёлын гээд бүх хүрээгээр нь заасан боловч механизм, санхүүжилт нь дутмаг байгаа тул үүнийг хууль тогтоомжид нийцүүлэх хэрэгтэй гэдэг саналыг танилцууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйл буюу хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны асуудлыг намын ажлын албанд ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлыг авч үзжээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь улс төрийн шинжтэй аливаа хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо хүйсээр ялгаварлан гадуурхдаг гэж хариулжээ.

Намын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ хэрхэн дэмждэг талаар тодруулахад 60-75  хувьтай, Улсын Их Хуралд суудлалтай намууд бол ялгаа гаргадаггүй гэж хариулт өгсөн байна. Гэхдээ бүртгэлтэй 36 намаас 3 нь л дүрэмдээ тусгаж, тодорхой бүтцийн түвшиндээ Улс төрийн намын тухай болон Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан квотыг хангаж ажилладаг гэсэн дүгнэлт гарж байгааг танилцуулав. Тиймээс энэ сэдвийн хүрээнд 10 санал хүргүүлж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(66.181.160.35) 2023 оны 04 сарын 27

Эмэгтэй гишүүд үр дүнтэй юм хийгээгүй

0  |  0
Top