Т.Содбилгүүн: Ээж маань миний хамгийн том фэн

2023 оны 09 сарын 17

Монголын хөлбөмбөгийн lions клубын хагас хамгаалагч Т.Содбилгүүнийг энэ удаагийн “Шинэ танил” булангийн зочноор урилаа.


-Та өөрийгөө танил­цуулаач. Мөн хөлбөмбөгийн спорттой яаж танилцсан бэ?

-Төмөн-Өлзийгийн Содстай байхдаа ангийнхаа хүүхдүүдийг хөлбөмбөг тоглохыг хараад тоглож эхэлсэн. Анх сонирхлоороо тоглож байсан ч мэргэжлийн тоглогч болохоор шийдээд хичээллэж эхэлсэн.

-Хөлбөмбөг таны хувьд хэр үнэ цэнтэй вэ?

-Хөлбөмбөгийг багийн хамтын ажиллагаа гэж боддог. Бие, биеэ мэдэрч, ойлголцож байж тоглодог спорт. Хөлбөмбөг бол амьдралын минь нэг хэсэг. Анх Бисиктас клубд тоглодог байсан. Одоо бол lions гэдэг клубд харьяалагдаж тоглож байгаа.

-Та гаргасан амжилт болон оролцож байсан томоохон тэмцээнүүдийнхээ талаар хуваалцаач?

-Олон амжилт болон оролцсон тэмцээнүүд байгаа ч хамгийн дурсамжтай, сэтгэлд хоногшсон тэмцээн гэвэл ноднин жилийн есдүгээр сард 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд орж, Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа шигшээ баг маань Азийн аварга шалгаруулах хэсгийн байранд хоёрт бичигдэж байсан. Сая болсон Зүүн Азийн залуучуудын их наадамд манай баг хүрэл медалийн эзэн болсон.

-Та ямар байрлалд тоглодог вэ?

-Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Хагас хамгаалагч нь хөлбөмбөгийн үндсэн байрлалын нэг. Талбайн дунд, довтлогч  болон хамгаалагчийн хооронд байрладаг, тэднийг холбох явцад довтолгоо болон хамгаалалтад хоёуланд нь оролцдог байрлал. Мөн дасгалжуулагчийнхаа тогло гэсэн байрлалд тоглодог.

-Бага насны мөрөөдлийнхөө тухай яриач?

-Лионель Андрес Месси Куччиттини буюу Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч, бас Кристиано Роналдо дос Сантос Авейрог үзэж, шүтэж өссөн. Тэдэн шиг хөлбөмбөгийн домог болсон тоглогч болохыг мөрөөддөг байлаа. Барселона багийн тоглогч болохыг мөрөөддөг. Үүнийхээ төлөө хичээж, хөдөлмөрлөж байна.

-Шантрах үе гарч байсан уу?

-Шантарж байгаагүй ч хичээлийнхээ хажуугаар тоглох нь хэцүү байдаг. Ээж маань арван жилээ төгсөх үед хөлбөмбөгөө болиод хичээлдээ илүү шамдах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Ээж маань миний хамгийн том фэн, ойлгож тусалж дэмждэг. Тэмцээн болгоныг минь үзээд баярлан, инээхийг нь хараад урам зориг авдаг. Ээжийгээ инээхийг хараад тоглох үедээ бүхий л асуудлаа мартаж, анхаарлаа 100 хувь тоглолтондоо хандуулж чаддаг.

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top