Хүнд үед "гал алдаагүй" ЗГ Гэрэгэ бондын өрийг барагдууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

Ковид цар тахлаас үүдэн эдийн засаг гадаад, дотоод аль аль талдаа үргэлжилсэн сорилтуудтай тулгарч, валютын орж ирэх урсгал саарсан ч Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар өрийн менежментийг  эдийн засгийн агуулгаар нь зөв зүйтэй хийж ирсэн нь 2020-2022 онд төлж барагдуулсан өрийн жагсаалтаас  харагдаж буйг өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлж барагдуулсан талаарх ээлжит таатай мэдээг өнөөдөр дуулгалаа. /2023.05.01/

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас анх 2017 онд авч байсан 800 сая ам.долларын Гэрэгэ бондын үлдэгдэл болох 387 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт /2023.04.28/ төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууслаа" гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. 

Өнгөрсөн 2020-2022 онд Засгийн газраас өрийн удирдлагыг хэрхэн яаж хэрэгжүүлснийг сануулахад: 

2020 онд авч хэрэгжүүлсэн “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээ, 2021 онд авч хэрэгжүүлсэн “Сенчири” өрийн зохицуулалтын арга хэмжээний үр дүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх хуваарьтай Чингис бондын хоёрдугаар транч болох 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нийт 1.0 тэрбум ам.долларын дийлэнх хэсгийг дахин санхүүжүүлж, үлдээд байсан 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд бүрэн төлж барагдуулсан.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр  Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гарсан. 

Түүнчлэн энэ 2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөх бондын өрийн зохицуулалтыг хийх зорилгоор Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк хамтран шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын цахим уулзалтуудыг хийснээр 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлснээр өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн юм. 

Тодотгоход, Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. 

Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугар сард хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляц огцом нэмэгдэж, Орос Украинын зэвсэгт мөргөлдөөн болон БНХАУ-ын тэг ковидын хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсныг дурдах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top