Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Улаанбаатар хотноо /2023.06.14/ өчигдөр эхэллээ.
Чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчныг сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай”-г онцлов.
Түүнчлэн Монгол Улс нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцож, нүүрстөрөгчийн татвар, ногоон санхүүжилтийн орчныг тодорхой болгож, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтой нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллахын чухлыг тэмдэглэв. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллана гэдгийг тодотголоо. “Ногоон бизнес-Олон улсын чуулган”-аар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байна. Мөн:
Монгол Улсын хувьд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан.Энэ хүрээнд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс багагүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар зорин ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы үеэр Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсон юм. Түүнчлэн тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулаад байна.Үүний зэрэгцээ арилжааны банкнууд олон улсын зах зээлд анхны ногоон бондыг амжилттай гаргасан бөгөөд “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ы үеэр дотоодын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргахаар төлөвлөжээ.
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, БНХАУ-ын Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын тогтвортой банк санхүүгийн холбоо, Худалдаа хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )