Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд өчигдөр /2023.08.24/ Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 15 бүлэг 52 хотын стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Цаашид хотын стандартууд нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хот дахь стандартчиллын тогтолцоог хөгжүүлэх, хотын стандартыг боловсруулж батлуулах, мөрдүүлэх цогц харилцааг нарийвчлан зохицуулсан бодлогын баримт бичиг зайлшгүй шаардлагатай. Иймээс хууль, эрх зүйн орчны хүрээнд хотын стандартын үндсэн цогц харилцааг зохицуулах Хотын стандартыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамын төслийг боловсруулсан бөгөөд тус журам нь нийт 6 бүлэг, 21 зүйл, 95 заалттай.
Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Журмын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлагыг тогтоох, харилцан уялдааг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоог хангуулснаар хотын стандарт, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар сайжирч, хариуцсан чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоо, чиг үүрэг тодорхой болно. Мөн уялдаа холбоо сайжирч, стандартын хэрэгжилт бодит биеллээ олж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх эерэг үр нөлөөтэй” гэдгийг онцолж байв.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
Сэтгэгдэл ( 0 )