"Ногоон автобус"-ны хэргээр Д.Сумъяабазар ажлаа өгч, дараагийн Хотын даргаар Х.Нямбаатарыг томилох эсэх асуудлыг өнөөдөр НИТХ-ийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцлээ. Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар төлөөлөгчдийн асуултад хариулж, цаашид хотыг хэрхэн удирдах төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд ИТХ-ийн төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар Хотын даргаар томилохыг дэмжлээ. Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас гарсан тогтоолыг Ерөнхий сайдад өргөн барихаар боллоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТ!
Тэгвэл ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох үйл явц хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан эцэстээ Үндсэн хуулийн Цэцэл очихоор боллоо. Учир нь, НИТХ дахь АН-ын бүлгээс Х.Нямбаатарыг хууль зөрчиж, Хотын даргаар томилогдож байна гэж үзлээ. Харин ХҮН-аас сонгогдсон хоёр төлөөлөгчийн хувьд Үндсэн хуулийн Цэцэд хандахгүй ч томилгоо хууль зөрчсөн гэдгийг ч давхар тодотгож байна. Нөгөө талд Хотын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Миний томилгоо хууль зөрчөөгүй. Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн Цэцэд хандах эрх нь нээлттэй" гэх тайлбарыг өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Хотын даргаар батламжлахаас өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж түүнийг УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлөх ёстой. Учир нь, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн зөвхөн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болно гэж заасан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар хүмүүсээс санал хураасан юм бол, эх оронгүйчүүд санал өгсөн юм байх даа.