Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал өглөө. Тэрбээр:
-Долоодугаар сар гараад ихэнх нутгаар хур бороо элбэгшсэн. Ялангуяа энэ сарын 3-наас төв болон зүүн аймгуудын нутгаар 20-26 цаг үргэлжилсэн бороо орж буй. Хур тунадасны хэмжээний төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр дунджаар 50 мм, хамгийн их нь Төв аймгийн Батсүмбэр суманд 116 мм хүрсэн.
Нийслэл Улаанбаатарт энэ сарын 3-наас үргэлжилсэн бороо орж эхэлсэн. Хур тунадасны хэмжээ дүүргээс хамаараад 28-33 мм хүрээд байна. Үүний улмаас Хэнтийн нуруунаас баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, мөн энэ нурууны зүүн хажуугаас эх авдаг Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн, Хангайн нуруунаас эхтэй Богд, Онги, Сэлэнгэ мөрний Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см-ээр нэмэгдлээ. Түүнчлэн Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Балж гол үерийн түвшинг 5-25 см-ээр, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастайн голын ус үерийн аюултай түвшинг 5-25 см-ээр даваад байна.
Өнөөдөр өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.
Долоодугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадастай. Мөн энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу, цахилгаантай бороо орно.
Урьдчилсан мэдээнээс үзэхэд, Туул голын усны түвшин Улаанбаатар хотод, Хэрлэн голынх Багануур дүүрэг тус тус 20 см, Ерөө голынх Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон орчимд 10 см, Онон голынх Хэнтий аймгийн Дадал сум орчимд 20 см-аар тус тус нэмэгдэх төлөвтэй. Тиймээс эдгээр гол, мөрний сав дагуу нутаглаж буй иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, түүнчлэн аялагч нарт үерийн аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ялангуяа голын эрэг, хөвөө дагуу буудаллах, суурьшихаас зайлсхийж, бага насны хүүхдүүддээ анхаарал тавиарай. Мөн зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан гол руу орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )