Торгон хилд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй залуусын амьдралын эхлэл "ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБА"

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 28

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0285 дугаар ангийн "Шилдэг гэрээт" алба хаагч Э.Цолмонхүүгийн сэтгэгдлийг хуваалцлаа. 

Тэрбээр "Хилийн алба миний бага насны мөрөөдөл байсан. Хугацаат цэргийн албаа Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Гурван хүүхдийн заставт хаасан.

Үргэлжлүүлэн хилийн албанд орох их хүсэлдээ хөтлөгдөн Гэрээтийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Ийнхүү өөрийн төрсөн нутаг болох Монгол Улсын баатар Х.Дамбын нэрэмжит Хилийн цэргийн 0285 дугаар ангид улиран орж, торгон хилд үүрэг гүйцэтгэх нэр хүндтэй албыг хашиж байна. Ажиллах хугацаандаа хоёр удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлэн таслан зогсоож, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсандаа бахархалтай байдаг.

Тэр ч утгаараа 2022 онд хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ ангийнхаа "Шилдэг гэрээт" алба хаагч болсон. Түүндээ урамшиж, цаашид хилийн цэрэгтээ ухамсарт амьдралаа зориулахаар сэтгэл шулуудсан юм. Цэргийн алба хаагч болох чин хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлье гэсэн гал цогтой залуусаар Хилийн цэргийн 0285 дугаар анги хүрээгээ тэлсээр байна.

Манай ангийн гэрээт цэргийн алба хаагчдын дунд спортын нэг, хоёрдугаар зэрэг, мастер цолтой, гадаад хэлний мэдлэгтэй, цахилгаанчин, хүнд машин механизмын жолооч, барилгын инженер, компьютерын программист зэрэг мэргэжилтэй залуус байгаа бөгөөд Хилийн цэрэгт нэн шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлж байгаа гэж би боддог.

Хугацаат цэргийн алба хаасан улсын торгон хилд үүрэг гүйцэтгэх чин хүсэлтэй залууст гэрэлтэй амьдралын эхлэл гэрээт хилчний алба" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top