Өмнөговь аймаг дахь “Тавантолгой” ХК -ийн хувьцааг хууль ёсны өмчлөгч иргэдэд мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн хувьцааг нь хуурамч гэрээ хэлцлээр арилжиж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх баримт мэдээлэл, хэргийн материал, хуулийн байгууллагын шийдвэрүүдийг хохирогч иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарт хүргүүлэхээ мэдэгдэн, мэдээлэл хийлээ.
Хувьцаа эзэмшигч иргэд нь шударгаар хөдөлмөрлөж бий болгосон өөрийн хөрөнгөөр “Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авч, 1998 оноос "Ажнай инвест” зэрэг брокер диллерийн ХХК-д данс нээлгэж, хувьцаагаа байршуулж үйлчилгээ авч байжээ. Гэтэл хохирогч иргэдийн хувьцаа байршиж байсан “Ажнай инвест” компани нь өмчлөгч нараас ямар нэгэн итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийж, хуурамч бичиг баримтыг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс бүрдүүлж, иргэдийн хувьцааг 4-5 дамжуулан арилжаалж ашигласан байна.
Ийнхүү анхан шатны жинхэнэ өмчлөгчийн зөвшөөрөл, бүртгэл баримтгүйгээр хуурамч арилжаанууд явагдаад “Ажнай инвест” ХХК-ны эзэн болох одоогийн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ болон К.Д.Романовский, С.Өлзийхишиг нарын дансанд орсон болох нь тогтоогджээ.
Иргэдийн зүгээс хувьцаагаа хууль бусаар алдсан уг үйлдлийг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандсанаар тус хорооноос Чингэлтэй дүүргийн ЭЦХ-тэй хамтран шалгалт явуулжээ. Шалгалтаар "Ажнай инвест" брокер диллерийн компанийн диллерүүд нь иргэдийн дансанд байсан хувьцааг өмчлөгч эзнийх нь итгэмжлэл, захиалгын гэрээгүйгээр, хуурамч арилжаагаар зарсан болохыг тогтоожээ.
Ийн хууль бусаар арилжаалагдсан 72 хэлцлийг хүчингүй болгож, гомдол гаргасан 23 иргэний үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээсэн тогтоолыг 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар гаргаж иргэдийн өмчлөх эрхийг сэргээжээ. Гэвч "Ажнай инвест" брокер диллерийн компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороог буруутган шүүхэд хандаж, хоёр шатны шүүхээр хэлэлцэж, иргэдийн талд шийдвэр гарсан ч хяналтын шат буюу Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна.
Тодруулбал, “Ажнай инвест” брокерийн компанид тухайн үед диллерээр ажиллаж байхдаа хуурамч арилжаа хийснээр яллагдагчаар татагдсан Ц.Эрдэнэбат, Д.Мөнхсайхан, Д.Батчулуун, Ю.Мэдрээ, Ц.Дэлгэр-Өрнөх нарыг хуурамч гэрээ хэлцэл хийсэн нь нотлогдож, буруутай байгаа ч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн, тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг аж.
Ингэж шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөгч, байцаагч, түүнд хяналт тавьсан прокурорууд нь илтэд байгаа нотолгоог санаатай орхигдуулж, хэргийн холбогдогч нарт ашигтай байдлыг бий болгосон байж болзошгүй гэдгийг эдгээр иргэд онцлов.
Өөрөөр хэлбэл, “Ажнай инвест” ХХК-ны өмчлөгч, ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өөрийн удирдлаганд ажилладаг хувийн компанийхаа ажилтнуудаар хуурамч гэрээ, хэлцэл хийлгэж, иргэдийн өмчилж байсан хувьцааг 4-5 арилжаа дамжуулсны дараа өөрийнхөө дансанд байршуулсан үйлдлийг дутуу шалгаж, гол холбогдогчийг тойрч үлдээсэн гэж үзэж байгаа аж.
Нэг иргэний алдсан хувьцааг өнөөдрийн ханшаар тооцоолж, биржид худалдвал 3.5 тэрбум төгрөгийн ханштай байна. Тухайн үед иргэд хувьцаагаа хууль бусаар алдаагүй байсан бол нэг жилд хамгийн багадаа 30 сая төгрөгийн ногдол ашиг авах ёстой байсан гэх тооцоолол гарч байна.
Иймэрхүү байдлаар өмчлөлийн хувьцаагаа алдсан иргэд Өмнөговь аймагт цөөнгүй байдаг бөгөөд дийлэнх нь гомдол гарган хөөцөлдөж, хууль шүүхийн байгууллагад хандаагүй орхисон байдалтай байгаа гэв.
Ийнхүү иргэдийн хувьцааг хууль бусаар дээрэмдэж, тэдний өмнөөс өнгөрсөн жилүүдэд ашиг хүртэн завшсан, онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт анхаарал хандуулж, “Тавантолгой” ХК-ийн хувьцааг Д.Бат-Эрдэнийн данснаас гаргаж, жинхэнэ өмчлөгч нарын дансанд буцаан байршуулах, мөн тус компанийн хувьцааг эзэмшиж байсан, хувьцаагаа алдсан Өмнөговь аймгийн иргэдийг бүртгэлжүүлэн, энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, хохирлыг нөхөн барагдуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн зүгээс мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Дорлигжав их олон асуудлаар шоронд орох болзлоо хангасан байна. яая гэхэв явж л таарлаа Багабандь бас холбогддог юм шүү
Дорлигжав их олон асуудлаар шоронд орох болзлоо хангасан байна. яая гэхэв явж л таарлаа Багабандь бас холбогддог юм шүү
Хуушаан авгай дэндүү томроод байсан одоо хог дээр ч гарлаал даа. Дашдэмбэрэл гэж огт холбогдолгүй хүний нэр бааснд хутгагдсаар олон жил болж байна.Энэ хүний нэрийг Хуушаан авгай заль зохиож Батэрдэнийгээ овоглосон Уг эцэг нь ”Улцан” хочит хүний их эмч Пунцагийн бутач хүү юм.Янхан авгайд олдсон нэр нь багш Дашдэмбэрэл юм
Хуушаан авгай дэндүү томроод байсан одоо хог дээр ч гарлаал даа. Дашдэмбэрэл гэж огт холбогдолгүй хүний нэр бааснд хутгагдсаар олон жил болж байна.Энэ хүний нэрийг Хуушаан авгай заль зохиож Батэрдэнийгээ овоглосон Уг эцэг нь ”Улцан” хочит хүний их эмч Пунцагийн бутач хүү юм.Янхан авгайд олдсон нэр нь багш Дашдэмбэрэл юм