"Авлига" хороололд ГАЗАР ОЛГОХ эрх мэдэл Шүүхэд байхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг өнөөдөр (2023.07.26) танилцууллаа. 

Энэ үеэр "Aqua garden" буюу "Авлига" хорооллын газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрлийг шүүхээс өгсөн гэх мэдээллийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн ажилтан тайлбар, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Aqua garden" барилгын тухайд Шүүхийн байгууллага тухайн барилгын зөвшөөрөл, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон мэтээр зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээнд бичиж, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үйл ажиллагаа явагдаж байна. Ийм мэдээлэл гарсан даруйд шүүхийн шийдвэрийн тоймыг мэдээлсэн. Тус гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа зогсоогүй байгаа учраас шат шатандаа ямар байгууллага олгосон талаарх мэдээллийг өгье. 

Монгол Улсын шүүх нь иргэн хуулийн этгээдэд тодорхой газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих эрх, зөвшөөрөл олгох хуулийн боломжгүй. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах тус хорооллын хэргийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны шүүхийн 147 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Усан парк болгосон захирамжийг хүчингүй болгосон захирамжийг шүүхээс шийдсэн. Хуулийн этгээдэд шүүхээс Газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал байхгүй.

2018 оны Нийслэлийн Засаг даргын А/111 захирамжаар олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүн дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/117 дугаар захирамжаар тус газрын зөвшөөрлийг худалдаа, үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Харин барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр өгсөн байна. Дээрх баримтаас харвал шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүйг харж болно" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.176.62) 2023 оны 07 сарын 26

Монголын шүүх гэж дээ хошин шог

0  |  0
Top