Р.Төгөлдөр: Солонгосын их сургуулиудын тэмцээнд "MVP" болох нэр төрийн хэрэг байлаа

2023 оны 08 сарын 29

Сагсан бөмбөгийн шинэ үеийн тамирчдын төлөөлөл Р.Төгөлдөртэй ярилцлаа. 


-Манай уншигчдад өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Манай аав ээж Төв аймгийн Мөнгөнморьт сумынх. Би Нийслэлийн 96 дугаар  сургуулийг төгсөөд БНСУ-ын Сүнчоны их сургуульд  багш, дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж байна.

-Хэдийнээс сагсан бөмбөгөөр хичээллэх болсон бэ?

-Монголд байх хугацаандаа Архангай аймгийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Б.Энхманлай багшийн  удирдлагад, хотод суралцаж байхдаа сагсан бөмбөгийн дасгалжуулагч Ж.Бямбажав багшийн удирлагад бэлтгэл хийж байгаад БНСУ-д суралцахаар ирсэн. Анх сагсан бөмбөгөөр найман настайгаасаа эхлэн  хичээллэж эхэлсэн. Энэ үеэс  сагсан бөмбөгийн спорттой нэлээн гүн гүнзгий нөхөрлөж ирсэн.

ТАЛБАЙД ГАРАХААР ОРЧНООСОО ТАСАРСАН МЭТ МЭДРЭМЖ ТӨРДӨГ

-Энэ спортын юу нь өөрийг чинь татсан бэ?

-Талбай дээр гарах үед өөрийнхөөрөө, яг л орчноосоо тасарсан мэт энэ мэдрэмж намайг илүү ихээр сагсан бөмбөгийн спортод хайртай болгодог.

-Солонгост очоод өөр улсын баг тамирчидтай нэг баг болж тоглоход ямар нэгэн саад бэрхшээл тулгарсан уу. Монголоос ялгаатай тал байсан уу?

-Анх оюутны лигт орох үед өмнө нь тийм мэдрэмж төрж байсан.  Огт харж байгаагүй, танихгүй  хүмүүстэй баг болоход хэцүү. Бас багийн гишүүдээсээ ганцаараа гадаад тамирчин байсан нь ойлголцож, дасах хүртэл багагүй хугацааг зарцуулсан. Хамгийн гол нь нэг баг болж тоглоход бие биеэ мэдэрч чадахгүй байсан нь хэцүү байсан. Миний хувьд ганцаарчилсан тоглолт нэлээд  хийдэг.  Гэтэл энд бол өөр багийн бүх гишүүд бөмбөгөнд хүрсний дараа л самбар луу шиддэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Багийхантайгаа нэлээд хугацаанд бэлтгэл хийсний дараа сагс тоглох соёлыг нь мэдэрч, багийхан маань ч намайг ямар арга барилаар хэрхэн тоглодгийг мэдэж авсан болов уу. Би ч бас багийн гишүүдийнхээ тоглох арга барилыг  мэдэрч эхэлснээр манай багийн амжилт дээшилсэн.

БИ ХҮҮХЭЛДЭЙН КИНО БУС NBA ҮЗЭЖ ӨССӨН

-Бага насны мөрөөдлийнхөө тухай яриач?

-Бага байхдаа хүүхэлдэйн кино бус NBA үзэх дуртай байсан. Тэр дундаа Коби Брайант-ыг дэмжиж, шүтдэг байлаа. Түүн шиг сагсан бөмбөгч болох юмсан гэж мөрөөддөг байсан.Том болоод Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн NBA-ийн тоглогч болохыг мөрөөдөж, мөрөөдөл минь алхам алхмаар ойртож байна. Солонгосын их сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Dang Get He Namgi” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож MVP хүртэж эхний тоглолт дээрээ 18 оноо авсан минь хичээл зүтгэлийн минь үр дүнг гэж бодож байгаа.

-Шантрах үе  байсан уу?

-Маш их хичээсэн ч чадвар минь сайжрахгүй, чадахгүй байгаа юм шиг. Тэмцээнд орсон ч амжилт гаргаж, байр эзлэхгүй үедээ боддог байсан ч хэзээ ч зогсож, больж үзээгүй. Эргээд бодоход орсон тэмцээн болгон минь амжилт байжээ. Мөн шантраагүй нэг шалтгаан гэр бүл минь учир сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн үеэс бүх талаар дэмжиж, тусалсан болохоор урмыг нь хугалж,  итгэлийн алдахыг  хүсээгүй.  

Урам зориг авдаг үг эсвэл өөртөө байнга сануулдаг үгээ  бидэнтэй  хуваалцаач?

"Хүн бүрийн цаг ирдэг. Цаг нь болоогүй үед заменд суугаад бусдыг ажиглаж, алга ташдаг ч чиний цаг заавал ирнэ. Цаг чинь ирээгүй бол хичээл зүтгэл, хөдөлмөр чинь дутаад байна гэсэн үг".

 

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (218.235.90.153) 2023 оны 08 сарын 29

Ih saihan ug heljee amjilt dundee

0  |  0
Hh(139.5.217.42) 2024 оны 05 сарын 06

Hahahah

2  |  1
Top