Үерийн байгууламжийн зориулалтаар 100 гаруй машин, механизм авна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 15

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.08.15) болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгууллаа.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллахыг даалгасан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 25 чиглэлээр 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 72 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд 30 агуулахад 66 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд буй.

Мөн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг баталсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу зургаан дүүргийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 1370 тонн лаг, хагшаасыг цэвэрлэсэн. Үерийн хамгаалалтын 12.8 км урт далан, барилга байгууламжийг цэвэрлэж, 11,811 шоо метр лаг тээвэрлэсэн бол 13 байршилд борооны ус зайлуулах шугамын 84 тонн лаг цэвэрлэжээ.

Хуралдаанд Хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын тоног төхөөрөмж, машин механизмын хүчин чадлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийслэлийн есөн дүүрэгт хог тээвэр, цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр 32 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хог тээврийн 509 машин механизм бүртгэлтэй боловч 385-ыг нь өдөр тутам ашиглаж байна. 361 жолооч, 536 ачигч ажиллаж байгаа. Зам, талбайн цэвэрлэгээнд 658 үйлчлэгч, 221 машин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Хог тээврийн 207 машин 10-аас олон жил болсон. Өөрөөр хэлбэл, машин механизмын 50 орчим хувь нь хуучирсан байна" гэв.

Мөн хот тохижилт, зам цэвэрлэгээний компаниуд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа ирүүлсэн бөгөөд 187 машин механизм хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар хот БНХАУ-ын Чунчин хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд хот тохижилт, үерийн барилга, байгууламжийн зориулалтаар нэн тэргүүнд шаардлагатай 100 гаруй машин механизмыг хөнгөлөлттэй үнээр авахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.7) 2023 оны 08 сарын 16

за тэгээд машин механизм авах болохоор дундаас хулгай хийгээд хөгийн хог шүүрдэх машин гээд хүүхдийн тоглоом шиг юм аваад мөнгийг луйвардаад идчихсэн байх вий дээ

0  |  0
Top