Т.Алтантуяа: Монгол кинонд сэдвийн шинэчлэл хийх цаг ирж байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Найруулагч, продюсер Т.Алтантуяатай кино урлагийн салбар дахь асуудал, шийдлийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээл гэсэн улиг болсон асуултаар ярилцлагаа эхлэх­гүй ээ. Түүний оронд танай салбар хэр их асуудалтай нүүр тулж байгаа талаар асууя. Хаа сайгүй л авлига хээл хахууль, төсөв тоносон асуудал яригдах бол­лоо. Танай салбарт ийм асуудал бий юу?

-Цаг үеэ олсон асуулт байна. Бүх л салбарт асуудал байсаар ирсэн, байсаар байгаа. Манай улс Соёлын яам, Кино урлагийн зөвлөлтэй болоод удаагүй байна. Одоогоор авлига хээл хахууль кино урлагийн салбарт байхгүй гэж хэлж чадна. Кино урлагийн сан ч шударга зөв л зарчмаар ажиллаж байгаа. Каннын кино наадамд 2022, 2023 онд дэргэдээс нь харж, хамт ажилласан хүний хувьд их зөв зохион байгуулалттай, сайн ажиллаж байна гэж харж байгаа.

-Та кино урлагийн сангийн төслийн уралдаанд оролцсон уу. Ямар нэгэн дэмжлэг авсан уу. Шуудхан асуухад Ч.Ундрал, Ч.Номин хоёртой найз уу?

-2022 оны уралдаанд манай “А-Артист” ямар ч төсөл өгөөгүй бас аваагүй. Ч.Ундралыг нэг салбарын уран бүтээлчийн хувьд танина. Ямар нэгэн кино болон уран бүтээлд хамтран ажиллаж байгаагүй. Ч.Номин сайдтай 2022 оны Каннын кино наадмын үеэр анх танилцсан. Өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй. Товчхондоо би энэ хоёр хүнтэй найз биш. Ер нь Соёлын яам анх удаа л ийм урт хугацаанд тууштай ажиллаж эхэлж байна шүү дээ. Өмнө нь дандаа л нэг яамны хавсарганд явж ирсэн. Тэгэхээр асуудал овоорсон байх нь тодорхой. Сайд ямар илбэчин биш дээ. Бүх асуудлыг нэг дор сайхан болгох боломжгүй. Харин ч судлаад, бодлогоо боловсруулаад зөв л ажиллаж байна гэж хардаг. Кино урлагийн зөвлөл ч мөн боломжийн гишүүд сонгосон, богино хугацаанд сайн ажиллаж, урагшилж байгаа.

-Манай монголчууд ч цаанаа ямар нэгэн ашиг сонирхолтой болохоороо л хэн нэгнийг, ямар нэгэн байгууллагыг дэмжиж, “хайрладаг” улс шүү дээ. Надад ч бас тийм хар төрөөд байна л даа. Сонгууль ч дөхчихлөө?

-За би л лав сүүлийн жилүүдэд ямар ч сонгуульд ажиллаагүй, ямар ч нэр дэвшигчийг магтаагүй шүү. 2012, 2016, 2020 онуудад сонгуулийн үеэр дандаа киноны ажилтай л гүйж явсан.

-Яагаад. Та тийм баян хүн үү. Эсвэл танд санал ирээгүй юм уу?

-Би баян хүн биш л дээ. Монголд урлаг дагаад баяжсан хүн хэд байдаг билээ дээ. Саналын хувьд нэлээд олон ирсэн. Тэдгээр саналын дунд хувийн телевизтэй болох, ах дүү, хамаатан саднаа ашигтай газарт ажилд оруулах гэх мэт янз бүрийн л зүйлс багтсан байсан. Шулуухан хэлэхэд, төрд гарахаараа бүгдээрээ адилхан хулгайч, луйварчид болчихдог хүмүүсийг “энэ нь арай гайгүй хулгайлах байх шүү” гэж магтаж чадахгүй учраас тэдгээр саналаас татгалзсан даа.

-Урлагийнхан их хэмжээний мөнгөн дүн л сонсвол юу ч хамаагүй хийдэг гэдэг сэтгэл зүй нийгэмд тогтчихсон шүү дээ. Энэ нь ч оргүй зүйл биш. Харин та татгалзаж чаджээ, сайн байна. Эхний асуултаа давтан асууя. Танай салбарт ямар нэгэн асуудал байна уу?

-Асуудал бол байгаа. Хамгийн том асуудал бол кино үзвэрийн бодлого. Манайхан киногоо бол яаж, ийгээд л хийчихдэг болсон. Харин үзэгчдэд хүргэж, зардлаа нөхөж, ашиг олно гэдэг л асуудал болчихоод байна.

-“Өргөө” кинотеатр Ц.Анандбазарынх, “Тэнгис” нь Сү.Батболдынх, “Зайсан хилл” А.Амарсайханых... “Юнивишн”, “Лүүк тв” хоёр МСS-ийнх. Та тойруулаад байлгүй шударга ярьж болох уу. Кинотеатруудад киногоо гаргахын тулд манай киночид авлига өгч, элдэв лобби хийдэг үү?

-Кинотеатруудад авлига байсан нь үнэн. Энэ нь захирал, удирдлагуудын түвшинд явагддаггүй, дунд шатандаа л байсан. Киноныхон ч өгч байсан. Бүгд л мэддэг, ярьдаг байсан. Кино гэдэг маш өндөр зардал, хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж байж бүтдэг урлаг шүү дээ. Тэгж хийсэн киногоо кинотеатрт гаргаж чадахгүй бол яах билээ. Гаргахын төлөө арга эвийг нь олохын тулд өгөхөөс, тохирохоос өөр аргагүй л байдаг байлаа. За тэгээд эрэгтэй менежертэй бол киноны эрчүүд найзална, хамт шоудна хүүхэндүүлнэ. Ингэж л киногоо гаргана. Сайн цаг дээр тавиулна. Ийм үе байсан нь үнэн.

-Ажиглаад байхад “Хувьсал”, “Фантастик” тэргүүтэй хоёр, гуравхан продакшны кинонууд л бүх кинотеатрын бүх цаг дээр хэдэн сарын турш “зоолттой” байж байх юм. Бусад нь 7-14 хоног гараад л буучихна. Үзэгчид үнэхээр тэдний киног л ингэж их үзээд байдаг юм болов уу. Эсвэл хүчээр киногоо үзүүлдэг далд лобби технологи байна уу?

-Үзэж ч байгаа байх. Үзүүлж ч байгаа байх.

-IPTV-нүүдийн асуудал бас хурцдаж байна. Үзэлтийн тоог маш их дардаг гэж сонсогдсон. Нэг хошин шогийн жүжигчин аудит оруултал бараг тэрбум төгрөг дарсан нь илэрсэн тухай ярьж байсан?

-Одоо харьцангуй цэгцэрч байгаа. IPTV-нүүд кино таталтын тоогоор мэдээ ирүүлдэг болсон. Техник технологи сайжирч, кино хулгайлах, нууцаар зарах, луйвардах зэрэг асуудал багасаж байгаа.

-Та сая Канн кино наадамд оролцож, монгол киногоо сурталчлаад ирсэн. Явсан газрынхаа сонин сайхнаас сонирхуулаач. Олон улсын киноны чиг хандлагад шинэ туурвил зүй ажиглагдав уу?

-Дэлхийн хамгийн нэр алдартай Каннын кино наадам энэ жил Франц улсын Канн хотод 76 дахь удаагаа болж өндөрлөлөө. Манайхны зарим нь хамгийн алдартай нь “Оскар” гэж бодож байж магад. “Оскар”-ын хувьд Америкийн кино академийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг ёслол. Харин Каннын кино наадам 14 хоногийн турш олон улсын шилдэг уран бүтээлчдийг нэг дор цуглуулж шилдэг кинонуудыг дэлгэн үзүүлж өрсөлдүүлэхээс гадна улс орноо, киногоо сурталчлан таниулах уулзалт үдэшлэг, сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж, кино худалдааны хамгийн том маркет ажиллуулдагаараа ихээхэн онцлогтой.

Энэ жил Канн түүхэндээ анх удаа дэлхийн хамгийн алдартай одуудыг нэг дор цуглуулж чадсанаараа гайхалтай сайхан болж чадсан. Монгол үзэгчдийн хэзээний танилууд болох Жонни Депп, Леонардо Ди Каприо, Роберт Ди Неро, Натали Портман, Оскарын эзэн Мишель Ёо гээд л... бүгд ирсэн. Мөн монгол киночид түүхэндээ анх удаа Монгол киноны өдөрлөг зохион байгуулж нөлөө бүхий улс орнуудтай хамтран ажиллах олон сайн гэрээ хэлцэл байгууллаа. Олон улсын киноны чиг хандлагын хувьд илүү өргөжиж хил хязгааргүй болж эротизм, зомби,  вампир... төрлүүд хүч түрэн орж ирж байна. Дэлхийн бүх улсын кинотеатрын үзэгчид их залуужиж байгаа тул тэдний хүсэл сонирхолд нийцсэн уран бүтээл туурвих шаардлага гарч ирж байна. Бүхэл бүтэн үе солигдож байна. Киноны сэдэв, жанр, хийц тал дээр маш сайн бодох, судлах, ажиллах, цаг үеэ оновчтой зөв мэдрэх хэрэгтэй болж байна даа.

-Кино наадамд оролцохоос гадна нэвтрүүлэг бэлтгэлээ гэсэн постыг тань уншсан юм. Ямар нэвтрүүлэг вэ?

-Тийм ээ, цуврал нэвтрүүлэг бэлтгэж ирлээ. Каннын кино наадмын даргаас эхлээд олон улсын нэр хүндтэй продюсер, найруулагч, кино шүүмжлэгч, дистрибютор... тэргүүтэй олон хүний олон өнцөгт ярилцлага, сурвалжилгыг нэвтрүүлэгтээ багтаасан. Тэд киноны өнөөгийн байдал, чиг хандлагын талаар гэх мэт Монголын киночдод хэрэг болох олон сайхан зүйл ярьсан. Энэ нэвтрүүлэгтээ кинотеатр болон IPTV-гийн төлөөллийг урьж оролцуулаад, сая надаас асуусан зарим асуултыг тань тэдэнд тавьж, үзэгчдэд нээлттэй хүргэе ээ.

-Сэдэв, жанр гэснээс “А-Артист пикчерс” цус сорогчтой кино хийсэн гэж сонссон. Би танаас зохиолоо яаж бичсэн бэ, ямар жүжигчид тоглуулсан бэ гэж асуухгүй ээ. Харин яагаад заавал цус сорогч, тэгээд бас хайр юм бэ гэж асуумаар байна?

-Цус сорогч бол дэлхийн кино урлагт топ сонирхолтой жанр байсаар ирсэн, одоо ч байгаа, ирээдүйд ч байсаар байх болно. Дэлхийд алдартай Том Круз, Брэд Питт, Жонни Депп, Киени Рийвз, Моника Беллучи нарын тоглосон алдартай кинонууд ч олон байна. Тэд яагаад цус сорогчтой кинонд ийм олуулаа тоглосон юм бол. Яагаад гэвэл үзэгчид нь дэлхий даяар бэлэн байна. Энэ төрлийн киног сонирхох үзэгчдийн тоо улам залуужиж, улам өссөөр ирсэн учраас тэр. Үүнийг дагаад ашиг орлого их олдог. Монголын кино урлагт өнөөдөр сэдвийн шинэчлэл хийх цаг нь ирсээн.

Алийн болгон эх орон, нутаг ус, эцэг эх, шорон гяндан, элдэв зовлон, эсвэл маазрал хошигнол хийх вэ дээ. Үзэгчид нь ч энийгээ л үздэг, киночид нь элдэв инфлүүнсэрт мөнгө өгч хүчээр магтуулдаг. Уран бүтээлчид нь ч энэ хэдэн сэдвийг тултал мөлжсөөр байгаад цайсан яс шиг болчихоод удаж байна. Арай өөр төрөл жанр, сэдэв оруулж ирэхээр бас хүлээж авдаггүй. Шинэ жүжигчид гаргаж ирэхээр кино болгон дээр байдаг хэдэн жүжигчдээ нэхээд үгүйлээд байдаг. Ингээд ерөөсөө урагшлахгүй байна аа, үнэндээ. Тэгээд болоогүй ээ, манай жүжигчид маш ур чадвартай, монгол кино хөгжиж байна гэж хоорондоо ярьж, бие биенээ худал хөөргөдөг. Хүнийг хөнөөх хамгийн аймшигтай зэвсэг бол цаасан малгай шүү дээ. Манайхан ингэж л биесээ “алж” байна. Яг үнэндээ, манайд тийм сайн жүжигчид тун ховор шүү. Угаасаа дэлхийд танигдсан ганц ч од жүжигчингүй улс шүү дээ.

-Одоо энэ үгийг тань өлгөж аваад таныг ч бас муулна даа?

-Ингэж хэллээ гээд намайг үзэн ядаж, муулах л байх. Гэвч одоо жаахан хөрсөндөө бууж, үнэнээ хэлэлцэж, кино наадам энэ тэрд очиж, юм үзэж, нүд тайлмаар байна. Бусад орны киног үзэж, зохиол, хийц, жүжигчдийнх нь ур чадварыг хармаар байна. Ер нь бид бүх зүйлийг мөнгөтэй холбож тайлбарладаг, алдаагаа хаацайлдаг, хойш тавьдаг шүү дээ. Асар их мөнгө гэнэт тэнгэрээс буугаад ирвэл би яг “алах” гээд байна гэсэн зохиолч, найруулагч, продюсерууд Монголоор дүүрэн байна. Хэн ч, ямар ч гайхалтай авьяас чадвартай байгаад хэзээ ч, бүр хэзээ ч нэг л өдөр бужигнуулаад, “алаад” тавьчихна гэж байхгүй шүү.

Кино урлаг бол үргэлж мөнхийн шинэчлэлд бэлэн байх, тасралтгүй суралцах, боловсрох, сэтгэх, тууштай зүтгэх салбар. Байгалийн ямар ч лаг өгөгдөл суурьтай жүжигчин өөрийгөө хөгжүүлж тэмүүлэл, зорилго, алсын хараагаа ухамсартай болоод онолтойгоор төлөвлөхгүй бол өчүүхэн амжилт дотроо гацдаг. Манай жүжигчдийн дүр бүтээх онол, арга техник их хоцрогдсон шүү. Нэг үеэ бодвол харин боломжийн продюсер компаниуд гараад ирсэн, гаднаас франчайз эрх аваад гадаадын уран бүтээлчид Монголд ирээд хамтарч хийдэг болсон.

Манай жүжигчдийг голсон тохиолдол олон бий. Царай зүс, бие бялдартаа анхаардаггүй, хэл усгүй, хоол олж идэх гол ур чадвараа хөгжүүлдэггүй, мөнгө л амлавал юу ч хамаагүй хийдэг, ихэнх нь дуулдаг, бүжиглэдэг, уран уншдаг, хөтөлдөг, PR хийдэг, хэрэгтэй хэрэггүй лайваар тасралтгүй бөмбөгдсөөр байгаад бараг бүгд инфлүүнсэр болчихсон. Тэгээд дүрийн санал ирэхээр хоолоо хийж, галаа түлж байгаад шууд ирээд жүжиглэх гээд байдаг. Зохиол, дүрээ уншдаггүй, судалдаггүй, ихэнх нь кино болон камерын талаар бараг ойлголтгүй, чанга орилоод л сүр үзүүлвэл мундаг гээд итгэчихсэн... гээд яриад байвал дуусашгүй олон асуудал байна.  Яг үнэндээ продюсер, найруулагчид арай гэж мөнгө олоод, бөөн юм болж байж зохиолоо гаргасныхаа дараа дүрийн сонголт дээр хамаг цагаа барж байна.

Хэдхэн жүжигчинтэй, тэд нар нь зундаа бүх киног тойроод, хэсээд л тоглочихдог. Бүгд долоо, долоо хоногийн зайтай киногоо нээгээд л... Ихэнх нь шатдаг. Кинотеатрынхан болохоор “Та нар маркетингаа сайн хий л дээ” л гэнэ.  Жүжигчид нь муугаа мэдэхгүй, тэнгэрт хадсан үнэ хэлнэ. Мөнгийг нь төлсөн ч олигтой жүжиж чадахгүй, бүх юмаа заалгана. Яг үнэндээ кино хийх биш камертай сургалт явуулаад л, хамаг цаг, нервээ барж сууна даа. Үүнд урлагийн сургуулиуд ч буруутай. Чадах, чадахгүй жүжигчдийг багшлуулдаг. Жүжигчин, найруулагч бүр сайн багш биш шүү дээ. Сайн багш заавал өөрөө жүжиглэдэг ч байх албагүй... Бас жүжигчид ч өөртөө, эзэмшсэн мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй. Манайд көүчтэй жүжигчин ч алга. Олон улсад бараг бүх жүжигчин өөрийн көүч агентлагтай байдаг.

-“Цус сорогчийн хайр” кинонд та жүжигчдийн көүч болон продюсерээр ажилласан гэсэн. Цус сорогчийг хайр гэдэг сэдэвтэй хэрхэн холбосон нь сонин байна?

-Аливаа шинэ төрөл жанрыг зах зээлд байршуулахдаа зөв төлөвлөлт, тактиктай байх хэрэгтэй болов уу. Тиймээс цус сорогчийг хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр гэсэн агуулгаар үзэгчдэд хүргэх нь зүйтэй гэж харсан. Хайр агуулгатай, цус сорогч хэлбэртэй кино гэж хэлж болно. Энэ хоёр сэдвийг хэрхэн холбосныг нь харин удахгүй кино маань нээхээр үзэж мэдэх боломжтой.

-Энэ кино ер нь Монголд хэр “явах” бол?

-Олон улсын зах зээлд гаргах гэрээ хэлцэл амжилттай хийгдэж байгаа. “Цус сорогчийн хайр” кинонд бид Э.Шинэбаяр, А.Уянга гэдэг хоёр цоо шинэ жүжигчнийг сонгон авч ажилласан. Гадаад дүр төрхийн хувьд европжуу залуус. Цус сорогч бол маш хүнд төрөл жанр. “Цус сорогчийн хайр” киноны хувьд ч драм, экшн, эротизм, тулаан... гээд жүжигчнээс маш их ур чадвар шаарддаг. Манай хоёр маш амжилттай сайн даваад гарсан. Гурав дахь гол дүрд маань жүжигчин Н.Сугармаа тоглосон. Сугармаа бол “1990”, “Уулын намар” зэрэг кинонд ажиллаж байсан, мэргэжлийн жүжигчин хүн. Яг үнэндээ Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Гавьяатууд нь Соёлын тэргүүний ажилтнаасаа давахгүй, кинонд дүр төрх таараад сонгогдсон мэргэжлийн бус хүнээсээ илүү гарч чадахгүй бол жүжигчин бус шинэ хүн авч тоглуулсан нь илүү амар байна. Ядаж мэдэхгүйгээ мэддэг. Хий гэснийг хийдэг. Мэдэхгүйгээ мэддэггүй, худал үнэн юманд тоглоод өөрийгөө лаг гээд бодчихсон жүжигчинтэй ажиллах маш хэцүү байдаг. Тийм кино хаа сайгүй байгаа. Үзэгчид ч үүнийг анзаараад л шүүмжлээд байдаг. 

-Цаг үеэ дагаад нэлээн хурц асуултуудтай асуудал хөндсөн, шүүмжлэл өрнөсөн ярилцлага болчихлоо. Эерэг мэдээллээр төгсгөе. Одоо та ямар нэгэн кинон дээр ажиллаж байгаа юу?

-“Хамелеон” кинон дээр ажиллаж байна. Нийгмийн асуудлуудыг хөндсөн экшн драм жанрын кино байгаа юм. Мөн Канн кино наадмаас бэлтгэж ирсэн нэвтрүүлгүүдээ олонд хүргэхээр ажиллаж байна. Энэ тал дээр “А-Артист”, “Хас медиа” хамтран ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр МИАТ ажилласан. МИАТ-ээр олон ч удаа ниссэн дээ. Үйлчлүүлэх бүрдээ сэтгэл өндөр байдаг. Мөн нэвтрүүлгийн хөтлөгчдийн стиль имидж дээр хамтарсан JK, Хулан, Алтжин авант, Урангоо Идэр зэрэг үндэсний өнгөлөг, чанарлаг брэнд дизайнерууддаа маш их баярлалаа. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(202.126.88.235) 2023 оны 06 сарын 18

Tsus sorogchiin hair durlal uu hahahha

0  |  0
зочин(202.126.88.192) 2023 оны 06 сарын 16

Агар Та хоёр одоо больчих тжх үү авьяас байхгүй хар тэнхээгээр зүтгээд харин ч кино урлагыг сүйтгэгчидийн нэг Чи баё ундраа та нар хийх юмгүй дээ зүнээр суухаас зиэо хийе гэж боддог юм уу хаашаа юм бэ … Агар гэж нөхөр таг бөөрөнхий хэл яриатай… Туяа одоо чамайс юу ч гарахгүй юу ч гарч бгаагүй одоо больчмх

1  |  0
DR. PRADHAN(197.211.53.121) 2023 оны 06 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
DR. PRADHAN(197.211.53.121) 2023 оны 06 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Кино(49.183.0.175) 2023 оны 06 сарын 16

Маш хар бараан, ёс суртахууны ямар ч үлгэр дууриал байхгүй нэг бол гэмт хэрэг, нэг бол арзганасан доромжилсон кино хийгээд байхаар үзэгчгүй болоод байгаа. Ядаж Хятадын киног харчих яаж нийгэмээ киногоороо хүмүүжүүлж бна.

1  |  0
иргэн(66.181.160.118) 2023 оны 06 сарын 16

Монгол кино үзнэ гэхээр шууд бөгс өвддөгшдээ, яаэ тийм уйтгарын далай, орилж чаралсан жүжээнүүдийг сууаад үзэх билээ үнэндээ бол ой гутам болсон бнаалээ

1  |  0
Top