УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай ярилцлаа.
-Энэ удаагийн парламентын сүүлийн намрын чуулган /2023.10.02/ нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы гол онцлог юу байх вэ?
-Бүрэн эрхийн хугацааны сүүлийн намрын чуулган хууль журмын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Намрын чуулганы нэг онцлог бол улс орныхоо ирэх оны төсөв, хөрөнгө оруулалтыг баталдаг. Гол асуудал үүн дээр төвлөрдөг. Дээр нь бид ил тод байдлыг хангах, эдийн засагт төрийн оролцоог бууруулах, заяагдмал баялаг дээр тулгуурлагдсан аж ахуй, бизнесийн харилцаанд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, өмнөх он жилүүдэд үүсэж, хуримтлагдсан худал хуурмаг, хулгай зэлгийг арилгахад олон нийтийн оролцоог хангах нь чухал. Тийм учраас Өмчийн багц хууль орж ирж хэлэлцэгдэх байх гэж ойлгож байгаа. УИХ дээр Ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орсон. Үүний дагуу Их хурал дээр ярьж, зөв шийдлүүдийг олох байх.
Хоёрдугаарт, бодлогын түвшиндээ анхаармаар асуудлууд байгаад байна. Дан ганц хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгэм, соёл гээд явахын зэрэгцээ улс орны эдийн засгийг тэлж, нэмүү өртөг бий болгож байдаг салбаруудаа дэмжих төрийн бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө санхүүгийн дэмжлэгийн асуудлыг зөв зохистой шийдэх хэрэгтэй. Ноднин жил бид Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд эдийн засгийн бодит салбаруудаа дэмжих ерөнхий чиглэл тодорхой хэмжээнд гарсан. Улсын төсөв дээр 229 тэрбум төгрөг тусгаж, банкны салбараар дамжин очиж буй зээлийн эргэлтийг нэмэх, хүү нь бага байж, жинхэнэ баялаг бүтээж байгаа хүмүүстээ очих зэрэг асуудлыг нухацтай авч үзсэн. Тийм учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан чиглэл дээр хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа эрчимтэй явуулж, үр дүнг нь аль болох цаг хугацааг нааш нь татаж үзэх зайлшгүй шаардлага байна. Энэ тал руу төсвийн болон хөрөнгө оруулалтынхаа бодлогыг чиглүүлж ажиллах ёстой. Эрэмбэ, дараагаа зөв тогтоох ёстой. Байгаа нөөцөө чухам юунд зарцуулах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн намрын чуулган энэ талаасаа нэлээд онцлогтой болох болов уу гэж харж байна.
-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Төсөв дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар хуулийнхаа дагуу УИХ-д 2024 оны төсвийн төслийг өргөн барьсан. Тодорхой асуудлууд дээр ажлын хэсгүүд гарч, дүгнэлтээ хийнэ. Бид төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, үр өгөөжийг нь дээшлүүлэх чиглэлээр өнгөрсөн намрын болон хаврын чуулганаар үе шаттайгаар Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад дагасан хуулиудад нэлээн өөрчлөлтүүд хийсэн. Ингэснээр төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, иргэд олон нийтийн оролцоон дээр тулгуурлах, мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг илүү авч, дүн шинжилгээ хийх, өргөн хэлэлцүүлгийн хүрээнд асуудлуудаа эрэмбэлэх гээд олон зүйлийг нэмэлт, өөрчлөлтөөр оруулж өгсөн. Энэ заалтуудын хэрэгжилтийг хангах ёстой. Тэгж байж төсвийн ил тод байдал, сахилга, хариуцлагыг сайжруулна. Нийгэм, соёлынхоо салбаруудыг гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчим руу шилжүүлсэн. Тийм болохоор ажил, үйлчилгээнийхээ үнийн асуудлыг тодорхой харах асуудал бий байх. Хоёрдугаарт, гүйцэтгэл, үр дүндээ тулгуурлаж, нийт гарах зардлаа илүү нарийн тооцох асуудал байгаа. Ингэж байж бид нийгэм, соёлын байгууллагуудаас иргэд, олон нийтэд хүрэх үйлчилгээний хүртээмж, чанарын асуудлыг нэмэгдүүлнэ. Нөгөө талдаа тэнд ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө ажлын үр дүнгээр амьдралынхаа чанарыг дээшлүүлэх бололцоо, боломж нь бүрдэх ёстой. Тийм ч учраас бид хэд хэдэн томоохон өөрчлөлт хийсэн.
-Тухайлбал?
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж хөдөлж байдгаар зохицуулалт хийсэн. Дээр нь үр дүнгийнхээ урамшууллаар тодорхой нэмэгдэл авч байх бололцоог бүрдүүлсэн. Нөгөө талд хөрөнгө оруулалтын асуудал гарч ирнэ. Энэ онд бид шинэ хөрөнгө оруулалтаа зогсоож байгаад өмнөх жилүүдэд явсан ажлуудыг гүйцэтгэлийн ихэнхийг нь дуусгая гэдэг чиглэл барьсан. Орон нутагт энэ ажил нэлээд урагштай явж байна. Мэдээж амьдрал л юм хойно нийгмийн хөгжил, үйлчилгээний нэр төрлөө дагаад өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнүүд бий болно. Хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнөөс үүдэн сургууль, цэцэрлэг дотуур байрны хэрэгцээ нэмэгддэг. Үүнээс гадна төрийн зүгээс хөгжлийг тэтгэдэг дэд бүтцийнхээ асуудлыг л шийдэх ёстой. Хүн ажил хийе гэхэд цахилгаан, дулаан нь байдаг байх хэрэгтэй. Мэдээж гол, гол бүс нутгуудыг засмал замаар холбох асуудал бий. Ингэж байж цаг хугацаа, эргэлтийг хурдасгана. Аль болох хямд өртөг зардлаар үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүрч болох тээвэр ложистикийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Дээр нь эдийн засгийн суурь салбарынхаа хөгжлийг хангах асуудал байна. Бид хөдөө аж ахуйг эдийн засгийн суурь салбар гэдэг. Үнэхээр мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл бол эдийн засгийн суурь салбар мөн. Иргэдийн маань ахуй амьдралын суурь болохоос гадна бусад салбаруудын хөгжлийн суурь, түүхий эдийнх нь нөөц болдог. Ингэж байж бид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргаж, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөж байж хөдөө аж ахуйн салбар маань бусад оронтой өрсөлдөх түвшинд очих учиртай. Энэ талаас харж, бодит эдийн засгийн салбаруудаа дэмжих асуудлаа зөв шийдэх ёстой. Мөн цар тахал, цэрэг дайны асуудлуудтай холбоотойгоор инфляц нэлээд өндөр байсан. Харин энэ онд жаахан сэргэлт авлаа. Үүнийг бид мөнгөний болон төсвийнхөө бодлогоор дэмжих, тогтворжуулах, ахиулах хэрэгтэй байна. Инфляцынхаа түвшинг тавьж байгаа том зорилт буюу нэг оронтой тоо руу оруулж ирэх нь чухал. Тийм болохоор аливаа зүйлд хамаагүй цамаан бийлэгжүү, үрэлгэн байдлаар хандаж болохгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэй, хоорондын уялдаа зохицол, процентуудыг бариулж хөрөнгө оруулалтын бодлого явах ёстой. Тиймээс ирэх оны төсвийг би эх орныхоо хөгжлийг хангах, “Шинэ сэргэлт”-ийнхээ үйл ажиллагааг дэмжсэн төсөв болж батлагдана, төсвийн бодлого зарчим нь энэ рүүгээ чиглэнэ л гэж харж байгаа.
-Та төсвийн ил тод байдал, сахилга хариуцлагын талаар ярьж байна. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн автобус худалдан авсан, гэрээг нь улсын нууцад оруулсан зэрэг нь нэлээд асуудал дагуулж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ нийслэлийнхээ түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хөгжлийг хангах парк шинэчлэлийн хүрээнд 339 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгаж өгсөн. Худалдан авах ажиллагаа явагдаад сая хэд хоног бүгдээрээ тал талаасаа мэтгэлцлээ. Тийм ч болохоор өнөөдөр/өчигдөр/ УИХ-ын чуулган дээр Их хурлын дарга тодорхой үүрэг чиглэл өглөө. Их хурал, хууль хяналтын байгууллагуудаас Ажлын хэсгүүд гарч, техник, худалдан авах ажиллагааны талаас чухам юу болсон бэ гэдэг их бодитой дүгнэлтээ гаргаж ирэх ёстой. Үүн дээр нь тулгуурлаж холбогдох арга хэмжээнүүд авах учиртай. Иргэн хүний, Их хурлын гишүүний хувьд хэлэхэд үнэхээр хуучин автобусанд капитал засвар хийгээд оруулаад ирсэн бол буцаах ёстой. Бид ард түмэнд ийм техник хэрэгслээр үйлчилгээ үзүүлж таарахгүй. Төсвийн мөнгийг ингэж үрж болохгүй. Ер нь улс орнуудын нийтийн тээвэрт ямар технологи, техник ашиглаж байгаа юм. Тэр нь иргэддээ ая тухтай, ээлтэй орчныг бүрдүүлж байгаа юм, бид түүн рүү л явах ёстой. Түүнээс биш хөрөнгөндөө тааруулж байна гэж яриад асуудалд гоомой хандаж болохгүй. Яг болсон үйл явцыг өөрөө нүдээр үзэж, баримт материалыг нь эргүүлж хараагүй учраас урьдчилан тэгэх, ингэх ёстой гэхэд арай эрт байна. Гэхдээ гол баримтлах ёстой зүйл бол нийтийн тээврийн парк шинэчлэлийг шинэ зүйлээр, үйл ажиллагааг нь тогтвортой аваад явчих хэмжээний байдлаар хийх ёстой. Бид Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулиа шинэчилсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явна. Энэ хуулиар худалдан авах ажиллагаанд хувь хүмүүсийн үзэмжээр ханддаг байдлыг хаасан. Мөн төрийн байгууллагад байнга хэрэглэгдэж явдаг зүйлсийг жил бүр тендер зарлаж, тендерийг тоог нэмж ажиллагааг удаашруулдаг байдлыг болиулсан. Ингэхдээ цахим дэлгүүр байгуулж, тэндээ хувь хүн, байгууллагууд бүтээгдэхүүнийхээ үнийг саналыг тавьдаг. Түүнээс нь хамгийн чанартай, бага үнийн саналтайг нь сонгож, гурван жилийн хугацаанд өөрсдийн хэрэгцээг хангах эрх зүйн зохицуулалт хийсэн. Үүнээс гадна бид эм, эмнэлгийн хэрэгсэл дээр нэлээн томоохон дэвшил гаргахаар энэ хуульд өөрчлөлт оруулж өгсөн. Нэгдүгээрт чанар, хоёрдугаарт үнэ байна гэдгийг тусгасан. Тэгэхгүйгээр хамгийн бага үнийн санал гээд явахаар тухайн өвчин эмгэгт үйлчлэх үйлчлэл, дарангуйлах чадвар муутай эм авч хэрэглэж байгаа нь иргэдээ хордуулах, эмэнд дасах зүйлийг бий болгоод байна. Тийм болохоор аль болох олон улсын стандартад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслийг авч хэрэглэдэг. Энэ хэрээрээ өвчин эмгэг бүрэн эдгэдэг байдлыг бий болгох ёстой. Дээр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн байгууллагуудаас шууд худалдан авалт хийх бололцоонуудыг нээж өгсөн. Ийм байдлаар уг хуулийг нэлээд тодорхой болгож баталсан. Төрийн худалдан авалтаар явж байгаа үйл явцуудын ил тод, нээлттэй байдлыг хангах, цахим мэдээллийн сан бүрдүүлэлт зэргийг эрх зүйн хувьд нь баталгаажуулж өгсөн.
-Намрын чуулганаас ард түмний хүлээж байгаа бас нэгэн гол зүйл бол “Нүүрсний сонсгол”. Харин энэ чуулганаар сонсголыг хийж, нэг талдаа гаргаж чадах болов уу?
-Би хувьдаа чадна л гэж ойлгож байгаа. Ер нь чадахад ч бэлэн байгаа. Яагаад гэхээр УИХ-аар Хяналт, шалгалтын түр хороо байгуулагдан ажиллаад бүх зүйл бэлэн боллоо гэдэг мэдээллээ өгсөн. Гэтэл Түр хорооны маань ажиллах хугацаа дууссан учраас шинэ Түр хороо байгуулсан. Тэгэхээр шинэ Түр хороонд бэлэн суурь материал нь байгаа гэсэн үг. Харин тодорхой зүйлүүд дээр лавшруулж нягтлах зүйл бий байх гэж бодож байна. Мөн хууль хяналтын байгууллагууд дээр энэ асуудал шалгагдаад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт нь явагдаж байгаа учраас зарим тохиолдолд Их хурлын Түр хороо ажиллах боломжгүй тохиолдол бий. Энэ мэтийн зүйлээс болоод бид хавар сонсголоо хийж чадалгүй орхисон. Гэхдээ одоо бол хийх ёстой. Маш сайн хийгээд жинхэнэ гэм буруутай нөхдийг тогтоож, улс орны хэдий хэрийн хохирол учруулсныг нь тогтоох ёстой. Ер нь энэ худал хуурмал, хулгай луйврыг цаашид гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, улсад учруулсан хохирлоо төлдөг байх, өөрийнхөө хийсэн гэм зэмдээ тохирсон ял, шийтгэлээ эдэлдэг байх ёстой. Энэ талаарх байр сууриа бий намын бүлэг, Их хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаануудад маш тодорхой илэрхийлж ирсэн.
-“Нүүрсний хулгай”-д холбогдуулан зарласан хүмүүсийнхээ хэргийг улс төрийн зорилгоор буюу ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхын тулд зориуд удааж, гацааж байна гэсэн хардлага ч гарч байна шүү дээ?
-Би яг өөрийн чинь асуусан өнцгөөс асуудлыг харахгүй байна. Бид шударга ёсны хүсэмжлэл, ил тод, нээлттэй байдлыг хангаж, улс орны иргэд хүртэх ёстой үр өгөөжөө хүртэх үйл явц руу нь л бид бодлогоо чиглүүлэх ёстой. Тийм болохоор энд ямар нэгэн улс төрийн зорилго, дур зоргоор асуудалд хандах зүйл байж болохгүй. Хууль журмынхаа дагуу явдаг байдлаараа явж шийдэгдэх ёстой. Үүнд нь ямар нэгэн саад тотгор байгаа бол УИХ холбогдох эрхийнхээ дагуу дэмжлэг үзүүлж ажилладаг байх ёстой. Түүнээс биш Их хурал хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажилд хутгалдчихдаг байж болохгүй. Дэлхий нийтээрээ эрх мэдлийн хувиарлалтын том онол дээрээ тулгуурлаж, парламент, Засгийн газар, шүүх засаглалын бүрэн эрхийг тодорхой болгосон шүү дээ. Гэхдээ хараат бус байна гэдэг нэрийн дор янз бүрийн үйл ажиллагааг халхавчлаад удаагаад байдаг байж таарахгүй. Хэрэв тийм зүйл байгаа бол эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг ард түмэнд илүүтэй шилэн, тунгалаг байлгах талаас нь ажиллах ёстой. Би түрүүн энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлуудын дотор заяагдмал баялаг дээр тулгуурласан аж ахуй, бизнесийн харилцааны үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх байдлыг эрх зүйн хувьд нь цогцоор нь ярих ёстой гэж хэлсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,Төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын тухай хууль байгаа юм. Энэ хуулиудыг бид нэлээн сайн баталж, өнөөдрийн энд яригдаж байгаа зүйлүүд гарах нүх сүв бүрийг нь ил тод болгож хаана. Хоёрдугаарт, ийм нөхцөл байдал үүсгэвэл ногддог хариуцлага, шийтгэлийг нь чангаруулж өгөх ёстой. Гуравдугаарт, заяагдмал баялгийг үр өгөөжийн тодорхой хэсэг нь иргэдэд очдог байх учиртай. Өөрийн хүртэж болох үр өгөөжөө хэн нэгэнд алдахгүйн тулд иргэд оролцож, хянаж чаддаг эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, өнөөдөр 1072 хувьцаа бол оролцоогүй олон нийтийн хэлбэр болчихоод байгаа. “Эрдэнэ Тавантолгой” компанийн ТУЗ-д 1072 хувьцааны талд хэн байгаа юм бэ. ТУЗ-ын гишүүн нь хэд байх, тэдний хэд нь 1072 хувьцааг төлөөлсөн төлөөлөл байх юм. тэдгээр нь ямар шалгуурыг хангасан байх ёстой юм зэргийг илүү тодорхой болгож өгөх ёстой. Мөн төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулах ёстой юм. Хувийн хэвшил дээр тулгуурлаж явах учиртай. Томоохон компаниудын 34 хувийг нь хувьчлаад сайн менежмент, засаглал, оролцоо, хяналтыг оруулж ирнэ. Ингэж байж шахаа, хулгайн асуудал цэгцэрнэ. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,Төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын тухай хуулийг дэлхий нийтийг чиг хандлага, компанийн зөв засаглалын хэлбэр рүү нь явуулах орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр заяагдмал баялгийг тойрсон хэсэг бүлэг нөхөр өөрсдөдөө давуу байдал бий болгож, ард түмний хүртэх ёстой боломжуудыг хулгайлаад байгаа байдлыг зогсооно доо. Би ингэж л хардаг.
-Ирэх оны төсвийн нэг шинэлэг асуудал нь Ерөнхий сайд орон нутгаар явж, иргэдтэй уулзахдаа асуудлуудыг нь эрэмбэлүүлж, тэр дарааллаар нь төсөвт суулгуулахаар болсон. Чуулган завсарласан үед та ч гэсэн тойргоороо явж иргэдтэйгээ уулзалдсан байх. Төв аймгийнхны хувьд асуудлуудаа хэрхэн эрэмбэлсэн бэ?
-Ерөнхий сайдын сая явсан байдал, тойрогтоо ажилласан өөрийнхөө ажлыг нэгтгээд үзэхээр иргэд орон нутагтаа ая тухтай, чанартай амьдрах асуудлыг л тавьж байна. Тийм болохоор орон нутгийн хөгжлийг дэмжсэн дэд бүтцийн асуудлыг нь бид шийдэж өгөх ёстой. Сум, суурин газруудыг инженерийн шугам сүлжээнд холбож байж тэнд жинхэнэ үйлдвэр, ажлын байр бий болно. Төв аймгийн маань хувьд ч хэд, хэдэн суманд инженерийн шугам сүлжээ, нэлээд хэдэн чиглэл дээр авто замын холболтын ажлууд байгаа. Хоёрдугаарт, ажил хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжих, үйлдвэрлэлийг нь илүү боловсронгуй болгож, цар хүрээг нь өргөжүүлэх асуудал бий. 2020 онд Их хурлын гишүүн болоод орж ирж байхад баялаг бүтээгчдийг дэмжих хөрөнгийг нь нэг том багц болгоод баталчихдаг байсан. Харин өнөөдөр хөдөө аж ахуйн салбарын төрөл, тэр бүү хэл тармилынхаа нэр төрөл бүр дээр тодорхой дэмжлэгийн хөрөнгийн багцууд тавигддаг болсон. Зээлийн хугацаа уртасч, хүү нь маш бага болж, шинэ тутам хөгжиж буй жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар Байнгын хорооноос тогтоол гарч, Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнийгээ илүү боловсронгуй болгож хэрэгжүүлэх ёстой. Эдийн засгийнхаа тэлэлтийг нэмж, төсөвт төвлөрөх орлогоо нэмэгдүүлье л гэвэл баялаг бүтээдэг, нэмүү өртөг бий болгодог салбаруудаа ахиухан дэмжих учиртай. Тэгж байж төсөвтөө жаахан мөнгө хуримтлуулж, эргээд төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг нөхцөл байдал, үнэ ханштай уялдуулж нэмэгдүүлж чадна. Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн хүртээмж, техник технологийн хангалт, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих орчныг бий болгохыг иргэд хүсэмжилж байна. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад манайд яригдсан гол зүйлс бол ийм байгаа.
Үүнийг хангах талаар Их хурлын гишүүд орон нутагт ажилласан байдал дээрээ тулгуурлан нутгийн удирдлагын байгууллагуудтайгаа санал бодлоо солилцоод 2024 онд ийм ажлуудыг эхлүүлэх ёстой юм байна гэсэн чиг гарч, ирэх оны төсвийн төсөлд тодорхой хэсэг нь суугаад явж байгаа. Ерөнхий сайдыг орон нутагт ажилласантай холбоотойгоор тодорхой төсөл, арга хэмжээнүүд төсөвт сууж байгаа гэсэн мэдээллийг ч өгсөн. Тийм учраас иргэд олон нийтийнхээ оролцоон дээр тулгуурлан, санал бодлыг нь сонсон хөгжлийн чиг хандлага дээрээ хөрөнгө оруулалтынхаа бодлогыг эрэмбэлэх ажил хийгдэж байна. Үүнийгээ ч өргөжүүлэх хэрэгтэй. Гэхдээ Төсвийн тухай хууль дээр энэ тов тодорхой байгаа зүйл. Орон нутгийн төсөв, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын асуудал бол баг, сумын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээд, эрэмбэ дараа нь тогтдог. Харин үүнийгээ хэр хэрэгжүүлж вэ гэдгийг Дэлхийн банк хянаж үзээд сайн ажиллагааг урамшуулах замаар орон нутгийн хөгжлийн сан дээр нь олон улсын санхүүжилтээр урамшуулал өгдөг юм. Энэ бол хөгжлөө, тулгамдсан асуудлаа зөв олж харж, зөв арга замаар хэрэгжүүлж, үүндээ иргэд олон түмнийхээ оролцоог хангах, ардчилалын үнэт зүйл юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )