Сүхбаатар аймгийн “Найман гал шарга” компанийн Ерөнхий захирал Зундуйн Сумъяаг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Таны Орост суралцсан мэргэжлээрээ хуваарилагдсан Эрдэнэт хотод очихгүй гээд төрсөн нутагтаа ирсэн гэж сонссон. Ирээд ажил, хөдөлмөрийн гарааг хаанаас хэрхэн эхлүүлэв?
-Би айлын отгон охин. 1986 онд сургуулиа төгсөөд, тэгж зөрүүдэлсээр аймагтаа ирсэн чинь ажил олдоогүй. Тэр үед ажлын байр ховор. Бараг л олдохгүй. Манай хүргэн ахын төрсөн ах Д.Халтмаа гэдэг хүн аймгийн Хүнсний үйлдвэрийн дарга байсан юм.
“Манай үйлдвэрт цэвэрлэгчийн түр орон тоо гарсан, хийх үү” гэхээр нь “тэгье” гээд шууд орчихож билээ. Хэсэг ажиллаж байтал өмнөх хүн нь ажилдаа ороод, дахиад ажилгүй болчихсон. Тэр үед хөдөөгийн айлуудад чулуугаар хороо барих ажил өрнөдөг байсан юм. Тэр ажилд Хүнсний үйлдвэрийн ажилчид явна гэхээр нь “Би хамт явъя. Тогооч хийе. Чадна” гээд явлаа. Арван жилд байхдаа намрын ажлын үеэр ангийнхаа охинтой тогооч хийдэг байсан болохоор өөртөө итгэлтэй байсан нь тэр. Хөдөө явах нь сайхан санагдаад. Хөдөө очиж 10 орчим хоног ажиллаад ирсэн. Ирээд Хүнсний үйлдвэртээ 2-3 сар архины цехэд савлагч мэтийн ажлуудыг хийж байгаад “Курст сууна, мэргэжил дээшлүүлнэ” гээд больчихсон юм. Тэр жил би нөхөртэйгөө танилцсан юм. Би 1989 онд Модны үйлдвэрт нярав хийж, тэндээс их зүйл сурсан.
Мажигсүрэн гэдэг ах надад сампингаар бодохыг зааж өгсөн юм. Тэгэхэд залуу гэр бүлд зориулсан зээл гэж ирээд, айман мянган төгрөгийн зээл. 15 жилийн хугацаатай. Авах хүн олддоггүй. “Би авъя” гээд тэр зээлийг авч байлаа. Мянга гаруйгаар нь таван ханатай гэр авлаа. Доторх тавилга, дээвэр туурга гээд бүгдийг л өнөө мөнгөнөөсөө авсан. Дээрээс нь 1200 төгрөгөөр оросын хэрээстэй оёдлын машин авлаа. Тэр машин одоо хүртэл манайд байгаа. Бас болоогүй ээ, хоёулаа хуримын бөгж авч байгаа юм. Нөхөр маань энэ үнэтэй оёдлын машинаараа хэзээ юм оёх вэ гэж асууна. Харин хадам аав маань юм сайн оёорой гэж хэлдэг байв. Би форм партукаа өөрөө оёод өмсдөг байсан юм.Тэр машиныг авахдаа хүүхдүүддээ хувцас оёно гэж бодож авсан байх. Хадам ээж намайг их магтана. Надад оёдлын анхан шатны зүйл заасны дараа манай бэр оёдол үйлд дөртэй юм гэж их урам өгдөгсөн. Анхны дээлээ оёсны дараа ёстой гоё оёж...гэж урамшуулж билээ. Анх оёсон юм ямар л олиг байх вэ дээ. Намайг л дэмжиж байгаа нь тэр. Тэрнээс хойш янз янзын л юм оёсон.
-Бизнес эхэлсэн түүхээ яриач?
-Би оёдлын машин дээр овоо гаршчихсан байсан болохоор тухайн үед даавуу аваад дотоож оёлоо. Резин, оёдлын утас худалдаж авсан. Оёсон дотоожоо өөрөө өмсөөд үзтэл болж байна шүү. Тэгэхээр нь бусдыг нь зарах гээд наадмын талбай руу явлаа. Тэнд долоон хоногт нэг удаа “Хар зах” гэж гардаг байсан юм. Юм ховор, зах зээлийн үед хүмүүс янз бүрийн л юм зарна. Би ичээд холоос хараад зогсоно. Манай хүн овоо хэдийг зарсан юм. Нэг хөгшин үзээд, энэ чинь үйлдвэрийнх юм биш үү... гэсэн магтаал надад их урам өгөөд, бүр олныг оёод бирж дээр нэг лангуу аваад зарж эхэлсэн. Даавууныхаа мөнгийг ч төлчихсөн. Боломжийн байна шүү. Тэгтэл материал дууслаа. Таньдаг бүсгүй маань сатин гээд гөлгөр материал хаанаас ч авсан юм авчрахаар нь хэдэн дээлийнхийг хадам ээждээ ноолуур болгоод өг гээд өгсөн чинь 3-4 кг ноолуур болгоод өгсөн. Ноолуураа аваад Улиастай руу хилээр гарлаа. Ноолуураа нууж гарна. Гэхдээ л маш их мөнгө болсон. Үрээд дуусахгүй юм шиг санагдаж байлаа. Нөгөө мөнгөөрөө саван, угаалгын нунтаг гэх мэт өргөн хэрэглээний бараа авчирч зараад боломжийн орлого олчихлоо.
-Бизнесийн санаа, бизнесийн ухаан гэж ярьдаг. Энэ ухааныг танд хэн өгөв?
-Манай ээж их ухааны хүн байсан юм. Юмыг хамаагүй битгий үр. Юмхнаар юм хий, өнөөдөр олдож байгаа ч хожмын нэг өдөр олдохгүй болно гэж бидэнд сургадаг байсан юм. Тэр залуур бидэнд их нөлөөлсөн болов уу. Тэр үед ёотон хайлуулж, мөсөн чихэр хийж зардаг байлаа. Өөр жижиг сажиг наймаанууд их хийсээн. Ингэж таван төгрөгийг 10 болгох ухааныг ээж маань л өгсөн юм даа. Манай ах З.Энх-Амгалан гэж бий. “Шарга” зоогийн газрын эзэн. Ах маань тухайн үедээ булочик хийж зараад, амьдрах гээд үзээд байсан. Хоёулаа нэг өдөр ярилцаад, ерөөсөө нэг нэгээрээ биш, мөнгөө нийлүүлээд наймаа хийе гэж ярилцсан.
Бидний дундаас дээд тал нь 200 мянган төгрөг л боссон байх. Тэр мөнгөөрөө нэхий авч эхэллээ. Тэгж байтал давс зарах санал ирлээ. Сангийн далайн давс гээд цагаан давсыг тэр үеийнхэн хэрэглэдэг байлаа. Тэгээд давс зарж эхэлсэн. Зарим хүн давс зарахаар хоосордог гэж хэлдэг л байлаа. Би дотроо худлаа гэж бодоод, зарсан. Хөдөөгөөс ирсэн хүмүүс 5 кг-аар нь авдаг байлаа. 100-400 гр-ыг ч авдаг хүмүүс байж л байсан. Малтай байрнаас түрдэг тэргээр Дээж төвийн гурван давхар луу тэр хүнд давсыг муу ах минь л зөөдөг байлаа.
Дан ганц давс зараад яах вэ гээд дэлгүүрүүдээс будаа, сахар аваад кг тутамд 20 төгрөг нэмээд зардаг байлаа. Дараа нь бас Дорнодоос гурил бөөндөж авчраад зарлаа. Барааны төрөл зүйл олшрохоор мөнгөө нэмэх хэрэг гарна. Ээжийнхээ дүү О.Мангал ахаас мөнгө зээлнэ. Наймаа хийдэг байсан болохоор шууд л өгнө. Гурилаа зараад буцаагаад өгчихдөг болохоор олон удаа бидэнд тус болж байсан. Тэгж таван төгрөг олдог байхдаа өдөртөө ганц хуушуур, аяга цай л уудаг байлаа. Өөрөөсөө тэгж харамлана. Тэгж явсаар байгаад овоо хэдэн төгрөгтэй болсон доо, тэр үедээ. Дээрээс нь өөр хүнээс мөнгө нэмж аваад, Улиастайгаас гурил будаа, лаа, чавга гэх мэт гүйлгээ сайтай бараанууд авчирч зардаг байсан юм. Бараануудаа одоогийн автовокзал, Сүхбаатар ХҮТ чинь хуучнаар торон хашаанд байсан. Тэр хашаанд зогсоод задгай тавиад зарна. Одоогийн хүүхдүүд мэдэхгүй байх.
-Бизнесээ ахиулаад л байж дээ?
-Тэгэлгүй яах вэ, ямартай ч түвшин ахисаар Эрээн рүү наймаанд явдаг болсон. Бас л хэдэн төгрөг зээлээд л явсан. Эрээнээс цагны зай, бөмбөг гэх мэт өргөн хэрэглээний бараа авчирч зардаг болсон. Сайн ч гүйдэг байлаа. Биржид нэг лангуу худалдаж аваад суулаа. Борлуулалт сайн байдаг учраас долоо хоног бүр хил гарч бараа татдаг болсон.Хулдаас бас сайн гүйлгээтэй байсан болохоор их зарсан даа. Бусад хүмүүс ч бас ижил бараа зардаг ч гэлээ тэр үед борлуулалт үнэхээр сайн байсан.Бас болоогүй ээ. Эрээнээс зайрмагийн машин оруулж ирж, монгол сүүгээр зайрмаг хийж зарж үзсэн шүү.
-Шарга гэх нэрийг авч, үйлдвэрлэл эрхлэх болсон нь хаанаас эхлэлтэй бол?
-Овоо хуримтлалтай болж ирээд 1997-1998 он хавьцаа байх аа, одоо 16 давхар байгаа газарт “Шарга” зоогийн газар гэж байсан. Тэр зоогийн газрыг худалдаж авсан юм. “Шарга “гуанзыг зарна гэдэг мэдээг ах хэлэхээр нь өө авъя гээд л бүх мөнгөө шавхаад авсан. Худалдааны төв болгоод, хүнсний бүтээгдэхүүн лангуу түрээслээд, хүнсний бүтээгдэхүүн зардаг байв. Засаж янзлах зүйл их байлаа. Хүмүүсийг шууд гаргаж болдоггүй. Орчин нөхцөл нь ч сайнгүй байсан болохоор ядаж халаалттай болгох гээд хөөцөлдсөн. Түрээслэгчид нь хэл ам хийнэ. Хэцүү байсан. Засвар хийх гээд түрээслэгчдээ гаргах гэтэл гарахгүй гээд.
Тайлбарлаж хэлж байж 2001 онд засвар хийгээд, нэг талдаа дэлгүүр, нөгөө талдаа хоолны газар ажиллуулж байсан. Тасалгаа нь шилэн. Тэр үедээ л шинэлэг засвар хийсэн.Хоолны газрынхаа хоолыг өөрөө амтлаад хийнэ. Анх гуляшны махаа шөнөжин чанаж зөөлрүүлээд хийж байсан. Хоолны анхны мэдэгдэхүүнгүй болохоор Хоёрдугаар гуанзанд ажиллаж байсан эгчийг гуйгаад, порцлохыг заалгасан.
Тэр өдрийн анхны үйлчлүүлэгчид манай хоолыг магтаж билээ. Одоо манай “Жавхлант” компанийн захирал Ж.Чулуун-Эрдэнэ ёстой гоё хоол байна гэж байсныг мартдаггүй юм. Хоолны газар маань хэдхэн төрлийн л хоол гарганаа. Хүмүүс ч их үйлчлүүлнэ. Мах элбэг байсан болохоор махаар “зоддог” байлаа.Бас хуушуур хийдэг эгчээсээ аргачлалыг заалгаад, хуушуур хийж эхэлсэн. Манай хуушуур тухайн үедээ “Шаргын хуушуур гэдэг“ нэртэй байлаа шүү дээ. Наадам, баяр ёслолын үед гэр бараагаа зөөгөөд хуушуураа зарна. Алтан-Овооны наадамд хүртэл очдог байсан. Тэгж явахад маш их ажил орно шүү дээ.Дэлгүүр маань орлого сайтай байсан. Дэлгүүрийнхээ санхүүг барина гээд л бүх зүйлдээ гар бие оролцдог зантай. Өөрөө л оролцохгүй бол болохгүй байгаа юм шиг санагддаг.
-Одоо бол “Шаргын” Сумъяа гэдгээр таныг олон нийт мэднэ. Одоо таны гол бизнес ч ийм нэртэй. “Шарга” нарийн боовны цехээ нээх анхны алхам ямар замаар эхэлж байв?
-Манай нөхөр өмгөөлөгч хийж байсан. 2003 онд шинэ Шүүхийн байр ашиглалтад ороод, хоёр өмгөөлөгчдөө хуучин шүүхийнхээ байрыг буюу одоо манай “Шарга” нарийн боовны үйлдвэр байгаа байрыг балансын дүнгээр нь л өгчихье гээд хямдхан зарсан. Талыг нь Ж.Монхоон өмгөөлөгч, талыг нь манайх авсан юм. Маш том байр болохоор анх үлгэрийн юм шиг л санагдаж байлаа. Гэрт амьдарч байсан болохоор гэрээ оруулчхаад, тэр том байранд юу хийхээ мэдэхгүй байлаа. Дэлгүүрт талх ховор байсан үе. Хүрэлээгийн талх 10 ирнэ, өөр газраас бас 10 ирнэ. Дорхноо л дуусчихна. Гэхдээ л би талх хийе гэж огт бодож байгаагүй.
Гэтэл тэр үед Ганбаатар гэдэг хүн Оросын том төмөр пийшин ашиглаж талх хийдэг байж. Тэр пийшингээ зарах гэж байгаа юмаа. Авах уу гээд хэд хэдэн удаа ирлээ. Ахтайгаа зөвлөлдлөө.Тэгээд авъя гээд авчихлаа. Манай ах үргэлж авъя, за гэдэг хүн л дээ. Үгүй гэж бараг л хэлдэггүй.
Нөгөө пийшингээ авчраад өглөө. Бид өнгө зүсийг нь засаж янзлаад ажиллуулах гэтэл хүн хэрэгтэй боллоо. Хуучин хүнсний үйлдвэрт талхчин байсан нэг хүнийг гуйгаад, ажиллууллаа. Тэр чинь 2004 он шүү дээ. Гал түлж талх хийдэг байлаа. Хөрөнгөөр исгээд жинхэнэ орги талх хийж эхэллээ. Шаргын талх гээд шуурдаг болов. Талхаа 270 төгрөгөөр зарна. Ашиг муу байсан ч бид талхаа хийсээр л байсан. Эхлээд нэг хүнтэй ажиллаж байсан бол Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан хүмүүст санал тавьж ажиллуулсан. Тэд нар дараа нь: Хэцүү үед бид нарыг ажиллуулж байсанд талархдаг шүү гэж хэлж байсан. Ажилгүйдэл их, хүмүүс гудамжинд шоо хаядаг л байсан үе.
-“Шарга”-ын хэвийн боов буюу “Дарьганга ул боов” алдартай. Хөрш зэргэлдээ аймгаас ч захиалж авдаг. Энэ боов хэрхэн бий болсон түүх сонин байна?
-Манай хэвийн боов яг миний гарын брэнд. Түүх ярья. 1989 онд ханьтайгаа найман мянган төгрөгийн зээл аваад гэр аваад тусдаа гарахад ээж маань та хоёр тусдаа гараад, сайн өдөр гэртээ идээ будаа засаад, ах дүү нараа цайлаарай гэж хэлсэн юм. Айл болж байгаа хүмүүс чинь ах дүү нараа оруулах өдрийн урьд орой тавгийн боов дутуу байсан. Тэгээд цөөхөн боов хийгээд идээ засчихъя гэж шийдээд, орц нормыг өөрөө тааруулж, зуурмагаа зуурч хэдэн боов хийчихлээ. Хадам аав хэвлэж өгсөн. Тэр боовны амтыг манайхан ам уралдан магтсан. Ээждээ аваачиж өгөөд “Энэ миний хийсэн боов” гэсэн чинь ээж маань “Өө миний охин сайн явах юм байна. Идэх хоолтойгоо явах юм байна. Үнэхээр амттай болжээ” гэж билээ. Тэр үед ээж маань бие муутай байсан болохоор гэрт нь аваачиж өгч байсан юм. Хэвийн боовны маань суурь тэгэхэд л тавигдсан даа.Тэрнээс хойш ах дүү нар надаар цагаан сарын боовоо хийлгэдэг боллоо. Манайд ч боовноосоо өгсөнгүй гээд л нэхэл хатуутай авна шүү дээ.
2006 онд хотоос сургагч багш авчраад үйлдвэр дээрээ сургалт хийлээ. Тэр багш “Танайх хэвийн боов хийдэг үү” гэхэд нь манай аймгийнхан өөрсдөө хийчихдэг болохоор авах гэж бодоод хийдэггүй ээ гэсэн. Хэвийн боов хийгээч, ашигтай шүү дээ гэж хэлсэн л дээ.
Нэг өдөр би гэнэт хэвийн боов хийгээд үзье гэж бодсон. Тэгээд хуучин хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Ш.Баярсайханаар туслуулаад хийж эхэллээ. Одоогийн үйлдвэртээ 10 боов багтдаг жижигхэн тогоонд хайрдаг байлаа. 2008 оны өвөл 3000 боов хийж орхиод Бээжин хот руу явлаа. Түүнээс илүү зарагдахгүй гэж бодсон. Буцаад иртэл нөгөө 3000 боов дуусаад, эрж хайсан хүмүүс бий болчихсон байсан. Түүнээс хойш манай боов алдаршсан даа. Дорнод руу анх нэг дүүдээ хэдэн боов өгөөд явуулсан чинь маш хурдан зарагдчихсан. Араас нь захиалга урсаж эхэлсэн дээ. Амттай боов хийх хамгийн чухал зүйл нь технологи байдаг. Манай хэвийн боов болон бусад бүтээгдэхүүний амт нь технологи. “Дарьганга ул боов” нь Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч, гадаад дотоод гээд хол ойрын хэрэглэгчдийн таашаал хүртсэн Шилдэг бүтээгдэхүүн болж чадсан. “Өег” буриад талх бол манай цехийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн.
Саяхан над руу нэг хүн яриад, ийм амттай боорцог идэж байгаагүй. Танай боорцог маш их таалагдлаа. Баярлалаа гэж хэлэх гэсэн юм гээд холбогдсон. Хотод амьдардаг хүн манай боорцгийг Мөнххаан сумын дэлгүүрээс авсан байгаа юм. Хотод зардаг газар байдаг уу гэсэн нь сайхан санагдсан. Мөн хэрэглэгчдийн санал шүүмжлэлийг хүлээн авч, хэрэгжүүлэхийг хичээдэг. Аймгийнхаа ард иргэдийн өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаагаараа бахархдаг. Илүү олон төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа.
-Сүхбаатар аймгийн хувийн хэвшлийн салбарт олон жил ажиллажээ. Хорь гаруй жил хийж болох бүхий зүйлсийг хийж өнөөдрийн амжилтад хүрч. Өөрсдийн хүчээр өсөж өндийж, баялаг бүтээж буй тан шиг үйлдвэрлэл эрхлэгчид олон бий. Та бүхэнд төрийн ямар бодлого үгүйлэгддэг вэ?
-Энэ маш чухал асуудал. Яг үнэндээ биднийг жаахан ч гэсэн дэмжээсэй гэж хүсдэг. Өнгөрсөн хугацаанд олон л сургалт зөвлөгөөнд суулаа. Тэр бүгдэд сайхан сайхан зүйл ярьдаг ч дөрвөн жилийн циклээр өмнөх ярьснаа үгүйсгээд дуусдаг нь харамсалтай. Одоо л сайхан болох нь дээ гэж бодтол худлаа байдаг. Төрийн урт хугацааны оновчтой бодлого бизнес эрхлэгчдэд үгүйлэгдэж байна. Бид татвараа төлж байна. Чадах чинээгээрээ аймгийнхаа хэрэгцээг хангаж байна. Бусад бизнесүүд ч мөн ижил өөр өөрийн үүргээ гүйцэтгээд л яваа. Үйлдвэрлэлээ өргөтгөх, засвар хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл их хэрэгтэй байна. Бизнесээ эхлэхдээ өндөр хүүтэй банкны зээл авч, үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Төр засгаас хүү багатай, урт хугацааны зээл өгвөл их л хэрэгтэй байна даа. Манай аймгийн бодлого тодорхойлогчид бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагаатай танилцаад, бидний санал бодлыг хааяа ч болов сонсоосой.
-Таны бизнестээ баримталдаг ёс зүй тань юу вэ?
-Шударга байхыг хүсдэг. Ажилтнуудаа ч тийм байлгахыг хичээдэг. Хүнд ажиллавал ажилласан шиг ажилла, хулгай бүү хий, худлаа битгий хэл гэж байнга л сануулдаг.Байгаадаа сэтгэл хангалуун байж, нутаг ус, ард түмэн, хань ижил, үр хүүхдэдээ үргэлж талархаж байх хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )