Нийслэлд 70 байршилд ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ байгуулна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

 

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав. 

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа. Тэрбээр "Ажлын хэсэг байгуулагдан, 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан. Маргааш буюу зургаадугаар сарын 14-н материал ирүүлэх сүүлийн хугацаа. Мөн Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасан. Нийт 482 автомат хаалттай зогсоол байгаагаас газар эзэмших зөвшөөрөлтэй 186, зөвшөөрөлгүй 296 байна. Үүнээс дийлэнх  нь орон сууцны хороолол дунд авто замын зорчих хэсэгт автомат хаалт байршуулсан байна.

Ажлын хэсэг зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 20 байршлын 2.9 га газарт төлбөртэй зогсоол ажиллуулах судалгааг нэмэлтээр хийсэн.

Тодруулбал, Баянгол дүүрэгт таван байршилд 1744 ам метр, Баянзүрхэд гурван байршилд 5509 ам метр, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 360 ам метр, Сүхбаатарт зургаан байршилд 4785 ам метр, Хан-Уулд гурван байршилд 15,914 ам метр, Чингэлтэйд хоёр байршилд 700 ам метр зогсоол байгуулахаар  төлөвлөн ажиллаж  байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Хотыг дарга ажлаа шахаж, чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.235) 2023 оны 06 сарын 14

Хотын дарга хийнэ хийх гэж бна хийх дөхлөө гэж ярьж байтал бүрэн эрх нь дуусах нь ээ

0  |  0
Top