Д.Амарбаясгалан: Х.Нямбаатар хотын даргын албан тушаалыг дангаар гүйцэтгэж, бүрэн эрхт төлөөлөгч байдлаар ажиллана

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

Засгийн газар өчигдөр хуралдсан. Хуралдааны дараагаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Х.Нямбаатар  сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгох юм. Улаанбаатар хотын түвшинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаа явуулж удирддаг. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан бугшсан идээ бээрийг шахахад, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж бүх салбарын түвшинд анхаарал хандуулах зорилго агуулж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр/өчигдөр/ болно. Хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд чөлөөлөгдөж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын орны нэр дэвшигч, чөлөөлөгдөж байгаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдын орны хүнийг ярилцаж шийднэ. Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн газрын томоохон ажлын хэсгийг ахалдаг. Түүний хариуцсан ажлын хэсгийг салбар хариуцсан сайд нарт даалгаж, шинээр томилогдох Хууль зүйн сайд салбарын сайдынхаа чиг үүргийн хүрээнд бусад ажлын хэсгийг ахалж ажиллана” хэмээн мэдэгдэв. Үүний дараагаар сэтгүүлчдийг асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.


-Х.Нямбаатар сайд Хотын сайдын албыг давхар хаших уу, эсвэл одоогийн албан тушаалаа хүлээлгэж өгөх үү?

-Х.Нямбаатар сайд Засгийн газрын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын даргын албан тушаалыг дангаар гүйцэтгэнэ. Гэвч Засгийн газраас шийдвэр гаргаж, нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч байдлаар ажиллах нөхцөлийг бий болгоё гэж байгаа. Төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яамдын түвшинд анхаарч ажиллана.

-Түгжрэлийн сайдын орны хүнийг сонгох уу?

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр/өчигдөр/ болно. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөгдөж байгаа ХЗДХЯ-ын дараагийн удирдлагыг хэлэлцэх юм. Түүнчлэн Түгжрэлийн сайдын орны хүнийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

-Х.Нямбаатар сайдын хариуцаж байгаа томоохон Ажлын хэсгүүдийг хэрхэх вэ?

-Х.Нямбаатар сайд томоохон ажлын хэсгүүдийг ахалж, ажиллаж байгаа. "Оюу Толгой"-н гэрээ, уран олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах гэрээ, 5Ш ажиллагааг ч хариуцаж байна. Тэгвэл өнөөдөр/өчигдөр/ Ерөнхий сайд эдгээр ажлуудыг салбар хариуцсан сайдууд чиг үүргийнхээ дагуу хариуцаж ажиллахыг үүрэгдсэн. Дараагийн ХЗДХ-ийн сайд нь үндсэн чиг үүргийг нь хариуцаж явна.

-Ажлаа өгсөн хотын даргыг шалгах уу?

-Одоогийн байдлаар улс төрийн албан тушаалтай холбоотой асуудал яригдаагүй байна. Д.Сумъяабазарын хувьд бол ёс зүйн хариуцлага хүлээж байгаа гэдгээ илэрхийлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн процесст алдаа гарсан учраас хариуцлага хүлээсэн. Түүнээс биш авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ажлаа өгөөгүй.

-"Тэнүүн-Огоо" компанийн удирдлагатай таны өрөөнд уулзсан гэж Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар мэдээлсэн шүү дээ?

-Нэгт, өнгөрсөн жил Засгийн газраас түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг авч ажилласан. Ерөнхий сайд манлайлсан, 2008 оноос автобусны паркийг шинэчлээгүй. Нийтийн тээвэрт явж байгаа автобус есөөс дээш жил зорчих эрхгүй байсан. Тиймээс энэ ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Улсын төсөвт төсөв суулгаж байсан юм. Засгаас автобус бааз дээр ажилласан. Төр хувийн хэвшил энэ ажлыг хамт хийхээр болсон. Улмаар парк шинэчлэл дээр хамтарч ажиллах компани, байгууллагууд манай өрөөнд нэг удаа хуралдсан. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажилласан нь энэ. Нийтийн тээврийг либералчлах Ж.Сүхбаатар сайдын ажил цааш үргэлжилж чадаагүй. Яагаад энэ ажил зогссон талаар надад мэдээлэл өгөөгүй. Тиймээс надад хэлэх тайлбар алга. Тиймээс Ж.Сүхбаатар сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл рүү шилжүүлсэн юм билээ.

Миний хувьд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягтай нэг ч удаа уулзаж үзээгүй. Харин манай өрөөнд холбооны тэргүүн гэдэг утгаараа уулзсан юм билээ. Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай юм шиг байна. Мөн Дарханаас гаралтай улстөрчид маань дэмждэг гэх мэдээллийг би саяхан авсан. Тиймээс нарийн учрыг мэдэхгүй. Автобустай холбоотойгоор тендер эсвэл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нь цэг ч тавьж оролцоогүй. Намайг зориудаар автобустай холбож бичиж байна. Та бүхэн намайг яаж ч холбохоор оролдсон байлаа сэжим гарч ирэхгүй.

-З.Төмөртөөмөө орлогчийн асуудлыг ЗГХЭГ-аас шалгаж байгаа гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Тэр шалгалтын дүн над дээр ирээгүй байна. Өргөдлийн дагуу шалгаж байгаа.

-Тендертэй холбоотой асуудалд дэлгэрэнгүй тайлбар өгвөл?

-Автобусны тендертэй холбоотой асуудалд оролцсон хүмүүс өөрсдөө тайлбараа хийх хэрэгтэй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Уначихаад намайг хэн унагав гээд хайгаад байж болохгүй. Хилээр орж ирсэн автобуснуудыг би дундаас нь солих боломжгүй шүү дээ. Аливаа асуудал бүрийг улс төр болгож, өөрсдөдөө давуу байдлыг олж авдаг байж болохгүй юм. Илүү ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцсан ажлаа хийдэг байхад анхаарч байгаа. Нэг зүйлийг хэлье. Намайг сүүлийн үед нүүрсний "Админерал" компанитай холбож, гүтгэж байна. Алгын чинээ цаасан дээр нотлох баримтгүй мөртлөө намайг холбож байна. Сүүлдээ гэр бүлийн хүнийг маань ч нүүрс тээврийн компанитай гэж мэдээлсэн байна билээ. Би та бүхний хүссэнээр нүүрсчин, авлигачин болохгүй. Миний бие уг компани болон бусад асуудалтай ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Шалгуулахад бэлэн байна.

-Допингийн асуудал хурцаар өрнөж, баг тамирчид маань цагаан тугийн дор олимпод оролцох дээрээ тулчихаад байгаа гэсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Допингийн эсрэг манай байгууллага өөрөө нэг гэр бүлийн Төрийн бус байгууллага болчихсон. Бүх бүтэц бүрэлэдэхүүний талын мэдээллийг бид гаргаж авсан, ажиллаж байна. Ноднин жилийн гуравдугаар сард дэлхийн допингийн байгууллагаас манайд 21 төрлийн шаардлага тавьсан. Учир нь манай тамирчид олимпын төрөлдөө амжилт гаргаж байгаа учир хоёрдугаар шатлалд дэвшсэн. Үүнтэй холбогдуулан, хоёрдугаар шатлалын орнуудад тавигддаг шаардлагуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон. Харамсалтай нь манай допингийн эсрэг байгууллага эдгээр шаардлагыг хангаагүй учраас олимпод цагаан тугтай оролцож магадгүй нөхцөл байдал үүссэн. Одоо бидэнд хугацаа өгсөн. Энэ хугацаанд цаашид Монголын допингийн эсрэг үйл ажиллагааг нээлттэй, шилэн болгож хамтарч ажиллана. Монголд өөрөө допинг гэдэг нь авлигалын шинж чанартай, өрсөлдөөний хэлбэрт орсон байдлыг бүрэн таслан зогсоохоор ажиллаж байна. АТГ-аас бол энэ хүрээнд сэжиг бүхий алдаа дутагдлууд илэрч байгааг мэдээлж байна. Засгийн газрын зүгээс энэ байгууллагыг шилэн болгож, дараа дараагийн удаа дахиж ийм асуудал үүсдэггүй байх тал дээр анхаарна. Монголчууд наадам бүрээр шинэ аваргатай болдог, тэр аваргаас нь допинг илэрчихдэг. Ийм юмыг болиулна.

-Нийслэлийн МАН-ыг авахын тулд автобусны асуудлыг гаргаж тавьсан гэдэг хардлага байна л даа?

-Су.Батболд хотын дарга байх үед Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар болгоход асар их зөрчилдөөн үүсэж байсан. Би өөрөө оройлж оролцон түүнийг дарга болгож байсан. Нийслэлийн МАН-ын төлөөх тэмцэлдээн манайд байхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.191.220) 2023 оны 10 сарын 06

За зайлаа МАН улс орноор тоглож самарч байгаа новшнууд бус уу. Худал дүр эсгээд жүжиг тавьдаг цаг өнгөрсөн

0  |  0
Зочин (86.111.136.135) 2023 оны 10 сарын 05

УВХотын удирдалгад ИТХ ын Баг ажилладаг биздээ.Тэдэн дунд мэргэжилтэн гэж ямар хүмүүс байдаг вэ?ьдандаа улстөрчид шдээ.Ажил нь олигтой байж УВ хот хөгжиж бна уу хэлэлдээ ха ха ха

0  |  0
Buh(202.126.90.83) 2023 оны 10 сарын 05

Tugjreliin said hereggui ni batlagdsn. Yah gj dahij said tavih geed bgam be.

0  |  0
Яанадаа(111.65.45.40) 2023 оны 10 сарын 06

1 ХҮН МАШ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ БҮГДИЙГ ШИЙДНЭЭ ГЖ БНАА.ЭНЭ БОЛ ДАРАНГУЙЛАЛ СОЛИОРОЛ.МЭРГЭЖЛИЙН БАГ,ИНЖЭНЭР АРХИТЭКТОРИЙН ШИЙДВЭРЭЭР Л ХӨГУИНӨ

0  |  1
Хаан байх юм бна(111.65.45.40) 2023 оны 10 сарын 05

Ганц хүн хотыг хөгжүүлэх үү.энэ бол солиорол.Сэргэжлийн баг хийдэг

0  |  0
Zochin(66.181.178.246) 2023 оны 10 сарын 05

БЭТ ч гэх шиг. Болио. Явах хүнээр ачаа бүү татуул ч билүү үг байдаг биз дээ. БЭТ гэдэг чинь хоноцын сэтгэлтэй хүмүүс байдаг байгаа шүү. Энэ 1 юм дандаа хууль зөрчсөн юм ярьж, хийж байх юм. Бүүр 1 хулгайч сэтгэхүйтэй нөхөр шүү.

0  |  0
Монгол(202.126.90.140) 2023 оны 10 сарын 05

Эрх зүйн бичиг баримтын хувьд Хотын дарга гэсэн ажил үүрэг, нэршил байхгүй харин нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч гэсэн орон тоо, нэршил бий, хотын дарга гэсэн шинэ албан тушаал бий болж байгаа юм уу

0  |  0
Top