Марзан 76

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Аливаа зүйлийн PR хэтэрвэл  оноо цуглуулах бус өвдөг шороодох энүүхэнд. Тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын зарим гишүүний үг, үйлдэл, зураг хөргүүд  хошин үзүүлбэр үү хэт хэлбийжээ. Ерөөсөө төрийн ажил хэрэг сүүлийн үед маазрал руу яваад байна, нийгмээрээ маазарч байна гэдгийг үүнээс өмнө ч бичиж байсан. Энэ удаа ч сэдэв хөндөхөөс аргагүй нь.

Баянхонгорт АН-ын хоёр гишүүн хөтлөлцөн малчдаар тойрч явна.Торгон дээлтэй тоосон дээр хөрвөөж, чулуу сандайлж, сонгогчдынхоо өмнө өвдөг бохирч, тамхилж янз бүрээр л патиараа татуулж цахим орчинд цацжээ. Эгэл боргилын туйл болсон хоёр гишүүн гэж хэлүүлэх хүсэлтэй тэд  зарим айлд хонь хариулж, үнээ сааж өгсөн ч юм бил үү, хэн мэдлээ. Удахгүй тийм зургууд цацагдах биз. Нийслэлээс сонгогдсон зарим гишүүн  киноны гол дүрийн жүжигчин аятай авирлаж явна.

Гэр хорооллын хүнсний дэлгүүрийг хэсэж, хотын гудамжийг “метрлэж” юм юм л болж яваа харагдана. Мөн л зураг хөрөг нь цаг тутам сошиал орчинд цацагдаж байна. Гэтэл бас өөрөөс нь зугатааж байгаа иргэдийнхээ хойноос элдэж яваа нь ч байна.Тойрогтоо очих нүүргүй, иргэд нь асууж сураглаад байхад нуугдаж, бултаж  байгаа гишүүд ч байх юм. Юу ч гэмээр юм бэ дээ, ийм хүмүүсийг маанаг 76 гэх үү, марзан 76 гэх үү. Монгол төрийн ажлыг нэг ийм хөнгөн маазрал, марзан хэлбэр рүү л оруулж болохгүй юм сан.

Уг нь бол 76 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойрогтоо хэлэлцүүлэх үүрэг аваад явцгаасан. УИХ-ын чуулганаар ҮХӨ-ийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тиймээс намын бүлгээс эхлээд байнгын хороод, УИХ-ын чуулган хуралдахгүй байгаа. Энэ хооронд гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохыг дэмжих, эсэх талаар иргэдийн саналыг сонсох ажилтай яваа. Түүнээс “жүжиг тогло”, элдэв дүр бүтээ гэж үүрэг өгөөгүй байлтай. Эсвэл жүжиглэ, дүр бүтээ, уйлуул, инээлгэ, галзуу юм шиг бай, эцсийн зорилго нь 126 гэсэн тоог зөвшөөрүүлээд ир гэж намын бүлгүүд нь үүрэг өгөөгүй баймаар.

Өмнө нь Засгийн газраас оруулж ирсэн ҮХӨ-ийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй. Гишүүд тойрогтоо очиж загнуулж, шүүмжлүүлэн буцаж ирцгээсэн. Дараа нь парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэнээр  дахин тойрогтоо очиж очиж иргэдийн саналыг асууж ирэхээр мордоцгоосон. Одоогийн байдлаар гишүүд “Иргэд 152 арай олон байна, 126 байхад болох юм гэсэн” гэх хариуг  эхнээсээ ирүүлж байгаа сурагтай. Мөн сонгогчид ҮХНӨ-ийн төсөлд бус цалин тэтгэвэр нэмж, үнийн өсөлтийг хазаарлах талаар арга хэмжээ авах шаардлагыг тавьж байгаа нь ч дуулдаж байна. Иймээс Засгийн газраас ирэх долоодугаар сард төсөвт тодотгол хийхээр судалж байгааг Сангийн сайд саяхан  мэдээлсэн. Гол нь марзаганаж байгаад асуудал шийдүүлнэ гэж байхгүй. Үүнийг УИХ-ын дарга гишүүддээ сануулмаар байна аа. Маазрал чинь оюуны хоосрол руу хөтөлнө шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.139.223) 2023 оны 05 сарын 29

Tegeed ya ged bgaan bee.Toirogruu yabhgui bn gej eldbeer buruutgah yabhaar ni yablaa ochloo gej muulah\nDenduu ih harluulj muuldag ajiltai gej boddog umu haashain.umnii dundajiig olj surmaar bn shuu

0  |  0
Top