Барилгажилтыг хот төлөвлөлттэй уялдуулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалт, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарынхантай уулзлаа.

Энэхүү уулзалтад барилга байгуулалт, төлөвлөлтийн компаниудын удирдлага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, нийслэлийн харьяа байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

 

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын санал хүсэлтийг сонсож, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр салбар бүрийнхэнтэй уулзаж эхэлсэн. Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, тав тухтай холбогддог гэдэг утгаараа барилга бол хамгийн чухал салбаруудын нэг хэмээв.

Улаанбаатар хот хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу барилгын салбартай холбогдох цөөнгүй ажлыг хийж буйг тэрбээр мөн онцолсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Засгийн газраар батлуулсан. Энэ хүрээнд баримт бичиг, зураглалыг УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн “Шил” ажиллагааны хүрээнд барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тухайлбал, хот төлөвлөлтийн асуудлыг хэлэлцдэг Мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр шууд дамжуулдаг болсноор барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд зураг төсөл зохиогч болон иргэд, олон нийт хяналт тавих боломж бүрдээд байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга онцолсон юм.

 

 

Түүнчлэн хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгон, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор "ebarilga" нийслэлийн цахим системийг нэвтрүүлж буй. Энэхүү системд олон нийтэд хэрэгтэй мэдээллийг оруулснаас гадна Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан билээ.

 

Бүсчлэлээс хамаараад барилгын өндрийг тогтоох боломжтой

 

 

Бүтээн байгуулалт, барилга угсралт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тулгамддаг асуудлыг уулзалтын үеэр хэлэлцлээ. Барилга, бүтээн байгуулалтын ажил зуны саруудад эрчимждэг тул салбарынхан энэ богино хугацааг ашиглаж ажлаа нугалдаг. Гэтэл барилга барих, барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл саатдаг, газар чөлөөлөлттэй холбоотой асуудал тулгарч байгааг тэд хэлж байлаа.

Нөгөө талаас, барилгажилтыг хотын ерөнхий төлөвлөгөө, стандарттай уялдуулж төлөвлөх, газрын зөвшөөрөл олгохоос эхлээд хотын бусад тохижилт, бүтээн байгуулалтыг хийхдээ ч үүнийг анхаарах шаардлагатайг онцолсон. Тухайлбал, “Хайдродизайн прожект” ХХК-ийн захирал Н.Солонго “Туул голын үерийн хамгаалалтын зураг төслийн ажлыг бид гүйцэтгэж байна. Тухайн ажлын даалгавар дээр засвар шинэчлэлт гэж заасан. Гэтэл Улаанбаатар хотын шинэ тойрог замтай уялдуулан шинэчлэх шаардлагатай болсон. Тэгэхээр бидний таван сарын турш хийсэн ажлыг дахиад өөрчлөх болоод байна” хэмээсэн юм.

Хот төлөвлөлт, барилгажилтын тухайд газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх хүчин зүйлсийг тооцож, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, хотын төвдөө өндөр барилгууд шахаж барихаас илүү бүсчилсэн байдлаар хотхон, хорооллыг төлөвлөх нь чухал байна.

“Барилга.мн”-ийг үүсгэн байгуулагч Г.Батсүх “Бага зайд өндөр барилга барих нь орчны багтаамж, орон зайд нийцэхгүй, төвлөрөл ихэснэ. Үүний дүнд төлөвлөлтгүй, ая тухтай орчны тохижилтгүй, хамгийн наад зах нь авто машины зогсоолын хүрэлцээ муутай орон сууц их боллоо. Тэгэхээр хотын бүсчлэлээс хамаараад барилгын өндрийг тогтоож өгөх боломжтой. Зарим бүсэд өндөр барилгуудаа төвлөрүүлж, зарим хэсэгтээ хотын унаган төрхийг хадгалсан барилгаа үлдээж болно ” хэмээсэн юм.

 

Газрын жишиг үнэлгээ тогтоохыг хүсэв

Улаанбаатар хотод байгаа, одоо баригдаж буй барилгуудын чанар, аюулгүй байдлын асуудал тулгамдаж байгааг уулзалтаар хөндсөн. Тухайлбал, Улаанбаатар газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд тооцогдох болсон тул барилга, бүтээн байгуулалтын чанарын хяналтыг сайжруулахад бүх шатанд анхаарч ажиллах нь чухал байна.

 

 

Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Төрийн байгууллагын буюу хөндлөнгийн хяналтаас гадна Барилгын тухай хуулийн дагуу шат шатандаа оролцогч талууд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь зохиогч, захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, эрх бүхий байгууллагууд гээд бүгдэд хамаатай” хэмээж байлаа.

“Силикат Констракшн” ХХК-ийн захирал Г.Анар-Эрдэнэ "Энэ салбарт ажиллаж буйн хувьд хэлэхэд барилгын материалын чанарт анхаарах хэрэгтэй байна. Барилгыг хүлээн авч байгаа Улсын комисс ч үүнд онцгой анхаарал хандуулах ёстой. Бичиг цаасны бүрдүүлэлтээс гадна ямар бетон, арматур, цонх ашигласан бэ, энэ нь стандартад нийцэж байна уу, үгүй юү гэдэг чухал" гэв.

 

 

Барилгын чанар, аюулгүй байдлын хувьд мөн норм дүрмийг шинэчлэх, илүү тодорхой, нээлттэй болгох хэрэгтэйг хөндсөн. Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа норм дүрэм, шаардлагуудыг мөрдөх хэрэгтэй байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд онцолж байв. Тухайлбал, зураг төсөл, барилга угсралт, хотхон төлөвлөлт дээр норм дүрмийг хангаагүйгээс барилгын зөвшөөрөл олгох, эсвэл ашиглалтад хүлээн авах боломжгүй байх тохиолдол олон байна.

Нөгөө талаас, барилгын компаниудад тулгамдаж буй нэг асуудал нь газрын зөвшөөрөл, газар чөлөөлөлт болоод буй. Энэ талаар “Очирням проперти Девелопмент” ХХК-ийн захирал Б.Сансар “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй 30 орчим компани байна. Бидний хувьд газрын үнэлгээтэй холбоотой асуудал үүсдэг. Тухайлбал, иргэд газар чөлөөлөхдөө хэт өндөр үнэ хэлдэг. Тэгэхээр энэ зардлыг шингээж барилгаа өндөрлөх шаардлага гарна. Тиймээс газрын жишиг үнэлгээ тогтоох боломжтой, эсэхийг судалж үзэхийг хүсэж байна” хэмээв.

 

Барилгуудын нэг давхрын довжоог цэгцлэх санал гаргалаа

“Монкон констракшн” ХХК-ийн захирал Г.Батбаяр “Барилгын ажил зуны улиралд маш богино хугацаанд өрнөдөг. Энэ үед бетон цутгалтын ажил эхлэхээр иргэд, хөршүүд гомдол гаргаад Зөрчлийн хуулиар хэрэг үүсгэчихээд байгаа нь бидний ажилд хүндрэл учруулж байна” гэж онцолсон.Түүнчлэн барилга, зам, бүтээн байгуулалт, хот тохижилтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлж хийхийг аж ахуйн нэгжүүдээс хүсэж байв.

 

 

Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тулгамдаж буй асуудлын талаар ч хэлэлцлээ. Тухайлбал, хотын төвийн барилгуудын нэг давхрын довжоог цэгцэлснээр явган хүний зам өргөснө гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгасан газарт тохижилт хийхдээ ногоон байгууламж бий болгох хүсэлт ч тавьж байв.

Энэ уулзалтаас гарсан санал, хүсэлт, гомдол, зөвлөмжийг нийслэлийн зүгээс үйл ажиллагаандаа тусгах, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа шийдэх Ажлын хэсэг байгуулах, томоохон бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх талаар талууд тохиролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Барилгын салбарыг хөгжүүлэх боломж хангалттай бий. Та бүхэн хотын эдийн засагт том нөлөө үзүүлж, хамгийн олон ажлын байрыг бий болгож байна. Ярилцсан асуудлуудаа шийдэх, гарсан санал санаачилгаа хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана” хэмээлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top