Зөөлөн хүчний бодлого ба Монголд 1 дүгээр ангиас нь хятад хэл заадаг 10 сургууль байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Хүйтэн дайны дараагаас эхлээд дэлхийн геополитикийн бодлогод гол нөлөө үзүүлдэг их гүрнүүд өөрсдийн байр суурь, нөлөө, ашиг сонирхлоо хадгалж үлдэхийн тулд уламжлалт бус дайны арга хэлбэр болох зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл Хятад улсын зөөлөн хүчний бодлогын замнал хийгээд өнөөдрийн нөхцөл байдлын талаар Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаачид судалж, тоймлосноос хүргэж байна.

Хятад улс зөөлөн хүчний бодлогоо эрчимжүүлэх шаардлагатайг анх Ху Жиньтао төрийн бодлогын түвшинд буюу 2007 оны 10 дугаар сард хуралдсан Хятадын коммунист намын XVII их хуралд илтгэлд “Социалист дэвшилтэт соёлыг түгээн дэлгэрүүлж, социалист соёлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улс орны соёлын зөөлөн хүчийг бэхжүүлж, ард түмний соёлын үндсэн эрх ашгийг хамгаална” хэмээн дурдсан байдаг.

Ши Жиньпин 2013 оноос эхлэн соёлын зөөлөн хүчний бодлогод онцгой анхаарах болсон нь түүний хэлсэн үг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс илэрхий байдаг. Тухайлбал, тэрээр Хятадын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх соёлын зөөлөн хүчийг бэхжүүлэх нь Хятадын онцлогтой социализм байгуулах буюу Хятадын хөгжлийн зам шилдэг болохыг баталсан      “Хоёр зуун жилийн зорилт”-ыг хэрэгжүүлэх гол арга зам мөн хэмээжээ. Өдгөө Хятад зөөлөн хүчээ бэхжүүлэхээр нэг жилд 10 тэрбум ам.доллар зарцуулдаг ба энэ нь АНУ, Англи, Франц, Герман, Япон улсын энэ салбарт зарцуулсан зардлын нийлбэрээс өндөр байна.

Мөн Хятадын хөгжлийн бодлого, нэг намын төвлөрсөн засаглалын давуу талыг сурталчлах, түгээх үзэл суртлыг бэхжүүлэх зорилгоор ХКН- ын Төв хорооны Нэгдсэн фронтын Ажлын албаны үйл ажиллагааг сэргээж, Нэгдсэн фронтын яамыг байгуулсан. Энэ яам хилийн чанад дахь хятад иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллах, дэмжих; улс төрчдийг лоббидох, дэмжлэг үзүүлэх; хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятадын тухай эерэг мэдээлэл түгээх; гадаадын их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Бээжингийн бодлогыг сурталчлах, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлийн жилүүдэд ХКН-ын бодлого, засаглалын туршлагаа сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах болсон. Үүний нэг илрэл бол Ши Жиньпиний “Хятадын засаглал” номыг дэлхийн ихэнх хэл рүү орчуулсан явдал юм. Түүгээр ч зогсохгүй хөгжиж буй орнуудтай гаргасан зарим хамтарсан мэдэгдэлд “засаглалын туршлага хуваалцах” гэдэг үг хэллэг тохиолдох болсон байна.

Бээжингийн их сургуульд төрийн байгууллага, их сургууль, судалгааны болон бизнесийн байгууллагуудыг харилцан уялдаатай ажиллуулж, Хятадын зөөлөн хүчийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, суурь судалгаанд үндэслэн шийдвэр гаргагчдыг бодлогын зөвлөмжөөр хангах зорилготойгоор Соёлын зөөлөн хүчний бодлогын судалгааны төвийг байгуулсан. Тайланд дурдсанаар Хятад 2015 онд 30, 2016 онд 28, 2017 онд 25, 2019 онд хоёр байр ухарч 27-д орсон байна. Ингэхдээ соёл, боловсролын салбарт ямагт өндөр байр эзэлж ирсэн шинжлэх ухаан, инновацын үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд хурдацтай урагшилж байна.

Үүнээс зөөлөн хүчний бодлого боловсролын салбарт хэрхэн хэрэгжиж буйг товч авч үзье.

 

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Хятадын Засгийн газрын тэтгэлгээс гадна жил бүр буй орнуудад зориулан “Бүс ба зам”-ын орнуудын, Ши Жиньпиний тусгай, ШХАБ-ын орнуудын зэрэг төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж ирсэн.

Хятадад дэлхийн 196 орны 500 мянга гаруй оюутан суралцаж байгаагаас 290 мянга буюу 50 гаруй хувь нь “Бүс ба зам”-ын хүрээнд хамтран ажиллаж буй 64 орноос ирсэн байна. Хятадад суралцаж буй 11 мянган оюутны тоогоороо Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагт 10 дугаар байрт ордог бөгөөд Энэтхэг, Япон, Солонгос зэрэг тэргүүлж буй орнуудын хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Монгол Улсын хувьд жил бүр БНХАУ-ын Засгийн газрын 200, Ши Жиньпиний тусгай 100, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын 200 буюу нийтдээ 500 гаруй тэтгэлгийг олгодог байна.

Энэ нь “Гуравдагч хөрш” орнуудын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс даруй 10 дахин их үзүүлэлт юм. Тухайлбал, Австрали улс жилд 50 монгол оюутанд тэтгэлэг олгодог аж.

Монгол Улсын суурь боловсролын түвшинд нийт 7300 сурагч хятад хэл  судалдаг. Үүний 500 орчим нь 20 гаруй хувийн хэвшлийн хятад хэлний сургалттай дунд сургуульд суралцаж байгаа бөгөөд нэгдүгээр ангиас нь хятад хэлийг заадаг 10 сургууль байна. Бүрэн дунд боловсролын түвшинд хятад хэл сурч буй сурагчдын тоо 2017 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байгаа нь хятад хэл сурч байгаа дотоодын их, дээд сургуулийн оюутны тооноос 3 дахин их байна.

Энэ нь бакалавр, магистр, докторын түвшний сургалтын тэтгэлэг өндөр, уралдаант шалгаруулалтад гадаад хэлний өндөр оноо шаарддаггүй зэрэгтэй шууд холбоотой.

Хятадын Засгийн газрын тэтгэлэг тодорхой хэмжээ, стандарттай бөгөөд улс, муж орон нутаг, сургуулийн түвшинд ижил мөрдөгддөг.

Хятадын зөөлөн хүч судлаачид Хятадын Засгийн газрын тэтгэлгээр Хятадад төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн залуус эрт орой хэзээ нэгэн цагт шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллана хэмээн үздэг.

Монголчуудын хятадад хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж буй авч үзвэл эерэг хандлага ихээхэн өсөж, сөрөг хандлага буурч байгаа аж.

 

КУНЗИЙН ИНСТИТУТ

Күнзийн институт бол дэлхий дахинд боловсролын байгууллагаар дамжуулан хятад  хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх гол суваг юм. Өдгөө дэлхийн 146 улсад 525 Күнзийн институт, 1113 Күнзийн танхим ажилладаг. Үүнээс Азийн 33 улсад 118 Күнзийн институт, 101 Күнзийн танхим ажилладаг ба Күнзийн институтийн тоогоор Монгол Улс бүс нутагт 10 дугаарт ордог.

Дэлхий даяар хятад хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх 46 мянган сайн дурын багш, 2 сая 100 мянган суралцагч бүртгэгдсэн байна. Үүнээс “Бүс ба зам”-ын дагуух  51 улсад 135 Күнзийн институт, 130 бага, дунд сургуульд Күнзийн танхим ажилладаг.

Күнзийн сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс тухайн улсын 450 их сургуулийн хөтөлбөрт орсон байна. Үүний нөлөөгөөр 60 гаруй улсад хятад хэлний хичээлийг боловсролын системдээ нэвтрүүлж, 170 гаруй улс хятад хэлний мэргэжлийн анги нээж, дэлхий даяар хятад хэл суралцагчдын тоо 100 саяд хүрчээ. Таван жилийн хугацаанд нийтдээ 100 мянга гаруй соёлын хөтөлбөр зохион явуулж, түүндээ 60 сая хүн хамруулсан байна.

Гэвч Дани, Канад, Австрали болон АНУ-ын зарим хотод Күнзийн институт Тянь Аньмины хэрэг явдал, хүний эрх, эрх чөлөө, Тайвань,Төвөдийн асуудлыг хөндөхөөс зайлсхийдэг. Хятадын “эе найртай дэлхий”, “харилцан ашигтай хамтын ажиллагаа”-г сурталчилж тархи угаах зорилготой гэх үндэслэлээр Күнзийн институтийг хааж, хамтын ажиллагааны гэрээгээ сунгахгүй болсноо мэдэгдсэн байдаг.

Цаашид Монгол Улсаас Хятад болон бусад улсад сургах хүний тооны харьцаахэт алдагдах, хятад соёлын нөлөөнд автаж үндэстний дархлаа сулрах зэрэг эрсдэлээс сэргийлэх, Хятадад сурах давлагааг саармагжуулах нь чухал юм.

Сүүлийн жилүүдэд олон улс бүс нутгийн түвшинд ядуурлыг амжилттай бууруулж, цар тахал, хүмүүнлэгийн хямралын үед донор улс, бүс нутгийн зөрчилт асуудалд энх тайвныг тогтоогч, тогтвортой байдлыг хадгалагч, зуучлагч буюу хариуцлагатай их гүрний эерэг имиж бүрдүүлэхэд ихээхэн анхаарч буй. Гэвч Хятадын дотоод дахь хүний эрхийн зөрчил, цахим орчин дахь хатуу хязгаарлалт хяналт, нэг намын хэт төвлөрсөн удирдлагатай холбоотойгоор зөөлөн хүчний индекс сайнгүй байгааг Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаанд дурджээ.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баттулга(202.126.90.1) 2023 оны 06 сарын 22

Амьсгаа энэ юу болоод байгаа нь бэ !!!нэртэйгээр нь энэ улсын хаа нэрийг хүртэл өөрчлөөд өгөх гээд байгаа муу?

0  |  0
нарангэрэл(66.181.160.4) 2023 оны 06 сарын 21

манайх шиг жижиг улсад бол 10 сургууль хятад хэл заадаг гэдэг их байна. зүгээр хүүхдүүд сурах хүсэлтэй эсэхийг харгалзаж оруулах хэрэгтэй тэрнээс биш заавал сур гэх шаардлага байхгүй шүү тэрний оронд англи хэл үзсэн дээр шүү

1  |  0
..(66.181.177.79) 2023 оны 06 сарын 21

demii dee

0  |  0
зочин(192.82.88.147) 2023 оны 06 сарын 22

хэлтэй бол хөлтэй

0  |  1
зочин (202.9.46.75) 2023 оны 06 сарын 22

Монголд 1 дүгээр ангиас нь хятад хэл заадаг 10 сургууль байгаа бол түүнийг нэн яаралтай зогсоох ёстой. энэ чинь монголыг хятадчлах бодлого явагдаж байна...

3  |  0
Монгол(202.55.183.178) 2023 оны 06 сарын 26

1-р ангиас нь Орос хэл заадаг 5 сургууль бий. 1-р ангиас нь Англи хэл заадаг 20 сургууль байдаг. 1-р ангиас нь Турк хэл заадаг 3 сургууль бий. 1-р ангиас нь Япон Солонгос Герман Франц заадаг сургууль ч байдаг. Хятадуудыг муулах гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй.

2  |  2
zochin(66.181.178.41) 2023 оны 06 сарын 22

buu tenegt , 1-r angias ni oros kheleer , angli kheleer khicheelee yawuuldag surguuliud ch olon baina

0  |  2
zochin(66.181.178.41) 2023 оны 06 сарын 22

buu tenegt , 1-r angias ni oros kheleer , angli kheleer khicheelee yawuuldag surguuliud ch olon baina

0  |  2
БУРУУ(66.181.183.236) 2023 оны 06 сарын 21

Алсдаа хужаа бүгдийг нь гар хөлөө болгохгүй гэх газаргүй

1  |  0
Top