Нүүрсний гэх хэрэг нийгмийн анхааралд орж ирсний араас буюу 2022 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой төрийн нууцад хамаарах 9 гэрээ нээлттэй болсон билээ. 9 гэрээ ил болсонтой зэрэгцэн далд үлдсэн гэрээнүүд ч байгаа талаар яригдаж байв. Тэгвэл Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны хурал дээр энэ асуудал хөндөгдлөө.
Шалгалтын явцад БНХАУ-ын “Чалко”, “Норинко” компанитай холбоотой хоёр гэрээг ил болгож нийтэд дэлгэх боломжгүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. Гэрээг хийхдээ аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг ил болговол их хэмжээний торгууль төлөх заалтыг тусгасан нь хүндрэл учруулж байгаа аж.
Нууцаас гаргасан гэрээнүүдийг сануулахад:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт;
3. "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ
4. "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ
5. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;
6. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ;
7. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;
8. “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;
9. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ зэрэг болно.
Түүнчлэн Хянан шалгах түр хорооны тайланд нууцад хамруулсан гэрээнүүдийн талаар тусгажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор улсын нууцлалаас гаргасан 9 гэрээ, түүнтэй холбоотой материалыг судалж, танилцан дүгнэлт гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудаас үүнээс өөр улсын нууцлалд үлдээсэн гэрээ байхгүй тухай мэдэгдлийг иш үндэс болгож, гэрээнүүдэд шинжилгээ хийж, хэрэгжилтийг тооцон гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор нууцаас гаргаж Улсын Их Хурлын түр хороонд шилжүүлсэн 9 гэрээнээс “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Богдхан төмөр зам” төсөлтэй холбоотой 3, усны болон далд уурхайн төслийн тус бүр нэг гэрээ байна.
“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын төслийн хувьд уг төмөр зам нь Монгол Улсын стандартаар 3 дугаар зэрэглэлийн зам бөгөөд гол замын урт 416.1 км, дэлгэмэл урт нь 486.6 км. Төслийн нийт өртөг 1,392.2 тэрбум төгрөг буюу 488.5 сая ам.долларыг Эрдэнэс таван толгой ХК-иас мөнгөн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь компанийн санхүүгийн байдал болон 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжид сөргөөр нөлөөлсөн байна хэмээн дүгнэжээ. Төслийн бүтээн байгуулалтад “Монголын төмөр зам” ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, “УБТЗ” ХНН байгууллагууд Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, нийт 200 орчим компани, байгууллага, хувь хүн туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
“Богдхан төмөр зам”-ын төслийн нийт өртөг 1.4 тэрбум ам.доллар. Суурь бүтцийн нийт 670.2 сая ам.долларын ажлын ерөнхий гүйцэтгэгчдээр "Улаанбаатар төмөр зам" ХНН, мөн Зэвсэгт хүчний жанжин штаб, харин нийт 734.6 сая ам.долларын төсөвт өртөгтэй "Туннель, эстакадан гүүр"-ийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" ХХК сонгогдож, санхүүжилтийг "Эрдэнэс тавантолгой" ХК хийхээр гэрээнүүд байгуулагджээ.
"Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх ажлын санхүүжилтийг нүүрсээр санхүүжүүлэх гэрээг ажил гүйцэтгэгч болон Эрдэнэс тавантолгой ХК-ийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газраас төслийн ажлыг түр хугацаанд зогсоосон хэдий ч 2023 оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс тавантолгой" ХК-иас "Бодь интернэшнл" ХХК-д 26.3 сая ам.долларын нүүрсийг БНХАУ-ын нэр бүхий 11 худалдан авагчдад нийлүүлсэн байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг анх Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлээр барих эрхийг “Энержи Ресурс Рейл” ХХК-д барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээний хүрээнд 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газарт тодорхой хувийг буцаан шилжүүлэх нөхцөлтэйгээр 2008 оны 6 дугаар сарын 18-д өгсөн байна.
Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах ажилд AECOM Asia олон улсын байгууллагыг 2013 онд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн зүгээс гүйцэтгэгчээр сонгон авч ажилласан бөгөөд зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан төслийн нийт хөрөнгө оруулалт 1,068 тэрбум долларыг тооцохдоо хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол холбооноос бусад бүх зардлын мэдээллийг “Энержи Ресурс Рейл” ХХК-аас хүлээн авчээ.
AECOM-ийн зүгээс уг асуудалд хувийн хэвшлийн байгууллага зардлаа өндөр өсгөж бичих үндэслэлгүй гэж үзэж байна хэмээн тайлбарласан ч “Энержи Ресурс Рейл” ХХК нь хийж бүтээсэн ажлынхаа тодорхой хувийг ирээдүйд Монгол Улсын Засгийн газарт буцаан шилжүүлэх үүрэгтэй тул ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор төрд өндөр үнээр нийлүүлэх сонирхол байх магадлалтай тул өртгөө аль болох өндрөөр тусгах ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байна гээд энэ ч утгаараа ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтын тооцоонууд нь зах зээлийн бодит байдалтай нийцэхгүй байх үндэслэлтэй юм. Дээрх үндэслэл нь шинжээчийн нотлох баримтыг судлах явцад баримтаар нотлогдсон хэмээн тайланд тусгагджээ.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг “Энержи Ресурс Рейл” ХХК хэрэгжүүлж байх явцад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр хэрэгжүүлэхээр болж “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр зам барих эрхийг, өмнө нь хийгдсэн ажлын хамтаар шилжүүлэн өгчээ. “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хийсэн ажилд нийт 76,4 сая долларын нөхөн олговорыг олгосон бөгөөд Хөгжлийн банкны 200 сая долларын санхүүжилтаар “Монголын төмөр зам” ТӨХК үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242 тоот тогтоолоор “Таван толгой төмөр зам” ХХК-ийг байгуулж тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 304 тоот тогтоолоор “Таван толгой төмөр зам” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэх зэрэг шийдвэрүүдийг үндэслэн тус компанийн хөрөнгө оруулалтад “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 1-нээс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оруулсан 276.4 сая долларын хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх шийдвэрүүдийг тухайн компаниудын эрх бүхий байгууллага, төр, засгийн холбогдох байгууллагууд гаргасан байна.
Балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн дүнг баталгаажуулах аудитыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар аудитын “Грант Торнтон аудит” компани 2017-2019 онуудад хийж гүйцэтгэн, дээрх 276.4 ам.долларын дүнг баталгаажуулжээ. Гэвч уг асуудалтай холбоотойгоор ноцтой зөрчил гарсан нь тухайн төслийн хийгдсэн ажилд хөрөнгийн үнэлгээ хийлгэлгүй, зөвшилчсөн горимоор буюу нягтлан бодогчид, эдийн засагчид нараас асуулга асуух байдлаар баримтыг баталгаажуулжээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-иас “Тавантолгой төмөр зам” ХХК-д хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх явцад хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийн алдаа гарсан байна хэмээн дүгнэжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах төсөл нь төрийн нууцад орсон, түүний хүрээнд “Бодь Интернэшнль” ХХК-тай шууд гэрээ байгуулсан гэх боловч тухайн төслийг төрийн нууцад орох он цагаас өмнө “Тавантолгой Төмөр зам” ХХК болон “Бодь Интернэшнл” ХХК нарын хооронд уг төслийг санхүүжүүлэх, төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлох зорилго бүхий санамж бичиг 2019 оны 4-р сарын 16-ны өдөр байгуулагдаж хоёр компанийн хооронд харилцаа үүссэн байжээ.
Төрийн нууцад хамаарсан аливаа асуудалтай холбоотой бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тухайн байгууллага нь худалдан авах ажиллагааны тусгай журам боловсруулах ёстой бөгөөд энэ хүрээнд худалдан авалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч “Тавантолгой Төмөр Зам” ХХК нь худалдан авах ажиллагааны журам боловсруулалгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт явуулалгүй “Бодь Интернэшнл” ХХК-ийг шууд сонгосон байна. Мөн “Бодь Интернэшнл” ХХК нь энэхүү гэрээ байгуулагдах үед төмөр зам барих тусгай зөвшөөрөлгүй, өмнө нь төмөр зам барьж байсан туршлагагүй компани байсан аж. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд төмөр зам барих тусгай зөвшөөрлийг ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сард авсан байна гэж Түр хорооны тайланд дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гэрээндээ ийм заалт оруулж баймаар юм байна, тэгвэл. Аль нэг тал нь ил болговол их хэмжээний торгууль төлнө гээд.
Чалкогийн ард СҮ.Батболд, Норинко интернэшнл гэх зэвсгийн компаны ард Жонхуу, Сум 2 байдаг . Тэгээд л тодорхой байгаа бздэ. Данхаа шударга үнэний цангинуур хоолой л юм бол Жонхуу хулгайчаа суулгачих ...чадахгүй шдэ