Газрын ховор элементийн судалгааны нэгжийг татан буулгаж, БНСУ-тай хамтарсан шинэ төв байгуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Засгийн газрын хуралдаанаар Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгажээ.  

Тодотгоход, уг төслийн нэгжийг байгуулах шийдвэрийг  2019 оны тавдугаар сард Засгийн газраас гаргаж байсан юм. Энэхүү төслийн нэгж нь газрын ховор элементийн геологийн судалгаа, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, судалгааны түвшинг дээшлүүлсний үндсэн дээр шинээр орд газруудыг тогтоож, Улсын эрдэс баялгийн санг арвижуулах, бэлтгэгдсэн орд газруудыг олборлох, хүдрийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгааны ажил гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр ажиллахаар байгуулагдаж байсан.

УУХҮЯ-наас Монгол Улсын “Газрын ховор элементийн хөтөлбөр”-ийг боловсруулж, 2020-2024 онд хоёр үе шаттайгаар 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  энэ  оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улс ховор элемент  нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурсан.

Санамж бичгийг байгуулснаар газрын ховор элемент нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор элементийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулахаар болсон юм.

Тэгэхээр БНСУ-тай хамтарсан төв байгуулахаар болсон тул 2019 онд байгуулсан судалгааны нэгжээ татан буулгажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр, Монголд Улс 3 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэй. Түүнчлэн эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртэх боломжуудыг ашиглах талаар яригдаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top