Энэ намар нийслэлийн нийтийн тээвэр шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобусны дуулиан шуугиан дундуур Хотын даргаар Х.Нямбаатар томилогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаас татгалзаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэн гэнэт Хотын дарга болж байгаа нь санаандгүй хэрэг биш.
Шинэхэн дарга маань анхны байж болох мэдэгдэл хийхдээ “Өнгөрөгч 2009 оноос хойшхи нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил дандаа тендер шалгаруулалтгүй, шууд худалдан авалтын хэлбэрээр хийгдэж ирсэн. Тиймээс уг асуудлыг АТГ-т шалгуулахаар болсон” гэдгээ мэдэгдсэн.
Яг л Хууль зүй, дотоод хэргийн сайдаар МАН-ын “Нохойд барьдаг мод” шиг ажиллаж байсан шигээ үзэхээр шийдэж байгаа нь энэ байх. Тэгэхээр Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч буюу нийслэлийн Засаг даргын ажил хийх үү, МАН-ын “Нохойд барьдаг мод”-ныхоо ажлыг хийх үү гэдэгт эргэлзээ төрж байна. Ерөөсөө Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнийн үг хүсэл нь байж, түүний Засгийн газартшударга ажилласан сайд. Өдгөө тэр яг энэ зарчмаараа ажиллах нь ойлгомжтой болж байгааг эхний мэдээллээрээ харууллаа. Үүнийг буруутгаад байгаа юм биш. Магадгүй Улаанбаатарт олон жил бугшсан газрын наймаанаас эхлээд тендерийн сүлжээг тас цохиулахаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч маягаар ажиллах болов уу. Хотод үүрлэсэн энэ хууль бус ажиллагааг ингэж л зогсоохгүй бол өөр арга байхгүй.
Хуучин даргаД.Сумъяабазар “Хотод ямар чдарга ирсэн хий эргэнэ” хэмээн нэлээд халширсан маягтай хэлж байсан санагдана. Тэгэхээр хотын хэмжээнд бүү хэл улсын хэмжээнд том том асуудал босгон удирдаж явсан Х.Нямбаатар л хий эргэх эргэхгүйгээ үзэхээс өөр аргагүй. Х.Нямбаатар нийслэлийнЗасаг даргын статус дээр Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч шиг ажиллаж, орлогч нар аж ахуйн ажлаа авч явахаас өөр аргагүй зам мөр харагдана. Гэтэл цахим орчинд ажлаа хийхээс хэтрэхгүй орлогч дарга л түүнд бий. Бодоход тэднийгээ ч солих байх. Тэгээд ч Х.Нямбаатар аж ахуйн ажилтай зууралдаж чадахгүй. Нийслэл хот бол тэр чигээрээ ахуйн ажил шүү дээ.
Тэрбээр үүнийгээ ч сайтар мэдэж байгаа байх. Шуудхан л ажилдаа орсон нь харагдана. Тухайлбал, түүнийг Хотын дарга болсноос хойш асар хурдан намар орж ирсэн ногоон автобуснаас гадна улаан автобусны хэрэг ч мандаж байна.
Өнгөрөгч 2022 онд гэрээлэн оруулж ирсэн 224 ширхэг улаан өнгийн автобусанд гэхэд нэг бүрийн үнэд нь 39.7 сая төгрөгийн зөрүү үүсээд байгааг эх сурвалж хэлж байна. Үүний дараа нь АТГ-аас Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг авлига авсан гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай баривчилсан.
Энэ талаар АТГ-аас "Хотындарга асан М.Энхболд газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн нь үнэн. Харин Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан. Цагдан хориогүй. Өмнө нь түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа. АТГ-аас газар олголт болон автобус худалдан авсан асуудлаар баримтыг нотлох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Үүнээс харахад Хотын шинэхэн дарга маань зам гүүр, утаа түлш гэх мэт ахуйн асуудалтай зууралдахгүй гэсэн үг. Нийслэлд бугшсан хууль бус ажиллагаа, бүлэглэлийг тас цохиж байвал утаа түлш, зам харгуй аяндаа болно. Ерөөсөө энэ бүлэглэлээс болж л ийм байдалд хүрсэн шүү дээ. Тэр сүлжээг устгахгүйгээр зам гүүр, утаа түлш ярих ч аргагүй нь үнэн. Тиймдээ л хуучин дарга маань “Хэн ч ирсэн хий эргэнэ” гэж хэлсэн хэрэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )