ЖИГ ЖУГ | Ц.Анандбазар гишүүний хөнжил

2023 оны 09 сарын 29

Нэгэнтээ иргэн Б.Сүндэръяагаар цахим орчинд цоллуулж, “Сүргийн манлай” хэмээн хочлуулах болсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын сайн гэхээсээ саар нэр нь илүүрхэнэ. Гэхдээ тэр хэдийгээр саар нэртэй ч булганчуудад ихээхэн таалагдах аж.

Таалагдах болсон шалтгаан нь ердөө мишок буюу аяны хөнжил, дуран гэнэ. Тэрбээр хөдөө малчдын “нүд минь” хэмээн эрхэмлэдэг дуран, хадлан бэлтгэх, отор нүүдэл хийхэд хамгийн хэрэгтэй аяны хөнжил бэлэглэсэн байна. Булган хангай нутагт хөл тавьж, хөдөө малчны хотонд буухадайл бүхэнд Ц.Анандбазарын өгсөн дуран байх агаад малаа дурандах болсон гэрийн эзэн “Алив дуран аваад ир” гэхээр хүүхдүүд нь “Аль дуран бэ” гэхэд гэрийн эзэн “Анандын дуранг...нөгөөх нь хэрэггүй” хэмээн зандрах аж.

Мөн хадлан тэжээл бэлтгэхээр явах, уяачид наадамд хөдлөх болоход “Алив, Анандын хөнжлийг авч явна, аятайхан байдаг юм” гэнэ. Үүнээс харахад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хөнжил, дурангаар булганчуудын зүрхэнд байр сууриа хэдийнэ эзэлжээ. Эрхэм гишүүн хаана, хэнд юу таалагдах вэ гэдгээ сайтар мэддэг бололтой.

Тэрбээр саяхан Булган аймагт “Айрагны хөшөө ”босгосон. Үүнийг иргэд “Хэнд чхэрэггүй хөшөө босгож байхаар нэг сургууль тохижуулж, эмнэлэгт багаж хэрэгсэл аваад өгчихгүй” хэмээн шуугисан. Гэвч хөшөө хавиар явсан эрэлчид, замын хүмүүс тус газарт аяны дөрөө амрааж, “Анандын хөшөө” хэмээн сэржим өргөн тухлах болжээ. Уг нь Ц.Анандбазар гишүүнийг олон хүүхний асуудлаас үүдэн, МАН-ын гишүүнээс түдгэлзүүлчихсэн, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд ч суух эрхгүй хүн шүү дээ. Энэ утгаараа айсуй 2024 оны сонгуулиар МАН-аас мандат авахгүй гэсэн үг. Гэтэл Булган аймагт “Ананд”-аар нэрлэсэн зүйлс өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(202.9.40.34) 2023 оны 10 сарын 03

сонгуулийн ажил эхэлчихсэн юм уу

1  |  0
Top