“Хараагүйчүүдийн-48” байрны халуун усны асуудлыг шийдвэрлэлээ

2023 оны 08 сарын 24

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь жил бүр өөрийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээ, засвар, үйлчилгээний ажил хийдэг. Энэ жилийн хувьд 2.6 тэрбум төгрөгийн урсгал засварыг өөрсдийн хөрөнгөөр хийж байна.

Тус ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Хараагүйчүүдийн-48” байранд халуун ус өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус байр нь 1983 онд ашиглалтад орсон бөгөөд 60 өрхтэй, 200 гаруй иргэн оршин суудаг. Засвар хийхээс өмнө нь хавар, намрын улиралд халуун ус огт ирдэггүй байжээ.

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр “Манай байгууллагад “Хараагүйчүүдийн-48” орон сууцны оршин суугчдаас халуун устай холбоотой гомдол тасралтгүй ирдэг байлаа. Өөрөөр хэлбэл, 2007 оноос хойш тус байрны халуун ус тасалддаг болсон. Тэгвэл бид энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрсдийн хөрөнгөөр халуун усны өгөх, буцах Ф50-63 мм-н PPR-110 шугам татах ажлыг хийж, дээрх өрхүүдийг хэвийн халуун усаар хангах ажлыг хийж гүйцэтгэлээ. Иргэдийн зүгээс дээрх ажилд сэтгэл хангалуун байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 352 сая төгрөгөөр дөрвөн байршилд инженерийн шугам сүлжээ солихоос өнөөдрийн байдлаар нэг ажил нь эхэлсэн, гуравт нь тендер зарласан” хэмээв.

“Хараагүйчүүдийн-48” байрны оршин суугч Д.Отгонбаяр:

-Өмнө нь манай байрны халуун ус маш муу байсан. Ялангуяа халаалт авах, татах үед халуун ус ирдэггүй байлаа. Харин одоо халуун ус тасрахгүй болсон. Бага насны олон хүүхэдтэй болохоор өвлийн улиралд хэцүү байдаг байсан. ОСНААУГ-ын ажилчид баяр наадмын өдрүүдэд ч хүртэл амралгүй ажиллаж, биднийг халуун усаар хангаж өгсөн гэв.

 “Хараагүйчүүдийн-48” байрны оршин суугч С.С.Хүрэлбаатар:

-Иргэд зуны улиралд 10 хоног халуун ус тасрахад л хэрхэн цутардаг билээ. Гэтэл манай байр хавар, намрын улиралд халуун усгүй байдаг байсан. Манай байранд ихэвчлэн харааны бэрхшээлтэй хүмүүс амьдардаг. Халуун усны асуудлыг шийдвэрлээд өгөөч гээд явах хүн нь цөөн. Харин ОСНААУГ-аас зардал, хүн хүчээ гаргаад халуун усны асуудлыг шийдвэрлэсэнд баяртай байна гэлээ.

 

Эх сурвалж: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top