Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж, үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа.
-Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа гарсан. Иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх энэ ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Орон гэргүй болсон болон үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Холбогдох албаныхан дэд бүтцийн асуудлыг шийдэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа.
-Иргэдийг хаашаа нүүлгэн шилжүүлэх вэ?
-Иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар нь үер болсон газраас хоёр км-ийн зайд байгаа. Иргэдийн одоо амьдарч байгаа газраас аль болох холгүй байхаар зохион байгуулалтыг хийж байна.
-Иргэд орон гэргүй болоогүй хэрнээ худал мэдээлэл өгч, тусламж, дэмжлэг авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан?
-Ийм асуудал бий. Гэхдээ бид орон гэргүй болсон эсэхийг тодорхой шалгуурын дагуу судалгаа хийж тодорхойлно. Иргэдээс гэр, орон сууцны тусламж хүссэн хүсэлт олон ирж байгаа. Иргэдээс ирсэн хүсэлтийг дахин нягталж, Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, судалж байгаа.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )