Дэлхийн эдийн засгийн төлөв сайжирсан хэдий ч тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байгааг Төв банкны инфляцын тайланд дурдсан байна.
Манай гадаад эрэлтийн төлөвийг голлон тодорхойлогч өмнөд хөршийн эдийн засгийн идэвхжил сайжирч, экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгджээ. Дэлхий дахинд нийлүүлэлтийн доголдол намжиж, газрын тосны үнэ буурсан нь улс орнуудад инфляцын түвшин саарах, эдийн засгийн идэвхжил сэргэхэд эергээр нөлөөллөө.
Гэвч улс орнуудын хооронд үүссэн геополитикийн асуудал, АНУ, Европ зэрэг томоохон эдийн засагтай улсуудын банк, санхүүгийн зах зээлийн хүндрэл, төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого нь тодорхой бус байдлын гол эх сурвалж болж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Түүнчлэн, БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлтийн төлөв саарах эрсдэлтэй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна. Монголбанк энэ удаагийн эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээнд 2023 оны зургаадугаар сард батлагдсан төсвийн тодотголын нөлөөг тусгаагүй бөгөөд эдийн засгийн төлөвийг дараах байдлаар тоймложээ.
Инфляцын төсөөлөл эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдлээ.
Инфляцын түвшин 2023 оны тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувь, Улаанбаатар хотод 10.8 хувьд хүрч алгуур буурах хандлага үргэлжилж байна. Гэвчнийлүүлэлтийн шалтгаанаас үүдэлтэй мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад хүлээлтээс өндөр өссөн, үүнийг даган үйлчилгээний инфляц нэмэгдсэн болон импортын барааны үнэ буурах хурд хүлээлтээс удаан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэнээр инфляц энэ оны эцэст нэг оронтой тоонд, ирэх оны эхний хагаст зорилтын дээд хязгаарт ирж тогтворжихоор байна.
Гэхдээ төсвийн тодотголтой холбоотойгоор ирэх улирлуудад төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмж хүлээлтээс өндөр өсөхөөр байна.
2023 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх төсөөллөөс бага зэрэг сайжруулав.
Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарахад уул уурхай болон түүнээс хамааралтай тээвэр, худалдааны салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.
Тодруулбал, БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлогын арга хэмжээ суларсантай холбоотойгоор нүүрс, зэсийн баяжмалын экспорт хүлээлтээс сайн гарч, уул уурхайн салбарын өсөлтийг дэмжлээ. Гэвч уул уурхайн бус салбарын өсөлт хүлээлтээс бага гарч, цаашдын төлөв саарах хандлагатай боллоо.
Тухайлбал, цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хөдөө аж ахуйн салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах хүлээлттэй байна. Хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг эдгээр салбаруудын өсөлт удаашрах нь хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг муутгахын зэрэгцээ өрхийн хэрэглээ, дотоод эрэлтийг агшааснаар үйлчилгээний салбарын өсөлт удааширах эрсдэлтэй байна.
Нэгдсэн төсвийн 2023 оны тавдугаар сарын гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Эдийн засгийн идэвхжил, экспортын огцом өсөлтийг даган төсвийн тэнцвэржүүлсэн орлого сайн байж өмнөх оны мөн үеэс 43.2 хувиар нэмэгдэж 8.5 их наяд төгрөгт хүрэв.
Тодруулбал, аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн орлого бүрдүүлэлт өндөр байлаа. Харин төсвийн нийт зардал оны эхний 5 сард 7.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсөв.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт энэ оны эхний улиралд эрчимжсэн бол банкны системийн зээлийн өсөлт нам түвшинд байна.
2023 оны эхний улиралд төлбөрийн тэнцэл ашигтай байж, банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэнээр М2 мөнгөний нийлүүлэлт эрчимжсэн бол 4 дүгээр сард арилжааны банкуудын гадаад актив буурснаар М2 мөнгөний өсөлтийн хурд саарав. Банкны системийн эх үүсвэр талаас гадаад валютын харилцах дансны өөрчлөлт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг голчлон тайлбарлаж байна.
Банкны системийн зээл өнгөрсөн оны сүүлийн улирлуудад хурдацтай саарч байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нам түвшинд тогтвортой байна. Зээлийн зориулалтаар нь авч үзвэл хэрэглээ, хадгаламж барьцаалсан зээл өсөлттэй байгаа бол бизнесийн зээл өмнөх оны мөн үетэй харьцуулахад хумигджээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс нэмэгдэв.
Үүнд, БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын хязгаарлалт суларснаар тус улсын үйлчилгээний салбарын өсөлт 2023 оны I улиралд хүлээлтээс хурдтай сэргэснээс гадна нийлүүлэлтийн сүлжээний доголдол харьцангуй сайжирч, тээврийн зардал буурч байгаа нь голлон нөлөөлсөн байна.
Гэвч ОХУ-Украины нөхцөл байдалтай холбоотой тодорхой бус байдал болон АНУ, Европын холбоо зэрэг томоохон эдийн засагтай улсуудын банк, санхүүгийн зах зээлд үүсээд буй хүндрэл цаашид даамжрах эрсдэл нь өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Төлбөрийн тэнцэл 2023 оны эхний улиралд 80 сая ам.долларын ашигтай гарлаа.
Нүүрсний экспортын биет хэмжээ 2023 оны I улиралд түүхэн дээд түвшинд хүрч нэмэгдсэн нь экспортын орлогыг тэтгэснээс гадна хэрэглээний бүтээгдэхүүний импорт буурснаар урсгал тэнцлийн алдагдал буурав.
Гэхдээ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импортын өсөлт, үйлчилгээний дансны алдагдал өндөр хэвээр хадгалагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )