Европ Оросын хийгүй өвөлд бэлэн үү

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Европын өвлийн халаалтын улирлын босгон дээр Европын комисс Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хараат байдалтай хэрхэн тэмцсэн талаар хэд хэдэн баримт бичиг гаргажээ. Өдгөө ЕХ-ны байгалийн хийн нөөцөө 94 хувь бүрдүүлсэн ба Европын комисс ирээдүйг өөдрөгөөр харж байна. Европ ирэх өвлийг хэрхэн даван туулах талаар “Forbes”сэтгүүлд бичжээ.

Аравдугаар сараас гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх халаалтын улирлаас өмнө Европын комисс өөдрөг төсөөлөл гаргасан байна. 2023 оны хоёрдугаар улиралд хийн үнэ хүлээлтээс15 хувь, эрчим хүчний үнэ 11 хувиар тус тусбага гарчээ. Энэ оны гуравдугаар улиралд байгалийн хийн үнэ урьдчилсан таамгаас 21 хувь, эрчим хүчний үнэ 25 хувь бага байна гэж ЕК төсөөлж байна.

Европынхийн агуулахууд бараг дүүрчээ. Энэ ньюуны өмнө байгалийн шингэрүүлсэн хийд шилжсэн, өрхийн эрчим хүчний хэрэглээг зохицуулсны үр дүн гэж үзэж байна. ЕХ хийн агуулахуудаа арваннэгдүгээр сарын 1-н гэхэд 90 хувь дүүргэх зорилт тавьсан ба наймдугаар сарын 18-нд энэ зорилттоо хүрчээ. Одоогийн байдлаар, Европ 93 тэрбум куб м хий нөөцлөөд байна. “GasInfrastructure Europe” холбооны мэдээллээр,Европын хийн агуулахууд 93.86 хувийн нөөцтэй байгаа бол жилийн өмнө энэ хэмжээ 84.24 хувь байжээ. Ингэснээр ЕХ2027 он гэхэд Оросын эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн татгалзах зорилго тавиад байгаа юм.

ОРОСЫН ХИЙНЭЭС ТАТГАЛЗСАН ТҮҮХ

Орос Украинд довтолсноос үүдэлтэй өнгөрсөн оны эрчим хүчний хямрал үүссэнээс хойш ЕХ өвөлд бэлтгэх ажлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авсан. Тухайлбал, байгалийн хийн хэрэглээг 15 хувиар бууруулах төлөвлөгөөгөө даван биелүүлжээ. 2022 оны наймдугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд хэрэглээг 18 хувь буюу 53 куб м-ээр бууруулж чаджээ. Ингэхдээ ЕХ эрчим хүчээ хэмнэх, байгалийн хийг нүүрсээр солих,төмөрлөг, химийн зэрэг эрчим хүчний хэрэглээ өндөр салбарын үйлдвэрлэлийг танах замаар байгалийн хийн эрэлтийг буруулсан байна.

Түүнчлэн, ЕК эрчим хүчний нийлүүлэлтийг төрөлжүүлж, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлжээ. 2022 онд Оросын хийн импорт 80 тэрбум кубм-ээр буурсан бол АНУ-ын шингэрүүлсэн хийн импорт хоёр дахин буюу 50 тэрбум кубм болж нэмэгджээ. Үүний сацуу өнгөрсөн онд ЕХ-ны түүхэнд байгаагүй олон тооны нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулжээ. Ингэснээр, эрчим хүчний салбар дахь байгалийн хийн хэрэглээг жилд 11 тэрбум куб метрээр бууруулахаар тооцоолсон байна.

Түүнчлэн, байгалийн хийн биржийн үнийн огцом өсөлтийн хариу арга хэмжээ болгон түр хугацаанд үнийн тааз тогтоосон. Гурван хоногийн турш биржийн үнэ 180 еврогоос давбал энэ механизм автоматаар үйлчилдэг байхаар зохицуулалт хийсэн билээ. Энэхүү шийдвэр нь 2022 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн 2024 оны нэгдүгээр сарыг дуустал Европын бүх биржид үйлчлэх юм. Гэхдээ одоогоор энэ механизмын шаардлага гараагүй байна. Энэ сарын 11-нд явуулсан“Eurobarometer” судалгааны дүнгээс үзвэл ихэнх европчууд эдгээр арга хэмжээг дэмжиж байна.

Судалгаанд оролцогчдын 86 хувь эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг дэмжсэн бол 82 хувь нь хамтран байгалийн хий худалдан авах санаачилгыг зөв гэж үзжээ. Тэдний 80 хувь Оросоос хэт их хамаарлыг буруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол 79 хувь нь эрчим хүчний хэрэглээг буруулахыг дэмжсэн байна. 2022 онд ЕХ-ны хүн амын 9.3 хувь орон байрныхаа дулааныг бүрэн хангаж чадаагүй байна. Энэ үзүүлэлт Болгарт хамгийн өндөр буюу 22.5 хувь байгаа бол Грект 18.7хувь, Финландад хамгийн бага буюу 1.4 хувь байжээ.

ЕВРОПЫН ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ

ЕХ-ны зах зээл дээр байгалийн хийн балансыг хэрэглээ, импорт болон газар доорх хийн агуулах дахь нөөцийн харьцаагаар тодорхойлдог гэж Европын эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал ярьжээ. Эдгээр гурван үзүүлэлтээс үзвэл ирэх халаалтын улирлыг төвөггүйхэн давах найдвар төрүүлж байна. Энэ сарын 12-ны байдлаар Европын хийн агуулахуудын дүүргэлт 93.3 хувьд хүрсэн ба аравдугаар сар гэхэд 100 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн долоодугаар сараас эхлэн Европын трейдэрүүд Украины газар доорх хийх агуулахуудад хийн нийлүүлэлтээ эрчимжүүлжээ. Байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хийн нийлүүлэлт тогтвортой байгаа тул нөхцөл байдлыг өөрчлөх ямар нэгэн шалтгаан одоогоор харагдахгүй байна гэж шинжээчид үзэж байна.

ЕХ ирэх өвөл байгалийн хийн хомстолд орох магадлал туйлын бага байна гэж тэд итгэлтэй байна. Газар доорх хийн агуулахуудын нөөц бүс нутгийн хэрэгцээг хангадаггүй ч шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хэрэглээг хэмнэхэд чиглэсэн арга хэмжээнүүд Оросын хийн нийлүүлэлтийг нөхөх боломж олгожээ. Хомстол нүүрлэх эрсдэл байгаа тохиолдол ЕХ-ны орнууд эрчим хүчийг хэмнэх бодлогоо үргэлжлүүлнэ.Тиймээс өвлийн хэрэглээнээс газар доорх хийн агуулахуудын нөөцийн хэмжээ шалтгаална. Өвөл хүйтэн болбол үнэогцом өсөх магадлалтай. Гэхдээ 202 2оны нөхцөл байдал давтагдахгүй байх гэж шинжээчид найдаж байна. Өвөл хүйтэн болсон ч байгалийн хийн үнэ 1000 кубм нь 700-800 ам.долларыг давахгүй гэж төсөөлж байна.

ЭРСДЭЛ БАЙСААР

Байгалийн хийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь эрэлтийг 18 хувиар бууруулах гол хүчин зүйл байсан гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Өнгөрсөн онтой харьцуулахад байгалийн хийн үнэ хэвийн хэмжээндээ эргэн орсон тул эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Түүнчлэн, эрэлт буурсан бас нэг шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдалтай мөн холбоотой байсан. Өнгөрсөн өвөл харьцангуй дулаан байсан тул эрэлт багассан гэж үзэх үндэслэлтэй. Шинжээчдийн үзэж буйгаар байгалийн хийн эрэлт, нийлүүлэлт ойрын хоёр сард европын хувьд таатай байна.

Гэвч халаалтын улирал эхэлмэгц байгалийн хийн нөөц түргэн буурч эхэлнэ. Тиймээс ойрын 6-8 долоо хоногт Европ байгалийн хийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай. АНУ, Катарын шингэрүүлсэн хийн шинэ дэд бүтций ашиглалтад бүрэн оруулахаас нааш эрсдэл байсаар байна. 2018 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 4-ний хооронд Европ тивийг нөмөрсөн “Beast from the East”хүйтэн давлагаа дахин орж ирвэл хомстол үүсэх магадлал бий.

Өнгөрсөн өвөл цаг агаарын байдал Европын хэрэглэгчдэд ээлтэй байсан. Байгалийн хийн үнэ хэвийн хэмжээнд хүрч, тогтворжих нь Европ дахь эрчим хүчний хэрэглээ өндөр үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа сэргэхэд хүргэнэ. Гэхдээ Европ нь өндөр үнэтэй хийн импортлогч. Эрчим хүчний өндөр хэрэглээтэй үйлдвэрүүдэд тус бүс нутагт байрлах нь ашиггүй тул эдгээр үйлдвэрүүд хямд хийтэй улс орон болон АНУ, Ойрх Дорнод, Хятад зэрэг экологийн сул зохицуулалт бүхий орнууд руу шилжиж байна.

ОРОСЫН ШИНГЭРҮҮЛСЭНХИЙ ЕВРОПТ

Оросын хийн хоолойгоор нийлүүлдэг хийн импорт буурснаас хойш хязгаарлалтад ороогүй Оросын шингэрүүлсэн хийн нийлүүлэлт ихээхэн нэмэгдэж байна.

Олон улсын “Global Witness” ашгийн бус байгууллагын мэдээллээр, 2023 оны эхний долоон сард ЕХ-ны гишүүн орнууд Оросоос 22 сая куб метр шингэрүүлсэн хий худалдан авсан нь 2021 онтой харьцуулахад 40 хувиар нэмэгджээ. Ингэхдээ ЕХ-ны гишүүн орнууд нийт 5.3 тэрбум евро зарцуулсан байна. Испани, Бельги хоёр Оросын шингэрүүлсэн хийн импортын хэмжээгээр Хятадын араас хоёр, гуравт оржээ.

Европ Оросын байгалийн хийнээс татгалзахын тулд шингэрүүлсэн хийн терминал барьсан. Хийн импортын бүтэц өөрчлөгдөж, хийн хоолойгоор дамжих хийн оронд шингэрүүлсэн хий авахын төлөө тэмцсэн. Европ руу нийлүүлэх Оросын шингэрүүлсэн хийн экспортыг нэмэгдүүлэх боломж “Ямал СПГ” болон “Газпром”, “Новатек”компаниудын нийлүүлэлтээр хязгаарлагдаж байна. Шингэрүүлсэн хийн томоохон төсөл болох “Сахалин 2” нь Европоос хэт хол байрладаг. Ложистикийн боломж нь Хятад, Япон эсвэл БНСУ-д чиглэсэн байдаг байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ням(91.141.48.124) 2023 оны 09 сарын 20

Тэртэй тэргүй европ тив сүйрч бга.Амери кууд далдаганан баясагч нараа хөсөрт хаяад зөвхөн өөрсдөө орших үл орших тухай дайн болсон.!

0  |  0
Del (202.55.188.117) 2023 оны 09 сарын 19

Гол нь үнэ шүү дээ

0  |  0
shal hudalaa buraad (66.181.190.142) 2023 оны 09 сарын 20

Odoo hiin noots ih baigaa ni ondor vnees bolj germanii olon aj vildveruud dampuurch haagdaj hereglee zvgeer bagsaad l ter l dee. Deer orosiih hii 270 dollar baisan bol odoo amerikaas ireh hii 500 dollar ch de. Bas orosoos baltiin hooloigoor avch chadahgui tul tankeriin shingervvlsen hiig iheer avdag bolson doo. shgervvlsen hii vnetei bas butsaaj hiin tolovt oruuldag tul zardal ihtei dee. hoolin hii hyamd l da. germanii baavar mujiin said baltiin hiin holoig zasahgui bol zardal ulam ih bolonoo geed bgaa sh dee.

3  |  0
Top