Ө.Уянга: Сайд маань “Эсэргүүцлийн цуглааныг зөвхөн уянгаагаар төсөөлж байна” гэсэн

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

“Өглөөний зочин”-ы энэ удаагийн дугаартаа Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянгыг урьж оролцууллаа. Түүнтэй соёл урлагийнхны цалин, тэдний эсэргүүцлийн талаар ярилцлаа.


-Таныг ДБЭТ-аас гарсан гэсэн чинь энд бэлтгэл хийж байх юм?

-Дуурийн театраас ер нь бол гарчихсан байгаа. Бид чинь тамирчид шиг байнгын бэлтгэлтэй байдаг. Би бас энэ сарын 23-нд гадагшаа явж “Тоска” дуурьд дуулах гэж байгаа юм. Тиймээс хувийн бэлтгэлээ сайн хийж байж явахгүй бол очоод шууд л тайзан дээр гардаг.

-Театраасаа чухам ямар шалтгаанаар гарчихсан юм бэ?

-Театраас гарсан шалтгаан болохоор намайг ажил тасалсан гэж үзсэн. Түүнийгээ байгууллагын дотоод журмын хүрээнд халж байна гэсэн тайлбарыг хийсэн. Халагдахаасаа өмнө нь би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн байсан. Харин өргөдлийн маань хариуг өгөлгүй явж байснаа намайг ийм шалтгаанаар гэнэтхэн халсан. Тийм болохоор хууль бусаар ажлаасаа халагдсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан. Би чинь өмнө нь ямар нэгэн байдлаар ажил төрлөө цалгардуулах, таслах зүйл гаргаж байгаагүй юм шүү дээ.

-Шүүхийн процесс нь ямар шатанд яваа вэ?

-Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна.

-Өнгөрсөн долоо хоногт соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлагыг харьяа яамандаа гаргаж, жагсаал хийсэн. Энэ талаараа дэлгэрүүлж ярина уу?

-Манай соёл урлагийн салбарынхан ийм бага цалинтайгаар маш олон жил явж ирсэн.

Энэ бүх хугацаанд нийгмийн байдал маань өвчин зовлон, эдийн засгийн уналт гээд олон зүйлийг тууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ энэ хугацаанд хэрхэн нэмэгдэв. Гэтэл энэ бүх зүйл болоход цалин маань яг л хэвээрээ байсан. Дээрээс нь улс оронд нөлөөлсөн ковидын дараах эдийн засгийн энэ уналт урлагийн салбарынханд маш хүчтэй нөлөөлсөн. Бид одоогийн цалингаараа долоо хоног амьдрахад ч хэцүүхэн болсон. Дээрээс нь манай соёл урлагийн салбарынхны тэтгэвэр маш бага мөнгөөр тогтдог. Тиймээс энэ асуудлуудыг эмхэлж, цэгцэлж өгөөч гээд урлагийн салбарын ажилтнууд маань тэр чигээрээ жагсаж салбар яамандаа шаардлага хүргүүлсэн. Түүнээс биш ганцхан Дуурийн театр, ганцхан Уянга үүнийг толгойлоогүй. Бүхэлдээ салбараараа ийм асуудал байгаа учраас бүгдээрээ нэгдээд ийм зүйлийг хийсэн.

-Та одоо хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?

-Нийгмийн даатгал, шимтгэлүүдээ төлөөд 800 хүрэхгүй мянган төгрөг л авдаг.

-Соёлын сайд та бүхний хүсэлтийг хүлээн авч, үе шаттайгаар цалинг нэмнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл та бүхний зүгээс энэ нь хэр биелэх боломжтой гэж харж байна вэ?

-Сайд маань өөрөө хэлэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу хамгийн бага байгаа соёлын салбарынхны цалинг нэмэгдүүлэх талаар маш олон хүсэлтийг Соёлын яамнаас явуулж байгаа. Одоо энэ жагсаал цуглаан, та бүхний нэгдэл чинь хүчтэй нөлөөлөх байх гэж бодож байна, би та нартай хамт байна гэсэн. Тиймээс бид яамныхаа ажлыг хараад л сууна. Цалингаа нэмэгдэх байх гэж найдаад л байж байна.

-Шууд нэг яамны сайд нэмнэ гээд нэмчих улсын боломж нь хэр байгаа юм бол?

-Боломжтой болоод л бусдынх нь цалин нэмэгдсээр байгаа байлгүй дээ. Ганцхан манай салбарын цалинг нэмэх гэхээр боломжгүй гэхгүй байх л гэж бодож байна. Тэгж урдаас нь гарсан хүүхэд, хойноос нь гарсан хүүхэд гэдэг шиг үзэхгүй байх л гэж найдаж байгаа.

-Соёл урлагийн салбарынхан гэхээр хүмүүс тайз, дэлгэцээр олонд танигдсан цөөн хэдэн хүнээр төсөөлөөд байх шиг байна. Танай салбарт, Дуурийн театрт хэчнээн хүмүүс ажилладаг вэ. Цалин, урамшуулал нь хэр байдаг вэ?

-Үнэхээр зөв асуулт байна. Сайд маань “Энэ сэргүүцдийн цуглааныг зөвхөн Уянгаагаар төсөөлөөд байна” гэж хэлсэн. Гэтэл тийм юм байхгүй. Хүмүүс буруу ойлгоод байгаа юм. Ганцхан Дуурийн театраар жишээ авахад л энэ дотор чинь бүхэл бүтэн үйлдвэрлэл явагддаг. Хувцас, тайз, жижиг хэрэгслийн үйлдвэрлэл, манайд гуталчин, оёдолчин хүртэл бий. Нэмээд маркетинг, захиргааны албаныхан, үйлчилгээний албаныхан гэж байгаа. Үзэгчид ороод ирэхэд “Сайн байна уу” гээд мэндлээд суудлыг нь зааж өгөөд байж байдаг хүмүүс, гэрэлтүүлэг, найруулагчийн багийнхан, балет, уран бүтээлчид гээд 300 гаруй хүн ажилладаг. Зөвхөн би ажилладаг юм биш шүү дээ. Зарим хүмүүс намайг нэлээд буруутгаж байгаа харагдсан. Би Соёл урлагийн их сургуулийг төгссөн цагаасаа хойш 20 жил хөдөлмөрлөсөн.

Өөрийгөө хүмүүст таниулахын тулд хувиараа уран бүтээл хийж, Дуурийн театртаа цалингаа голохгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Миний гадуур явж дуулах болсон шалтгаан бол би маш их хөдөлмөрлөсөн хүн. Хөдөлмөрийнхөө үр шимийг л хүртэж байгаа юм. Намайг хүмүүс урихаар зүгээр очоод дуулж өгөөд байхгүй. Мэдээж өөрт заяасан хоолой, өөрийн хөдөлмөрөө үнэлэх хэрэгтэй. Үүгээрээ л би амьдардаг. Түүнээс биш алт эрдэнэс ухаагүй, элдэв сангуудыг цөлмөөгүй. Энэ бол цэвэр хөдөлмөрөөрөө босгосон миний л амьдрал. Харин би өнөөдөр 7000 мянган соёл урлагийн ажилтны өмнөөс дуугараад байгаа юм. Ажил, амьдрал нь дээшлээсэй, цалин нь нэмэгдээсэй, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг систем тогтоосой гэсэндээ л өнөөдөр ингэж үгээ хэлж байна. Ихэнх нь мэргэжилдээ дуртай, хайртай учраас чимээгүйхэн хөдөлмөрлөсөөр байгаад өнөөдөр тартагтаа тулсан учраас л дуу хоолойгоо нэгтгэсэн. Үүнийг маань нь ч гэсэн яам хүлээж авсан. Биднийг төлөөлөхөөр болсон Удирдах зөвлөлийн 5-6 хүн маань даваа гараг/өнөөдөр/-аас очиж уулзаад, ажил төрөлдөө орцгоох байх. Ямар ч байсан үр дүнд хүрэх байх гэж бодож байгаа.

-Урлагийн менежментийг өөрчлөх, хувьчлах шаардлагатай гэсэн ярианууд их гарлаа. Мэргэжлийн урлагийн байгууллагуудаа хувьчилж болдог уу. Ингэсэн тохиолдолд ямар ахиц дэвшил гарах юм бэ?

-Монгол хүнийг үндэснийх нь урлаггүй, соёл урлаггүйгээр төсөөлөөд үз дээ. Тэгэхээр бидэнд ямар ч дархлаа үлдэхгүй. Өнөөдөр Америкт амьдарч байгаа монголчууд маань хүүхдүүдээ урлагаар л дамжуулж монголоор нь үлдээж чадаж байна. Бусдаар тэр хүмүүс Америк соёл дунд амьдарч байгаа. Бид ч гэсэн эх орондоо гадаад соёлоор л амьсгалж байна.

Үүний чинь дархлааг авч үлдэх зүйл нь соёл урлаг. Харин үүнийгээ бүгдийг нь хувьчилчих юм бол том гүрнүүдийн ам руу зүгээр л өөрсдөө гулгаад орчихно. Цагаан тугаа өргөөд, хэлээ унжуулаад бууж өгч байна гэсэн үг. Ийм л аюултай зүйл. Соёл урлаг гэдэг чинь монгол үндэстэн, ястны дархлаа байхгүй юу. Тэгэхээр мэргэжлийн урлагийн байгууллагуудаа хэзээ ч хувьчилж болохгүй. Харин яам, тамгын газартай болсон дээрээ хэл амаа ололцоод биесээ дэмжээд дотор нь менежментийнх нь өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бүтцийг нь зөв зохион байгуулж, улс нь бодлогоо явуулах ёстой. Монголыг бүр илүү дэлхий рүү гаргаж болох вэ гэдэг зүйлийг л хийх хэрэгтэй шүү дээ.

-Мэргэжлийн урлагийн театруудын даргаар дуучин, жүжигчин хүмүүс томилогдоод л, тэд нь зөв удирдлагаар хангаж чадахгүй нь ийм яриа үүсэх нөхцөлийг бий болгоод байна уу даа гэж харж байгаа. Сайн менежер, урлагийн менежментийн чиглэлийн хүмүүсийг даргаар нь тавьж болдоггүй юм болов уу?

-Бид өнөөдөр ийм л зүйл хүсээд байгаа юм. Гэвч энэ чиглэлийн мэргэжлийн хүн нь их цөөхөн, дутагдалтай байдаг гэж байна лээ. Дарга нь заавал бүжигчин, дуучин, урлагийн хүн байх албагүй. Соёлд маркетинг хийдэг л хүн байх хэрэгтэй.

-Соёл урлагийн салбар хүний нөөцийн хомсдолд ороход бэлэн болчихсон гэдэг нь хэр үнэн бэ?

-Бусад салбарыг бодоход маш нарийн нандин зүйл ихтэй. Удирдлага, уран бүтээлчид нь мэргэжлийн, нарийн мэргэшсэн баймаар байна. Харин яагаад хүний нөөцгүй болоод байна вэ гэхээр нэгдүгээрт, цалин бага учраас л гадаад руу дуулахаар, хөгжимдөхөөр явчихна. Тийм болохоор төрөөс бодлогоор удирдах хүмүүс, маркетингийн нь сургаад өгөх хэрэгтэй. Үүнийг бүр бодлогоор авч үзэх ёстой юм. Тэгж байж соёл урлаг маань сэргэнэ. Энэ л ажлыг яам хийх байх гэж найдаж байна. Хийгээсэй гээд бид бүхий л саналаа өгсөн.

-Та бүхэн тавьсан шаардлагадаа тодорхой хугацаа заасан уу?

-Өргөх бичигтээ энэ сарын 31 гэсэн хугацааг зааж өгсөн.

-Тэр үед тодорхой шийдвэр гаргахгүй бол яах вэ?

-Гарах байх, яам маань ажиллаад эхэлсэн байна гэж ойлгосон. Биднээс болон бусад уран бүтээлчдээс санаа бодлыг нь сонсоод эхэлсэн байна лээ.

-Соёлын яамтай болсноос хойш манай салбарын энэ нь нэг арай гайгүй болсон доо гээд нэрлэх зүйл байна уу, танд?

-Одоо л харагдах болов уу. Театртаа ажиллаж байх үед үнэхээр тэгсэн юм бол алга байлаа. Одоо л хонгилын үзүүрт гэрэл асаж байна гэж харж байгаа.   

-Жагсаалын үеэр зарим уран бүтээлчид наадмын нээлтэд оролцохгүй гэж мэдэгдсэн. Таны хувьд бол олон жил Монгол төрийн наадмын нээлтэд оролцсон. Нээлтэд оролцлоо гээд нэмэлт урамшуулал олгодог уу?

-Энэ чинь нөгөө л 800 орчим мянган төгрөгийн цалин дотроо багтаж байгаа, хийх ёстой ажил л гэж явдаг. Улсынхаа ажлыг хийж байна гэж бидэнд хэлдэг байсан. Сүүлийн үед уран бүтээлчдийн гаргадаг гомдол юу вэ гэхээр наадмын нээлтэд зориулж тэр их төсөв гаргачихаад уран бүтээлчдийнхээ гар дээр ирдэггүй. Дээгүүрээ л тараад алга болдог. Бид чинь нойр хоолгүй тэнд бэлдэж байгаад л гарч тоглодог. Нэмэлт урамшуулал огт авч байгаагүй.

-Таныг энэ жил наадмын нээлтэд дуулаач гэвэл дуулах уу?

-Бидний асуудал яаж шийдэгдэх юм байгаа юм. Дээрээс нь бид чинь ямар айл гэр болж тоглож байгаа биш дээ. Бүхэл бүтэн улс маань яаж шийдэх нь үү, тэрийг нь харна. Жагсаалд оролцсон хүмүүс маань ч ингэж хэлсэн.

-Монголын урлаг, сонгодог урлагийн олон сайхан төлөөллүүд дэлхийд авьяасаа үнэлүүлээд явж байна. Танд ч гэсэн өмнө нь гаднаас урилга ирж л байсан. Гэсэн хэдий ч яагаад Монголдоо ийм бага цалинтай 20 жил ажиллах болсон юм бэ?

-Хүний хувь заяа юм уу даа. Боломж мэдээж байсан. Дэлхий рүү илүү их амбицтай хандалгүйгээр театрынхаа алтан тайзан дээр 20 жил ажилласан байна. Анхнаасаа л сонгодог урлагийг хүмүүст илүү их таниулах юм сан. Олон хүн үздэг болгох сон гэж зорьж, бодож явсаар ирсэн. Гэвч ганцхан Уянга хийгээд болчихдог зүйл биш юм байна. Бодлогоор боловсролын системтэйгээ сонгодог урлагийг уялдуулаад өгчихвөл ирээдүйнхээ үзэгчийг бэлдэнэ.

Мөн монгол хүнийхээ дархлааг авч үлдэж байгаа юм. Еврей хүүхэд, еврей ээжийн сургаал гээд л яриад байдаг шиг монгол хүн, монгол хүүхэд нэг нь ч гэсэн сонгодог урлагийн театр орж үзэж, морин хуураа тоглоод сурчихсан байдаг зүйлийг хүссэн учраас л хориод жил театртаа ажилласан. Гэхдээ одоо ч гэсэн шантраагүй л яваа. Удахгүй сайхан болох байх. Хүмүүс одоо нэг анхаарсан дээр нь урлаг ямар их хэрэгтэйг ойлгуулах юм сан гэж бодож байгаа. Боловсрол, эрүүл мэнд, спорт, шинжлэх ухаантайгаа яг л адилхан чухал зүйл шүү дээ. Тэр нь сайн, энэ нь муу гэж хойно урд нь гаргах боломж байхгүй. Өнөөдөр чинь анагаах ухаан хөгжмөөр стресс, хүний өвчнийг хөгжмөөр эмчилнэ гэж ярьж байна шүү дээ. Тиймээс бүхий л зүйлд урлаг хэрэгтэй. Өдөр тутам хэрэглэж байгаа талх, ус, агаар мэт хэрэгтэй гэдгийг л ойлгоосой гэж хүсэж байна.      

-Олон уран бүтээлчид гадаадад гарч, хар ажил хийж байгаа тухайгаа цахим орчинд бичсэн байсан. энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Тэгэлгүй яах вэ дээ, бидний бүтэн сар хоолойгоо сөөтөл дуулж, ажиллаж байж олдог цалинг хэдхэн хоногт олж байна. Тийм болохоор хүн боломж нь гарвал явалгүй яахав. Яаж ийгээд таван төгрөг илүү олж ирээд энд байгаа үр хүүхдүүддээ зарцуулахыг бодно. Явсан хүмүүс маань биднийг дэмжиж их бичиж байна. Энэ нь ч зөв. Алдаа дутагдлаа засаж авах гээд байна шүү дээ. Буцаж ирээд ажиллахад нь цалин нь нэмэгдээд, нийгмийн хангамж нь сайжирчихсан байвал энэ театр чинь буцаад л уран бүтээл оргилоод, соён гэгээрүүлээд л явна. Тийм болгохыг л хүсэж байна.

-Цахим орчинд таны хүүхдийг мөн гадаадад хар ажил хийж байгаа гэж бичсэн байна лээ?

-Яагаад болохгүй гэж, би албаар тавьсан юм. Миний хүүхэд худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй. Би эрэгтэй хүүхдүүдэд жаахан хатуу ханддаг. Явж хөлсөө урсгаж сурах хэрэгтэй. Ээж нь яаж мөгөөрсөө сөөтөл дуулж байж өсгөснийг ойлгог. Ээж нь дуулсаар байгаад өв хөрөнгө үлдээж чадахгүй учраас тархинд нь боловсрол хийгээд өгсөн. Түүнийгээ ашигла, гараа хөдөлгө, хөлсөө гарга. Тэгээд үр шимийг нь хүрт гээд явуулсан. Түүнээс биш би хажуудаа толгойг нь илээд, ам руу нь хоолыг нь барьж өгөөд байж болохгүй. Тэгэх чадал ч алга, цалин маань ч хүрэхгүй шүү дээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batbileg Sanjaa(64.119.29.144) 2023 оны 05 сарын 26

Авьяастай чадварлаг дайчин эмэгтэй шүү. Хүндэлж явдаг.\nИлүү их амжилт хүсье!

0  |  0
Иргэн(64.119.25.5) 2023 оны 05 сарын 26

Бид урлагийн ялангуяа дуурь, балетын хүмүүсээ дэмжих хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.55.188.104) 2023 оны 05 сарын 26

ЁСТОЙ МУНДАГ БҮСГҮЙ ХҮҮХДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЖ БНА АМЖИЛТ

1  |  0
зочин(176.200.158.99) 2023 оны 05 сарын 25

зөв!\nМаш ухаантай мундаг хүн юм!\nАмжилт хүсье

0  |  0
зочин(176.200.158.99) 2023 оны 05 сарын 25

зөв!\nМаш ухаантай мундаг хүн юм!\nАмжилт хүсье

0  |  0
zochin(192.82.81.7) 2023 оны 05 сарын 25

uslere radio stnazar humuus tarhi shataj aldagin genlee shuu

0  |  0
zochin(192.82.81.7) 2023 оны 05 сарын 25

uslere radi stanza humisg egmetlj asan etegd reket abagi balair muuahi jinger tee

0  |  0
Зочин(103.10.23.141) 2023 оны 05 сарын 26

Зохиолын дуучид,хошин шог бол тэнэглэл сальж нийлсэн хүмүүс л байдаг Харин хамгийн том соёл бол дуурь үзэх шүү үзээд байхаар амтандан очихдог юм шүү\n

1  |  0
W(139.5.216.214) 2023 оны 05 сарын 25

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
ds(202.21.108.10) 2023 оны 05 сарын 24

baidag bugdiigee huvichilaad l bh shig unendee baylagaa ch gadaad dotoodiin heden zalituudad huvichilaad ugsun ym bish uu? ene 2 udriin tsas shuurganaar malchid mani ymar ih gamshigt urtuv? ene bas l huvichilsnii gai bish uu ? niigemd buhnee huvichilah asuudald bidnii mongolchuud tolgoi n hurehgui bndaa !zuvhun huvia bodoj uls niigemee oriih gesen aguulgaar l handaad shig !

0  |  0
зочин(43.242.242.6) 2023 оны 05 сарын 24

бусад яам мэргэжлийн чиглэлээр нэмэгдээгүй л байгаа шүү бас барьцах санаатай эхний ээлжинд эмнэлэг ерөнхий боловсролын байгууллагын цалинг нэмэх хэрэгтэй урлагийн салбараас тайз гэрэл гэх мэт ар талын албаны цалинг эхний ээлжинд нэмэх нь зөв дуучид бол халтуур хийг харин болож цагийг ньгаргаад өгчих за тэгээд уянга мэт нь нам дагаад л салбаганаад болдог доо

0  |  0
Зочин(103.212.119.193) 2023 оны 05 сарын 26

Ардчилал гэж амьдоал дээр байдагүй бололтой харин ардчилал гэсэн лоозон л байдаг бололтой .

2  |  0
Уншигч(66.181.190.195) 2023 оны 05 сарын 26

Дэмжиж байгаа шүү, төрийн дэмжлэг, бодлого зайлшгүй чухал. Дэндүү бага цалин орлоготой

2  |  0
Is(103.229.120.134) 2023 оны 05 сарын 24

Cwsdaa ta nr iimhen yumc oilghq bh gj... urlag soyl hend heregtei yum gsn bodoltoigoo l ywna uu tiim yum bol amandaa duu aylahgvi nasiig tuulaad vz l dee!

3  |  1
Оз(66.181.161.93) 2023 оны 05 сарын 25

Та нарын хэрэг ер алга

0  |  5
Zochin(66.181.161.190) 2023 оны 05 сарын 24

Tiim bol yah gej toruulsn yum,neeh reklam,ene neg urlagiinhn gej nogoo urlagiin burhanni aij zochmor zz

1  |  3
МОНГОЛ(43.242.242.140) 2023 оны 05 сарын 25

ЛАМ, БӨХ , ДУУЧИДААР МОНГОЛ ДҮҮРЛЭЭ.

1  |  4
зочин(64.119.23.123) 2023 оны 05 сарын 24

зөв хүүхдүүд өөрсдөө л хоолоо олж идэг би ч ийм зарчим баримтална

4  |  2
Top