Монголчехметалл ХХК-ийн хайлуур, жоншны баяжуулах үйлдвэрийн нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

    Чулуут цагаан дэлийн жоншны орд газрыг 1982 оноос “Монголчехметалл” ХХК ашиглаж, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-д экспортлож ирсэн бөгөөд 2020 оноос баяжуулах үйлдвэрээ барьж эхэлсэн байна. Харин тэд өөрсдийн гараар бүтээсэн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Эрдсийн түүхий эдийг боловсруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төр, засгийн бодлогод нийцэж буйн зэрэгцээ сум, орон нутгийн хөгжил, иргэдийн болон өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг ч үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга онцолж байлаа.

“Монголчехметалл” ХХК-ийн баяжуулах үйлдвэр жилд 200 мянган тонн хүдэр боловсруулж, 97 хувиас дээш агуулгатай 64 мянга тонн жоншны баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Чулуут цагаан дэлийн уурхай 43 хувийн агуулгатай 3.7 сая тонн хайлуур жоншны нөөцтэй бөгөөд 2013 оноос явуулсан олборлолтын үр дүнд 30-35 хувийг агуулга бүхий 400 мянган тонн хүдрийн овоолго хуримтлагдаад байгаа гэнэ. Энэхүү хуримтлалыг шинээр олборлох хүдэртэй хольж баяжуулан, 97 хувиас дээш өндөр агуулгатай баяжмал гаргах технологийн горимыг тус үйлдвэрт суурилуулсан байна. Буталж, нунтагласан хүдрийг флотацийн аргаар хөвүүлэн баяжуулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж, туршилт тохируулгыг БНХАУ-ын Xinhai групп хариуцан ажилласан байна. Үйлдвэрт 1.0 кг хүдрийг баяжуулахад 3.3 литр ус зарцуулах бөгөөд ашигласан усны 86 хувийг дахин ашиглах эргэлтийн усан санг байгуулсан байна. Мөн үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг барилгын материалын түүхий эдийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилд 100 мянган тонн жонш экспортлодог бөгөөд баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр энэ үзүүлэлтийг 60 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэлээ. Чулуут цагаан дэлийн жоншны уурхай болон баяжуулах үйлдвэрт нийт 280 гаруй хүн ажиллаж байгаагийн 100 орчим нь нутгийн иргэд юм. Өнөөдөр манай улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.доллар орчим байна. Энэ үзүүлэлтийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлж, Чулуут цагаан дэлийн баяжуулах үйлдвэрийн нэгэн адил нэмүү өртөг шингээх аж үйлдвэрлэлийг дэмжих нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 10 сарын 03

Ulnii hymyysed hyrteel bna uu.Huvtsaa taraaj olgoh uu.Tegvel Mongoliin bayalag Mongol hyndeel ireh baih daa.Ai medehgyi ene mapchisan tur MANiihan saihan shouchin turiin deeremchiud.

0  |  0
Ми(202.9.41.24) 2023 оны 10 сарын 02

Эзэн нь Далай гэдэг хүн мөн үү

0  |  0
Top