Жижиг, буурай орнууд ХАМГААЛАЛТГҮЙ болох эрсдэл тулгарч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Сүүлийн үед их гүрнүүдийн геополитикийн ил, далд өрсөлдөөн эрчимжиж өөрсдийн геостратегийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор жижиг улс орнуудыг цэргийн хүчээр түрэмгийлэх хандлага гарч байгаа энэ цаг үед НҮБ сөргөлдөөнийг зохицуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх субъект болж чадахгүй байгаа нь хөгжиж буй орнуудын аюулгүй байдалд тулгарах аюул, эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэж Стратеги судлалын хүрээлэнгийн судалгаа тоймд дурджээ.

Манай улсын цэрэг-улс төрийн гадаад орчин эмзэг, тогтворгүй, хөрш орнууд төрийнхөө бодлогоор батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, шаардлагатай тохиолдолд хилийн чанадад өөрийн эрх ашгийг цэргийн хүчээр хамгаална гэдгээ аюулгүй байдлын бодлогын баримт бичгүүддээ тусгаж, улмаар хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүд авч байна.

Өдгөө дайн болон энх тайвны зааг ялгаа бүдгэрч, уламжлалт дайн болон тайван цагийн дундын цаг хугацааны орон зай удаан үргэлжлэх болсон бөгөөд үүнийг “саарал бүсийн
зөрчил” хэмээн нэрлэх болжээ. Технологийн хөгжилд тулгуурласан цэргийн бус тэмцлийн арга хэлбэр нь урд өмнө төсөөлж байгаагүй, аюул, занал учруулж, зарим тохиолдолд хүч хэрэглэх шинжтэй болсноор тайван байсан улс орныг богино хугацаанд дотоодын хямралд оруулж байна.

Үүнтэй холбоотойгоор нийгмийн сэтгэл зүйд шууд болон хиймэл оюун ухаанаар дамжуулан нөлөөлөх мэдээллийн дайны үүрэг роль нэмэгдэж, мэдээллийн давуу байдал олж авах явдлыг байлдааны ажиллагааны зайлшгүй нөхцөл хэмээн үзэх болжээ.

Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил нь жам ёсоор юуны түрүүнд цэргийн салбарт нэвтэрч байгаагаас үүдэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхий дахинд болж өнгөрсөн, одоо үргэлжилж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанарт томоохон өөрчлөлтүүд гарч байна. Ирээдүйн дайн, зэвсэгт мөргөлдөөнд хосолмол дайны шинж чанар давамгайлах төлөвтэй байна. Цаашид шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг нэвтрүүлсэн өндөр цэцтэй, хэт авианы буюу гиберсоник пуужин, дрон, роботик систем, робот, хиймэл оюун ухаан, лазер, төвлөрсөн энергийн зэвсгийн систем, кибер, мэдээллийн орон зайг сөргөлдөөнд өргөнөөр ашиглах төлөвтэй болов.

Аюулгүй байдлын шинэ бодлого, цэрэг-стратегийн шинэ сэтгэлгээ, шинэ санаа, технологи, зэвсэглэлийн өнөөгийн эрин үед орчин үетэйгээ хөл нийлүүлж чадаагүй улс дайнд ялагдах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл технологи өндөр хөгжсөн улс орнууд давуу байдлаа ашиглан бусдад хяналтаа тогтоож, харин жижиг, буурай орнууд бараг хамгаалалтгүй болох эрсдэл тулгарч байна.

Бидний хувьд цэргийн хэргийн онолын хөгжлийн өнөөгийн байдал, орчин үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанар, зэвсэглэл, техник, технологийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг судалж, нисгэгчгүй нисэх аппарат гэх мэт робот хэлбэрийн зэвсэг зохион бүтээх болон тэдний эсрэг тэмцэл явуулах технологийг хөгжүүлэх үндэсний боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, цэргийн сургалт бэлтгэлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн чанаржуулах, цэргийн тагнуул, кибер аюулгүй байдал, радио электрон тэмцлийн анги, салбаруудыг бэхжүүлэх шаардлага тулгарч байгааг судалгаанд дурдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xxx(150.129.142.135) 2023 оны 05 сарын 10

haha jijig buurai uls gej ymar yum ni gargaj irsen bol anh? xxx

1  |  0
Top