2023 оны долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.
Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давлаа.
Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох магадлалтай байгаа юм гэсэн мэдээллийг УЦУОСМХ-ийн гадаргын усны судалгааны хэлтэс өглөө.
ОБЕГ-аас өнөөдөр өглөө өгсөн мэдээлээр Туул голын халилтаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийж, хамгаалалтын далан босгож байна. Мөн Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурсан.
Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч, 403 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )