Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас өнөөдөр /2023.07.06/ дахин сэтэрч, нөхцөл байдал хүндрээд байгаа мэдээллийг Нийслэлийн онцгой комиссоос өглөө.
Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрсэн тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар газар дээр нь ажиллж, холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 300 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр хүн хүч дайчилж байгаа юм.
Иймд иргэд та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг уриалж байна. Учир нь хайрга, шороо ачиж байгаа машин замын түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл бий болоод байна.
Нийслэлийн онцгой комиссын өчигдөр оройны хуралдаанд яригдсан мэдээллээр үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин 20-53 см, Сэлбэ, Улиастай, Дунд голынх 5-10 см нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна. Онцгой байдлын байгууллагад 43 дуудлага, мэдээлэл ирж, энэ дагуу иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалан ажиллажээ. Мөн НОК-ын даргын тушаалаар 20 байгууллагын 40 албан хаагчтай Шуурхай бүлэг ажиллаж байгаа юм.
УБЗАА-наас хог тээвэр, зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын 364 албан хаагч тусгай зориулалтын 80 автомашин, техник хэрэгсэлтэй зуслангийн бус, “Алтай” хотхон, Сэлбэ гол дагуу нийт дөрвөн байршилд ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор таван дүүргийн найман хорооны 10,414 хэрэглэгчийн цахилгааныг тасалсан. Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа цахилгаан өгөхөөр төлөвлөсөн. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав. Мөн зуслангийн бүсийн Хуурай мухарт унасан хоёр тулгуурыг босгосон бөгөөд нийт 27 дэд өртөөний 5835 хэрэглэгчийн хүчдэлийг залгаад буй. Одоогийн байдлаар таван дүүргийн есөн хорооны 34 дэд өртөөний 5481 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үүнээс ерөнхий щит болон хувийн эзэмшлийн тоноглол усанд орсон 22 дэд өртөөний 5144 хэрэглэгч байгаа юм. Эдгээр байршлын усыг соруулж аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгана. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажилд 181 ажилтан, есөн механизм, 31 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )