Улаангом хотноо бүсийн оюутны спорт, урлагийн 23 дугаар наадам болно

2023 оны 10 сарын 03

Увс аймгийн Улаангом хотноо бүсийн оюутны спорт, урлагийн 23 дугаар наадам нь 2023 оны аравдугаар сарын 12-14-нд болно.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллеж хамтран "Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн Универсиад 23 дугаар наадам"-ыг 2023 оны аравдугаар сарын 12-14-нд зохион байгуулахаар боллоо. Энэхүү наадам нь 1998 онд Завхан аймагт "Баруун бүсийн оюутны спортын наадам" нэртэй анх удаагаа зохион байгуулагдсан байна. Энэхүү наадмын ерөнхий зохион байгуулалтыг 2001 оноос МОСХ  хариуцан, зөвхөн бүсийн төдий бус орон нутгийн их, дээд сургуулийг оролцуулан явуулахаар болжээ.

Наадам нь зөвхөн спортын 5-6 төрлөөс гадна, урлагийн 5 төрөл дээр зохиогдохоос гадна ЭШХурлыг явуулж, их, дээд сургуулийн удирдлагуудын уулзалт, оюутны холбооны дарга нар болон биеийн тамирын багш нарын уулзалт, бусад арга хэмжээнүүдийг явуулдаг байна.Энэхүү наадам нь бүсийн оюутнуудыг хувьд олон шилдэг оюутан тамирчид, урлагийн шилдэгүүд оролцсон өндөр зохион байгуулалттай, ур чадвараа сорьсон, ирээдүйн алдартануудыг төрүүлэн гаргасан сайхан арга хэмжээ болж, олон жил уламжлал болон тасралтгүй явагдаж иржээ.

Харин 2020-2022 оны Ковидын цар тахлын үед наадам нь явагдаагүй бөгөөд МОСХ болон Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн санаачлагаар энэхүү наадмыг сэргээн зохиохоор болж Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд дэмжин, аймгийн Зохион байгуулах комиссыг байгуулан, наадмын зааварыг батлан гаргасан. Энэ онд Увс аймагт анхлан байгуулагдсан дээд боловсролын байгууллага болох Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн 25 жилийн ой тохиож байгаа ба аймгийн удирдлагууд ийнхүү сургуулиа болон аймаг, бүсийн оюутан залуусынхаа санаачлагийг дэмжин ажиллаж байгаа ажээ.

Энэхүү наадам нь Ховд аймагт 5 удаа, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт 4 удаа, завхан аймагт 3-н удаа, Архангай аймагт 2 удаа зохион байгуулагдаж байв.Харин Увс аймагт 2002, 2005, 2013, 2018 онуудад явагдаж байсан юм. Ийнхүү Увс аймаг 2023 онд уг наадмыг 5 дах удаагаа хүлээн авахаар бэлтгэл ажлаа амжилттай хангаж байна .Энэ удаагийн наадмын зорилго нь Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авъяас чадварыг сорих, хөгжүүлэх, урлаг, гоо зүйн мэдрэмжийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуучуудыг өргөнөөр хамруулах явдал юм.

Увсын оюутны спортын наадам нь зөвхөн баруун бүсийн сургуулиудаас гадна, хангай, говийн бүст үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудыг хамруулан оролцуулахаас гадна ОХУ-ын Тувагийн их сургууль, Казахстан, БНХАУ-ын зарим их, дээд боловсролын байгууллагуудыг оролцуулсан олон улсын арга хэмжээ болгон, өргөжүүлэн явуулахаар болсон.Энэхүү XXIII наадам нь волейбол, үндэсний бөх, сагсан бөмбөг 3х3, шатар, ширээний теннисний спортын төрлөөр явагдахаас гадна урлагийн тоглолтоос гоцлол дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, оюутан миссийн уралдаан явагдаж, шалгарсан оюутнуудад Монгол Улсын 2023 оны оюутны аваргын алт, мөнгө, хүрэл медалийг МОСХ, Зохион байгуулах комиссоос гардуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олимп(66.181.160.67) 2023 оны 10 сарын 03

Баруун бүсийн олимпын наадам удахгүй болох нь ээ!

0  |  0
Top