Дээд шүүх Ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэл ҮНДЭСЛЭЛГҮЙ гэж үзвэл 113 мянган өрх ₮70 тэрбумыг НЭХЭМЖЛЭХ эрх үүснэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Арилжааны нэр бүхий 11 банк иргэдэд ипотекийн болон өндөр дүнтэй зээл олгохдоо зээл судалсны шимтгэл буюу үйл ажиллагааны зардал гэж тооцон, зээлийн дүнгээс 0.5-1 хувийн шимтгэл авдаг нь үндэслэлгүй гэсэн шийдвэрийг 2022 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/  гаргаж байв.

Тухайлбал, банкууд ипотекийн зээл олгохдоо зээлийн дүнгээс авах шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь гарч буй бодит зардалтай уялдаагүй, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа юм гэж ШӨХТГ-аас тайлбарлаж, нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгож, уг зөрчлөө арилгах шаардлага тавьсан  байдаг.

Банкуудын тухайд ШӨХТГ-ын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх банкуудын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Тиймээс ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

Тэгвэл өчигдөр /2023.06.13/ давж заалдах шатны шүүх хурал болж, арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл авдаг нь  үндэслэлгүй гэж үзсэн байна.

Тэгэхээр одоо банкуудын хувьд дээрх шийдвэртэй холбогдуулан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх үлдэж байна. Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд ипотекийн зээлтэй 113 мянга орчим өрх зээл авахдаа суутгуулсан 1 хувийн шимтгэлийг нэхэмжлэх эрх үүсэхээр байгаа юм.

2022 оны эцсийн байдлаар  ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.9 их наяд төгрөгийн зээлийг 112.1 мянган өрхөд олгосон байгаа юм. Энэ он гарсаар зээлийн хэмжээ хэдийнэ 7 их наядыг давсан.

Тэгэхээр банкууд ипотекийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авах нь үндэслэлгүй гэсэн шийдвэр эцсийн шатны шүүхээс гарсан тохиолдолд 7 их наядын зээлээс банкуудын авсан шимтгэл болох 70 тэрбум төгрөг зээлдэгчдэд очих боломж үүсэхээр байгаа юм.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул энэ талаар "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өчигдөр ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан тоот даалгавар тавьсан байдаг. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна" гэсэн мэдээлэл өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саруул(122.201.23.219) 2023 оны 06 сарын 14

Ипотек ч гэж дээ. Банкууд бүх зээлээс 1.0 хувийг суутгаж авдаг биз дээ

0  |  0
Top