“PMI” индексийн өсөлт эдийн засаг ТЭЛЖ буйг харуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Эдийн засгийн ерөнхий хандлагыг харуулдаг Purchasing manager index -  PMI буюу  “Худалдан авалтын менежерийн индекс”-ийн 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээс харахад Монголын эдийн засаг тэлж байна.

PMI нь  бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын хувьд эдийн засаг, бизнесийн төлөв байдлыг харах, үйл ажиллагаагаа удирдах, төлөвлөх, урьдчилан таамаглах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой үзүүлэлт болдог.

Олон улсын туршлагаас харахад уг индексийг тооцохдоо эдийн засгийн голлох салбаруудын нөлөө бүхий 400 орчим аж ахуйн нэгжүүдийг сонгон түүвэрлэлтэд хамруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ захиалга, ажил эрхлэлт, бараа материалын нөөц, хүргэлтийн хугацаа болон бусад үзүүлэлтийн талаарх мэдээллийг судалж, эдгээр үзүүлэлт бүрээр индексийн утгыг тооцон, индексийн өөрчлөлтийг харгалзан дүгнэлт өгдөг аж.

Түүнчлэн Монголбанкнаас  энэхүү үзүүлэлтийг олон улсад нийтлэг ашиглагддаг аргачлалын дагуу бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид болон олон нийтийн хэрэгцээнд зориулж улирлын давтамжтай тогтмол гаргаж байна.

Тэгвэл  Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга 2023 оны I улиралд өмнөх улирлаас 2.1 нэгж хувиар өсөж тэлэлтийн мужид 54.4%-тай гарлаа. Өмнөх улирлын үзүүлэлтээс өсөхөд үйлдвэрлэл, бараа материалын нөөцийн индексийн утга өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийлмэл индексүүдийн хувьд ажил эрхлэлт 7, үйлдвэрлэлийн индекс 4 улирал дараалан тэлэлтийн мужид гарсан бол нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацаа 9 улирал дараалан, шинэ захиалга 2022 оны I улирлаас хойш анх удаа агших мужид тус тус гарчээ.  Үйлдвэрлэлийн индекс уг судалгаа эхэлснээс хойшхи хамгийн хурдацтай өсөлтийг үзүүлснээс гадна бараа материалын нөөцийн индексийн утга өмнөх улирлаас огцом өсөж, 2 улирлын дараа дахин тэлэлтийн мужид шилжсэн байна. 

Аж үйлдвэр болон үйлчилгээний салбар тус бүр 4 улирал дараалан тэлэлтийн мужид гарсан бол барилгын салбарын индекс 9 улирал дараалан агших мужид гарлаа.

Харин худалдааны салбар анх удаа тэлэлтийн мужид шилжиж өссөн байна. Өмнөх улирлын утгатай харьцуулахад худалдаа 15.0, барилга 14.8, үйлчилгээ 3.5 нэгж хувиар тус тус өссөн бол аж үйлдвэрийн салбарын индексийн утга 5.6 нэгж хувиар буурчээ.

Үйлдвэрлэлийн индексийн утгыг бодит ДНБ-ий улирлын өөрчлөлттэй харьцуулан харахад үйлдвэрлэлийн индексийн утга 50%-аас их үед улирлын ДНБ өсөлттэй гарсан байна.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн индексийн утга нь улирлын ДНБ-ий өөрчлөлтийг бүрэн илэрхийлж, тайлант улирлын үйлдвэрлэлийн индексийн утга 60.3%-тай гарсан нь 2023 оны I улиралд ДНБ өмнөх улирлаас нэмэгдэх төлөвтэйг харуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top