Харц ардаас хутагтыг хүртэл ховсодсон “ХАР АЛТ”

2023 оны 10 сарын 03

Ард иргэдээсээ эхлээд сайд дарга, хутагт хувилгаад нь хүртэл сахил санваараа мартан тэмцэхийг бодоход нүүрс хэмээх “хар алт” ихээхэн үнэ цэнтэй зүйл бололтой. Учир нь Говийн есдүгээр Догшин ноён хутагт О.Данзанлувсантүдэв нүүрсний асуудлаар шалгагдаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Бүр саатуулагдаад суллагдсан бололтой. Бидний мэдэж байгаагаар бол УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы эхнэрийн гуйлгаар Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн нь ийнхүү саатуулагдах шалтгаан болсон гэх эх сурвалжийн мэдээлэл бий.     

Ямартай ч албан мэдээлэлд Ноён хутагтын нэр бол бий. Үүнийг тодотговол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Тэгэхээр Ноён хутагт буюу О.Данзанлувсантүдэв нь 21.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “Эрх мэдэл, албан тушаал урвуулан ашиглах” хэмжээний алба хашаагүй. Мөн “Хахууль авах” хэмжээний албан тушаал байхгүй учраас энэ хоёр зүйл анги хутагтад хамаарахгүй байх. Харин 21.2 дугаар зүйлийн 1 “Худал мэдүүлэх”, 20.3 дугаар зүйлийн 1, 3 “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх”, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зүйл заалтад хамаарч болох юм. Үүнээс гадна 22.5 дугаар зүйлийн 1 “Хахууль өгөх”, 18.6 дугаар зүйлийн 1 “Мөнгө угаах” гэх зүйл ангид хамаарч болох таамаг дэвшүүлж байна. Энэ талаар холбогдох газраас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөөгүй.

Олны ярьж байгаагаар бол Ноён хутагт О.Данзанлувсантүдэв нь нүүрс тээвэрт цөөн тооны машин явуулдаг бололтой юм. Өнөөдөр толгойтой бүхэн л нүүрс тээвэрт машин явуулахыг эрмэлзэх болсон. Нөгөө талаар нүүрс тээвэрт машин явуулж байгаа хүн бүхнийг бараг толгой даран шалгаж байгаа. Тиймээс Ноён хутагтыг олны жишиг даган шалгаж байж ч болох юм. Гэхдээ л түүнд яллах дүгнэлт үйлдсэн байгаагаас харахад огт хэрэг хийгээгүй гэсэн үг биш.  

Уг нь өдгөөгөөс арван жилийн өмнө тавдугаар Ноён хутагт Д.Данзанравжаагийн төрсөн нутаг, Хөвсгөл сумаас Отгоннамжилын Угтахбаяр гэдэг 26 настай залууг есдүгээр хутагтаар тодруулж, Данзанлувсантүдэв гэх номын нэр хайрлаж байв. Ноён хутагт О.Данзанлувсантүдэв Улаанбаатарт Шашны дээд сургууль дүүргээд, Хамарын хийдэд шавилж, улмаар Энэтхэг улсад номын дуу сонсож, бурхан шашны номд нэвтэрсэн нэгэн бөгөөд 400 гаруй хүнээс буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIY Далай лам Данзанжамц шигшин тодруулсан юм. Гэтэл арван жилийн дараа нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаад сүсэгтэн олон гайхаж байна. Ноён хутагтын маань хэрэг үүгээр ч дуусахгүй бололтой. Үүний зэрэгцээ тодорхой хэргээр шалгаж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байсан.

Ямартай ч Ноён хутагт маань өнгөрөгч зун Дорноговь аймагт зохион байгуулсан Д.Данзанравжаа хутагтын мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадмын нээлтэд оролцож үг хэлээгүй. Наадамчин олон арга хэмжээний гол утга учир Ноён хутагтынхаа хойд дүрийг харж суусан нь дамжиггүй. Уг нь есдүгээр хутагтын хувьд хамгийн том баяр, хамгийн их ач холбогдол үзүүлэх ёстой баяр наадам хэдий ч тэрбээр гэгээн дүрээ харуулаагүй тухайд нутгийнхан ярьдаг. Гэтэл хаа байсан нүүрсний хэрэгт татагдчихсан явж байгаа нь чухам юунд ач холбогдол өгч байсныг харуулж байгаа хэрэг биз ээ.

Өнөөдөр нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд, сайд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байна. Харин хутагт хүнийг чухам юунаас түдгэлзүүлж болохыг мэдэхгүй юм. Олны таамаглаж байгаагаар бол Ноён хутагт маань УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы үүсгэсэн гэх бүлэглэлд хамаатай байж болох талтай. Энэ бүлэглэлд дарга, сайдаасаа эхлээд нийгмийн салбар салбарын хүмүүс их бага хэмжээгээр холбогдсон. Харин энэ бүлэглэлд хутагт хувилгаад байгаагүй ч одоогоор ийнхүү албан ёсоор бий болж байна.

Х.ӨЛИЙТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говор(202.126.89.65) 2023 оны 10 сарын 05

Хуурамч хутагт

0  |  0
Зочин(59.153.112.191) 2023 оны 10 сарын 03

Ээ монгол миньмонгол минь юу болоод байнаа

0  |  0
зочин(103.57.95.88) 2023 оны 10 сарын 03

жинхэнэ ноён хутагт тиим гэмт хэрэг юу гэж хийхэвдээ, тэхээр амьдрал ёстой мөн бишийг тодруулжээ. Ноён хутагт чинь жинхэнэ арилсан хүншдээ, хэзээ ч хэдэн төгрөгний төлөө явахгүй.

0  |  0
Зочин(139.5.217.152) 2023 оны 10 сарын 04

Лам хутагт хувилгаачдыг зүхэж загнаад хэрэггүй байхаа хүмүүсээ үхэх төрөх үнэн шиг шашин ламдаа сүсэглэх нь бас их учиртай санагддаг шүү.

0  |  1
зочин(139.5.219.184) 2023 оны 10 сарын 03

НҮДНИЙ БУЛАЙ БУЛАЙ

0  |  0
Хов хов(76.105.223.57) 2023 оны 10 сарын 03

muu baastai banid atsnii chini noyon hutagt.

0  |  0
Нүүрс(202.55.188.116) 2023 оны 10 сарын 03

Нарбанчин гэгээнтэн гэгч бас хадамтайгаа нүүрсэнд холбогдчихоод байна.

1  |  0
МОНГОЛ(43.242.242.140) 2023 оны 10 сарын 03

АРАЙ Ч ДЭЭ. ДАЛАЙ ЛАМ МААНЬ ХУВИЛГААН ГЭЖ БАЙДАГГҮЙ ГЭЭД БАЙСАН Ш ДЭЭ

2  |  0
Хутагт(66.181.185.61) 2023 оны 10 сарын 03

Хамрын хийдийнхэн эвгүй эвгүй

0  |  0
Top