ТОЙМЧ БИЧИЖ БАЙНА | Дахиад л метроны сураг

2023 оны 11 сарын 02

Улаанбаатарчууд хэзээ нэг цагт метрогоор зорчих нь зорчих л байх. Хуучин дарга нараас ч ийм амлалт өгч байсан. Шинэ мэр ч бас “чихэнд чимэгтэй” ийм сураг дуулгалаа. Нийслэл хотын шинэхэн дарга Х.Нямбаатар “Ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. БНХАУ-тай хэлэлцээ хийнэ” хэмээн мэдэгдлээ. Ирэх онд гэдэг ер нь баримжаа муутай илэрхийлэл л дээ. 2024 онд уу, ер нь л түүний дараа ирэх аль нэг жилд үү гэдэг тодорхой бус.

Хотын экс мэр Э.Бат-Үүлийн үед метротой болох шахаад нийслэлчүүд “ам мэхэнд” унаад дууссан. Д.Сумъяабазар дарга ч метротой болно оо л гэж ирсэн. Японы талтай эхний уулзалтуудаа ч хийсэн байх. Тэгж явтал ковид гараад мөрөөдөл дууссан.

Уг нь Э. Бат-Үүл даргын үед метроны ажил эхэлсэн бол өдийд 70 орчим хувьтай явж байж мэдэхээр байлаа. Уг нь метроны ажлаа эхлээд авбал “Мянганы зам Мянгуужингийн зам” гэж хочлуулж байгаад аймгуудаа нийслэлтэй асфальтан замаар холбоод авсан шиг хотынхоо дөрвөн захыг холбож болно л доо.

Харин Х.Нямбаатар дарга их л өөдрөг төсөөлөлтэй яваагаа дуулгалаа. Түүний мэдэгдсэнээр ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Бүр хэдхэн хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 15-наас эхлэн метро болон тойрог хурдны замын чиглэлээр БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай хэлэлцээрийн ширээний ард суух гэж байгаа юм байна. Эхний ээлжинд гурван байршилд метроны шугам байгуулах судалгаа хийгээд явж байгааг хэллээ. Үүнд Их тойрууг тойруулаад Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Долоон буудлаас Яармагийн товчоо хүртэл метроны шугам байгуулахаар болжээ.

Хэлэлцээ амжилттай болбол уг бүтээн байгуулалтын ажил эхлэх бөгөөд хэлэлцээ хийсний дараа гаднаас зөвлөх үйлчилгээ авч төсөвт өртөг, бусад ажлыг хийхээр төлөвлөжээ.

Нэвтэрхий толиос үзвэл метро нь газар доор хонгилоор явдаг, газрын түвшний болон газар дээрх тулгуур багана бүхий төмөр зам дээгүүр явдаг гэх гурван төрлийнх байдаг ажээ.

Хэдэн жилийн өмнө гаргасан “Улаанбаатар метроны үндсэн санаа” гэсэн төлөвлөгөө байдаг. Тэр нь Энхтайваны өргөн чөлөөг дагуулан Толгойтоос Амгалан хүртэл 17.640 км урттай, өртөө хоорондын зай нь 1,356 км, гүүрэн болоод газар доорх, газрын түвшний гэсэн дээрх гурван төрлийг багтаахаар тусгажээ. Уг төлөвлөгөөнд “Доогуур нь автомашин зорчих боломжтой гүүрэн хэлбэрийн өртөө нь тулгуур баганын өндөр 5.5 м-с багагүй, метроны замын байрлах өндөр,төмөр замын бүтцэд тавигдах орон зайн шаардлага, өртөөний гол танхимын шалны байрлах түвшин зэргийг бодолцож авто замын түвшнээс 15 м өндөрт байгуулна.

Өртөөний доогуур автомашин зорчихгүй гүүрэн хэлбэрийн өртөө нь нэгдүгээр давхарт өртөөний гол танхим, хоёрдугаар давхарт бууж суух тавцан байрлахаар тооцож, авто замын түвшнээс 9 м өндөрт барина.

Газар доорх өртөө нь газар доорх нэгдүгээр давхарт өртөөний гол танхим, газар доорх хоёрдугаар давхарт бууж суух тавцан гэсэн хоёр давхар бүтэцтэй төлөвлөж, авто замын түвшнээс доош 5-6 метрийн гүнд нүхэн гарц болон газар доорх байгууламж барих орон зайг гаргаж, гол танхим, тавцанг авто замын түвшнээс доош 17 м гүнд барина” гэжээ.

Метроны шугам байгуулахад дор хаяж 17-20 метрийн гүнд шугам, шугам сэлгэх өртөө, буудлуудыг байгуулж таарна. Наана гэж бодоход 15 метрийн гүн хэрэгтэй. Газар доорх гүний уурхай маягийн байгууламж хийж байж шугамаа тавьж, сэлгэх өртөө, буудлуудаа барина гэсэн үг л дээ.

Тиймээс метро барих гэдэг тийм ч амархан хийчихдэг нүхэн гарц биш юм.  Газар доогуур хийдэг цэвэр бохир усны зэрэг шугам сүлжээний ажилтай харьцуулах ч юм биш. Ядаж л зам дээр тунасан үерийн усаа зайлуулах төхөөрөмж хийчихэж чаддаггүй улс шүү дээ, бид.

Хятадууд газар доогуур гарц гаргах, хонгил барих, метроны шугам тавихдаа гаргуун ч нэг хоёр жилийн дотор цэмбийтэл бүтээж амжихгүй байх. Газар дээр ил Дархан-Улаанбаатарын замыг шинэчилж тавих гэж өчнөөн жил болдог байж газар доогуур маш гүнзгий туннель гаргаж, түүн дотроо төмөр зам тавьж, метро явуулна гэдэг хэдхэн сарын ажил огт биш. Нөхцөл боломж нь бүрдээд 2024 онд ажлаа эхлүүлбэл сайн хэрэг. Харин ашиглалтад орох хугацаа алс шүү гэдгийг иргэддээ ойлгуулбал зүгээр. Тэгэхгүй бол иргэдэд 2024 ондоо метрогоо бариад зорчоод эхлэх нь гэх хүлээлт үүсээд, удаад ирэхээр мөнөөх л бухимдлаа илэрхийлж таарна. Үүний учрыг энэ чиглэлийн инженерүүд л иргэдэд ойлгуулж, бас тэр ажлыг хийж хэрэгжүүлэхэд чиглэл өгч чадах учраас хот удирдахад улстөрч, хуульчдаас гадна маш сайн инженерийн баг хэрэгтэй гээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.177.43) 2023 оны 11 сарын 04

Бат үүлийн засаг байхдаа герман технологийн 60 жилийн баталгаатай хүнд даацын зам болох нийт 5.5 км 23 тэрбумын замыг харчих заадас болгон дээрээ 20-50 см хагаралтай зам болжээ сонсголонгын зам.арц суварга гэх компани тавьсан шү

0  |  0
Иргэн(78.240.193.86) 2023 оны 11 сарын 02

Япончуудаар бариулвал чанартай найдвартай баталгаатай шүү дээ.Яагаад хятад чанаргүй дээр нь үй олон хятадууд орж ирнэ хятадаас хараат болох бодлого шүү дээ.

1  |  0
Top