Авлигын индексийг сайжруулах АЛХМУУД хийгдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Авлига нэмэгдэхийн хэрээр улс орны хэмжээнд буруу шийдвэрүүд олноор гарч, шийдэл шаардлагатай асуудлууд хүлээлгийн өрөөнд удаан хугацаанд түгжигдэж, тэр хэрээр хөгжлийн боломжууд алдагддаг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс ч дэлхийн улс орнууд авлигын эсрэг боддлого тодорхойлж, кампанит ажлууд өрнүүлдэг.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа улс төрийн эрх мэдэл, нөлөөлөл даган цэцэглэсэн авлигын цогц системийг нураахад чиглэсэн концепцитэй гэдгээрээ ерөнхийдөө жишиг болж байна гэхэд болох байх. 5Ш-ийн хүрээнд чухам ямар ажлууд, ямар өөрчлөлтүүд гарч байгаа талаарх мэдээллийг ажиллагаа хариуцсан сайд нар тогтмол мэдээлж буй. Шилэн ажиллагааны хүрээнд гэхэд далд байсан олон мэдээллүүд ил болж байна. Шувуу ажиллагааны хүрээнд ч зарим ажлууд хийгдэж байна.

Ерөнхийдөө энэ бүх ажиллагааны үр дүнд Монгол Улс дотооддоо авлигын системийг задалж, хүчгүйдүүлэхээс гадна гадаад талдаа Авлигын төсөөллийн индексээ сайжруулах шаардлагатай юм.

Х.Нямбаатар сайд өчигдөр Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар Засгийн газар  ажиллаж байна гэж мэдэгдсэн.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар  “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцжээ.

Түүнчлэн Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Х.Нямбаатар сайдад даалгажээ.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улс 33 оноо авч 180 орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдэн чансаа буурсан үзүүлэлттэй гарсан юм. Монгол Улс өнгөрсөн жил авлигатай тэмцэх тогтолцоог сэргээх талаар зарим сайшаалтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч одоо байгаа авлигын эрсдэлтэй тэмцэхэд хангалттай биш байна гэж үзээд дараах дүгнэлтийг өгсөн. Тухайлбал:   

Байгалийн баялаг ихтэй Монгол Улсад баялгийн үр өгөөж төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах болон шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл нэгдсэн байдлаар ил тод болоогүй, зохицуулалт хангалтгүй нь ихээхэн асуудал дагуулж байна.

Төрийн албан хаагчид нь нийтийн ашиг сонирхлоос илүү хувийн ашиг сонирхлыг чухалчлан ажиллаж байгаа нь нийслэл хотод жагсаал болоход хүргэж байна.

Засгийн газар нь нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнд, төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шинэчлэх, авлигад өртсөн албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг стандартчлах, төрөөс томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоохын тулд бүх шатанд ил тод байдлыг хангуулах шаардлагатай гэжээ.

Тэгэхээр чухам ямар чиглэлийн арга хэмжээнүүд авснаар Монгол Улсын авлигын эсрэг тэмцэл бодитой болох вэ гэдгийг дээрх асуудлууд хэлээд өгч байна. Тиймээс Засгийн газар 5Ш ажиллагааг хэрэгжүүлэхдээ олон улсын байгууллагуудын зүгээс гаргасан зөвлөмж, саналуудыг харгалзан үзсэнээр үр дүнд хүрэх хугацаагаа наашлуулах юм.

Х.Нямбаатар сайд өчигдөр 5Ш ажиллагааны талаар хэлэхдээ, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болон төрийн үйлчилгээний цахимжилт, хүртээмж, төрийн өмчит үйлдвэрийн газрын ил тод байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, гадаад улсын буцалтгүй тусламж, зээл зэрэг асуудлаар тогтмол мэдээлэл өгч ажиллана гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top