Ж.ДҮГЭР: Манай Халиун сумаас ЗУРГААН ГЕНЕРАЛ ЦОЛТОН төрсөн

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 02

“ЗАСАГТ ХАНЫ ГАЛ ГОЛОМТ” зорилтот төслийн хүндэт зочин, Асрамжийн хүүхдүүдийн авралын бурханд тооцогддог Монгол Улсын Ардын болон Гавьяат Жамъяншаравын Дүгэртэй ярилцав.


-Алтай нутгаас олон алдартнууд төрөн гарсан байдаг. Үүгээр ярилцлагаа эхлэе? 

Миний Говь-Алтай нутгийнхан бол ажилсаг, хөдөлмөрч, толгой сайтайгаараа улс орны хэмжээнд яригддаг хүмүүс. Говь-Алтайнхныг Монгол Улс дотроо еврейчүүдтэй адилтгаж, оюуны өндөр чадавхтай хүмүүс гэж үнэлдэг юм шүү. Олон сайхан жишээ хэлж болно. Говь-Алтай аймгаас Монгол Улсын баатар дөрөв, хөдөлмөрийн баатар 34, ардын цолтон 14, гавьяат багш 73 төржээ. Би энэ алдартнуудын тоонд багтаж Говь-Алтай аймгийн анхны ардын багш, зургаа дахь гавьяат багш болж, цаашид миний араас олон сайхан үе үеийнхэн төрөөсэй гэж хүсэж явдаг. Зөвхөн миний төрсөн Халиун сумаас гэхэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэвээс өгсүүлээд Говь-Алтай аймгаас төрсөн 22 генералын зургаа нь төрөн гарсан байдаг. Монгол Улсын Батлан хамгаалах яамыг Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат аав, хүү хоёр болох Ш.Жадамба генерал, Ж.Энхбаяр нар толгойлж байсан түүхтэй.

-Алтай нутгаа хөгжүүлэхэд юунд түлхүү анхаарах ёстой юм бол? 

Говь-Алтай аймгаа хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнийг хөгжүүлнэ гэдэг сайн багш, сайн гэр бүл, сайн ахуй соёлыг бий болгох юм. Үүний үндэс суурь нь сайн, чанартай боловсрол. Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг маань боловсролын салбарт анхаарал хандуулж улсын физикийн олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Үүний зэрэгцээ Говь-Алтай аймгийн маань урлаг соёл урагшлан хөгжиж байна. Аймгийн театрын тайзнаа дэлхийд алдартай жүжгүүд тоглогдож, ардын урлагаа хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарч байгаад талархууштай.

-Та хотод амьдардаг хэрнээ орон нутгийнхаа талаар сайн мэдээлэлтэй юм?

Би өдөр бүр мэдээллийн хэрэгслээр нутаг орныхоо тухай мэдээг харж, тэр бүгдийн талаар өдрийн тэмдэглэл хөтөлж байдаг хүн. Надад нутаг оронтой холбоотой зургийн жар гаруй цомог, дөчөөд өдрийн тэмдэглэл байна. Алтай нутгийн маань залуучуудад хожим хэрэг болж, ажил үйлсэд нь тус дэм болох буй заа гэж зургийн цомог, өдрийн тэмдэглэлээ баяжуулсаар явна. 

-Таныг Алтай нутгийн тухай томоохон бүтээл дээр ажиллаж байгаа гэж дуулсан?

Манай Говь-Алтайд номын мэргэд олон бий. Миний хувьд багш нарын тухай гурван боть номоо хэвлүүлсэн. Одоо Говь-Алтай аймгийн алдар цолтнуудын тухай “Төрд гавьяатай түмэнд нэртэй Алтай нутгийн алдартнууд” хэмээх 700 хуудас номоо хэвлүүлэхэд бэлэн болгоод байна. Энэ номоороо Хантайшир аймаг байгуулагдсаны 100 жилийн ойдоо бэлэг барьж байна.

-Та өөрийн амьдралдаа ямар зарчим баримталж ирсэн бэ?

Хүнд гурван гол зорилт байх ёстой. Эхний зорилт бол үр хүүхэдтэй болох. Хоёрдахь нь ном бүтээх. Гуравдахь нь мод тарих юм. Өнөө цагт Алтайчуудын маань хувьд хамгийн чухал асуудал бол мод тарих билээ. Би Эвлэлийн үүрийн дарга байхдаа Халиун суманд мод тарьж, цэцэрлэг байгуулж байлаа. Одоо тэдгээр модод маань Халиун сумыг бүрхэн сайхан ургаж байгааг нутгийн олон бүгдээрээ мэднэ. Өнгөрсөн жил Алтай хотод тариарай гэж 108 мод, Халиун сумандаа мөн 108 мод явуулсан нь сайхан ургаж байгаа гэсэн таатай мэдээ ирсэнд сэтгэл өег байна.

-Өнгөрсөн хэдэн сарын турш Хантайшир аймаг байгуулагдсаны 100 жилийн ойтой холбоотой олон ч асуудал өрнөлөө?

Алтайн хүмүүс оюуны потенциал өндөртэй, хөдөлмөрч хүмүүс. Энэ ч үүднээс аймгийн удирдлага Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан олон сайхан арга хэмжээг зохион байгуулж байна. Хоёр ч удаа эрдэм шинжилгээний том хурал хийлээ. Түүх түүхээрээ байж, үнэн зөвөөр хөгжих ёстой. Энэ асуудал дээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар маш их идэвх санаачилгатай ажиллаж, түүхийн үнэнийг төр засгийн сонорт хүргэснээр Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг авч чадсанд бахархалтай байна. Хантайшир аймгийн өлгий нутаг, гал голомт нь Говь-Алтай аймаг болох тухай түүхэн үнэнийг өгүүлсэн номууд ч хэвлэгдэн гарлаа. Миний бие Говь-Алтай аймаг ойгоо тэмдэглэсэн тухай бага сага түүх мэдэх юм. 1960 оны 12 дугаар сарын 1-нд Говь-Алтай аймаг байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх үеэр хорин хэдхэн насандаа би Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж байв. Ер нь олон алдартнууд миний адил Говь-Алтай аймгаасаа ажлын гараагаа багшаар эхэлж байсан түүхтэй. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай анх Говь-Алтай аймагтаа багшаар ажиллаж байлаа. Ингээд Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн мэндчилгээг нутгийн зон олондоо өргөн дэвшүүлье. Түүхт ойн баяраараа бүгдээрээ баяр баясгалантайгаар учран золгож, сайхан наадацгаая.

Ярилцсан: Г.ЗОЛБАЯР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top