Оросын тархи, Монголын зүрх Лев Гумилёв

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06

Оросын нэрт эрдэмтэн, монгол цустай хэмээн өөрийгөө тунхагласан Лев Гумилёвын намтар, үйл хэргийн тухай уншихад бахархал төрөх авч, одоо хэрнээ хамрын уг шархирч, сэтгэл өвтгөх зүйлүүд бас байх. Өөрийг нь ойлгохгүй хавчин шахаж, дарамтад байлгаж, хэлмэгдүүлж байсан ч эх орноосоо урваагүй, монголчуудаас нүүр буруулаагүйг нь бодох бүрд өөр яалтай. Түүний эцэг Николай Гумилев, эх Анна Ахматова нар олон хэл мэддэг, яруу найрагчид байсан ч тэдний гарал үүсэл болон шүлэг найраглалын зарим үзэл санаа тухайн үеийнхээ засаг төрийн бодлогод нийцдэггүй байсан шалтгаанаар эцэг нь 1921 онд цаазлагдаж, эх нь гадуурхалт хавчилга шахалтад байсаар насан өөд болжээ.

Тэгвэл Лев Гумилёв өөрийн эцэг Николай Гумилёвын гарал үүслээс шалтгаалан 1938 онд гэмт хэрэгтэн болж хэлмэгдэн таван жил, эхийнхээ үзэл бодлоос болж  мөн хэлмэгдэж 1949-1956 онд хоригдож, улмаар цөллөгт хүртэл явж хүнд ажилд нухлагдаж байжээ.Хэдий ийм нөхцөлд байсан ч Лев Гумилёв эрдэм шинжилгээний ажилд зүтгэж, түүхийн шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрээр Орос улсын түүх, үндэстэн, географийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн гэж үнэлэгддэг болсон түүхтэй.

Түүний тухай энэ бүхнийг сөхөн унших тусам сэтгэл хөндүүртэй ч, цааш судлах тусам  сонирхолтой, тэр хэрээр сэтгэлийн хөндүүр  илааршиж, харин ч илүү ихийг мэдэх, сурах хүслийг өрдөх аж. Ер хэнд  ч тэгж санагдах биз ээ. Тухайлбал, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном гуай “Би түүний тухай уншиж судалж л байна. Гэхдээ хаа байсан юм.Илүү сайн судалъя гэвэл цаг хугацаа хэрэгтэй болно. Тэгэхээр цааш нэлээн хэд наслах хэрэгтэй болох нь” хэмээн ярьж байна. Соён гэгээрүүлэгч телевизээс  Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хамтран Лев Гумилёвын мэндэлсний 111 жилийн ойг тэмдэглэх ёслолыг арваннэгдүгээр сарын 1-нд анх удаа тэмдэглэн өнгөрүүлсний  эргэн тойронд олон шинэ мэдээллүүд ийнхүү өрнөв.

Лев Гумилёвыг мэдэхгүй, танихгүй монгол хүн нэгээхэн ч үгүй. Тэр Оросын алдарт яруу найрагч Анна Ахматова, Николай Гумилёв нарын цор ганц хүү. Орос орны түүхийг үнэн бодитойгоор харуулах, түүний бүрэлдэхэд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэн зөвөөр үнэлэх, Азийн буюу оросуудын хувьд Дорнын түүхийг үнэн зөвөөр ойлгуулахын төлөө судалгаа шинжилгээ хийж, олон арван бүтээл туурвисан эрдэмтэн. Түүнээсээ болж байнгын дарамт шахалтад байж, хэлмэгдүүлэлтэд өртөж байсаар хорвоог орхисон нэгэн юм. Энэ тухай ахмад дипломатч, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Чингис хааны  байлдан дагууллыг эрдэмтэн судлаачид янз бүрийн өнцгөөс авч үзэж байхад Л.Гумилёв  энэ бол өдөөн хатгалга, турхиралтын нөхцөл байдалд өөрсдийгөө авч үлдэхийн тулд хийсэн аян дайн гэдгийг гаргаж тавьж байв. Энэ нь тухайн цаг үедээ цоо шинэ нээлт байсан. Гэхдээ маш их адлагдаж, хавчигдаж, 3-4 удаа хоригдож  байсан” гэдгийг хэлсэн үгэндээ онцолж байлаа. 

Эрдэм шинжилгээний хуралд 40 зочин оролцож, дөрвөн илтгэл хэлэлцүүлсэн юм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг ба их эрдэмтний пассионарностийг онцлохуй” сэдвээр тавьсан илтгэлдээ “Лев Гумилёв маш олон чиглэлээр судалгаа хийж үлдээжээ. Энэ дотор тайлал дүгнэлтийг нь хийж гүйцээлгүй үлдээсэн нь ч байна. Үүнийг судалж, гаргалгааг нь гаргах эрдэмтэн судлаачид монголчуудын дотор бий” гэдгийг тэмдэглэв. Эрдэмтэн судлаачдын дунд “пассионар” гэдэг үгийг хэрхэн орчуулах вэ, орчуулахгүйгээр хэрэглэх үү гэсэн асуулт байнга тавигддаг. Элчин сайд асан Д.Цахилгаан гуай “Орчуулах боломжгүй, энэ хэвээр нь хэрэглэх нь зүйтэй” хэмээсэн. Тэгвэл Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном “Л.Н.Гумилёвын симбиоз буюу зохицон орших харилцааны үнэ цэнэ” илтгэлийнхээ төгсгөлд  “Пассионар” гэдэг үг ямар утгатай, яагаад тийм онол гаргав гэдгийг нь ойлгохыг би ихэд  хичээлээ. Миний ойлгосноор энэ нь пассионар хүмүүс гэсэн үг юм. Пассионар хүмүүс гэдэг бол орчны өөрчлөх, агуу үйлийг бүтээх зорилготой. Тэр агуу үйлийг бүтээх ёстойг бусдад итгүүлж чаддаг авьяастай. Түүнийгээ бүтээхийн төлөө өөрийгөө болоод хамтрагчдынхаа амь насыг  хүртэл золиослоход бэлэн ийм хүнийг  “Пассионар хүмүүс” гэдэг юм байна. Би ингэж л ойлгож авсан. Энэ мөн үү, биш үү гэдгийг та нөхөд цааш нь гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй болов уу.

Л.Гумилёв пассионаруудын тухай онол дүгнэлтээ “Монголын нууц товчоо“ зохиолыг судлах үндсэн дээр гаргасан байх. Одоогоос 300 гаруй жилийн өмнө буюу “Нууц товчоо“-г хэвлэгдсэнээс хойш 400 орчим жилийн дараа Франц улсын иргэн Пети де Круа гэдэг хүний бичсэн “Аугаа их Чингис хааны түүх“ гэдэг сонирхолтой ном гарчээ. Энэхүү Франц эрдэмтэн Араб, Турк, Перс хэлээр бичигдсэн ном нийтлэлүүдийг арван жил судалж номоо бичсэн бөгөөд 1711 онд Франц хэл дээр, 1722 онд Англи хэл дээр нийтлэгдсэнийг Мягмарын Саруул-Эрдэнэ гэдэг манай ухаан чадвартай залуу англи хэлнээс орчуулсаныг сонирхон уншсан. Энэ хоёр номыг зэрэгцүүлж үзэхэд анхаарагдсан зүйл бол Франц эрхэмийн номонд Чингис хааны хийж байсан дайн тулаан, түүний ялалтын тухай тодорхой бичигдсэн, Чингис, түүний үзэл баримтлал, ухаан энергийн тухай бичээгүй бол манай “Монголын нууц товчоо”, “Хөх судар” номд  Чингис, түүний залгамжлагч нар мөнх хөх тэнгэрийн хүчийг шүтдэг, сансар огторгуйн энергээр эрчимжсэн онцгой ухаан чадвартай хүмүүс байсныг баталж болох олон үг үгүүлбэр бичигдсэн байх юм.

Лев Николаевич Гумилёвын үзэл баримтлалаас хандвал улс үндэстний хөгжил доройтол нь нэг баатар буюу гавьяатаас хамаардаггүй, харин хөгжил дэвшлийн зорилт, түүнд хүрэх арга замыг төсөөлж, түүнийгээ хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон амиа золиолоход бэлэн пассионарууд буюу манлайлан тэмцэгчид нийгэм дотор олон байхаас хамаардаг юм байна.

Орчин үеийн Монголчууд бидэнд Л.Гумилёвын үзэл баримтлалаас санаа авах юм байна. Гэхдээ сансрын энергээр хүчирхэгжсэн пассионар хүмүүс монголд бий болохыг хүлээх биш, харин Монгол Улс алсын хараа буюу урт хугацаанд хүрсэн байх зорилгоо тодорхойлсон, хэрэгжүүлэхийн төлөө хувийн ашиг сонирхолоо хойш тавьж амь биеээ золиослон тэмцэх пассионар манлайлан тэмцэгчид болцгоохыг эрхэмлэх ёстой юм байна. Энэ зорилгоор Монголын ард иргэдэд Монгол Улсынхаа хөгжлийн тодорхой зорилтууд, түүнийг хэрэгжүүлэхэд иргэн бүр ямар үүрэгтэйг ойлгуулах нь чухал.  Хөгжлийн эрхэм зорилтуудыг ойлгосон, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх, манлайлагчдыг хүн амын ихэнх болгох нь Монгол Улсыг өрсөлдөх чадвартай хүчирхэг эдийн засагтай, аз жаргалтай улс орон болгох үндсэн нөхцөл юм” гэдгийг онцлов.

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэх боломжгүй тул цахимаар оролцсон юм. “Үндэстний уналт сэргэлтийн шалтгаан ба эдүгээг харахад” сэдэвт илтгэлдээ тэрбээр “Оросын эрдэмтэн Лев Гумилёв хэлэхдээ монголчууд өөрөө өөрийнхөө хэлтэрхий, түүхийн үзмэр дурсгал болсон угсаатан гэсэн. Холын соёл иргэншилд өөрийн соёл иргэншлээ эвцэлдүүлээд эерэг талыг нь түшиж чадвал тэр угсаатан урагшилдаг. Сул талыг нь эвцэлдүүлвэл тэр угсаатан  мөхдөг. Одоо бидний тэмүүлж байгаа барууны соёл иргэншлийн Монголд үзүүлж буй хамгийн муухай нөлөө нь эдийн шунал.Эрх чөлөө, ардчилал нэрийн дор бидэнд хувийн сонирхол, баячуудын ноёрхлыг тулгаж байна. Энүүнд л бид автах юм бол угсаатны хувьд ч, төрт улсын хувьд ч мөхөх аюултай”-г эдүгээ болоод хойч үеийнхэнд санууллаа. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов “Евроазийн газар нутгийн онцлог хийгээд угсаатны харилцаа” илтгэлдээ овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр суурилсан монгол заншил ёсоор хийсэн ялынхаа өр төлөөсийг хамтаараа эдлэх учиртай байсан гэж монголчуудын явуулсан цэрэг, дайны ажиллагааны нэг учир шалтгааныг Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилёв тайлбарласныг тэмдэглэв.Эрдэм шинжилгээний хуралд 40 зочин урилгаар оролцсон юм. Тэдний дунд “Лев Гумилёв 1992 онд амьд сэрүүн байсан гэхээр уулзаж байхгүй яав даа гэх харуусал төрдөг” хэмээн ярих нэгэн байхад зарим нь яг тэр мөчид зохиол бүтээлийг нь уншиж судалж эхэлснээ дурсаж байлаа. Ийнхүү Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилёв зохиол бүтээлээрээ хүн төрөлхтний дунд оршин  мөнх амьдарсаар.Дэлхий яаж ч өөрчлөгдсөн тэр Оросын тархинд байж, үйлс бүтээл нь улам тодорсоор. Чинагш улирагч он жилүүдэд ч, өнөө цагт ч, цаашид ч, Монгол оршин байх бүхий л цаг дор магад монголчуудын зүрх сэтгэлд байсаар байх тул тэр  мартагдашгүй, мартах учиргүй ээ.

Д.Лүндээжанцан /УИХ-ын даргын ахлах зөвлөх/

-Оросын түүхчид хэчнээн жил судалж, их гүрний шовинизмыг гаргасан билээ. Гэтэл түүний өөдөөс сөрж, түүхэн үнэнийг гаргасан нь Лев Гумилёвын гэр бүл юм. Мөн монгол орноор тойрон аялсан алдарт зураач Н.Рерих, их эрдэмтэн Бартольд  тэргүүтэй олон судлаач, эрдэмтдийн монгол судлал, Монголын түүхэнд оруулсан хувь нэмрийг  бид мартах учиргүй, мөнхөд дурсаж явах учиртай.

Ш.Хишигсүрэн /Соён гэгээрүүлэгч телевизийн захирал/

-Энэ хүний хийсэн, бүтээсэн, хүн төрөлхтөнд үлдээсэн агуу их оюун санааны бүтээлүүд, тэр дундаа Монголын Эзэнт гүрний түүх, Хүннү гүрний түүхийн судалгаа бол цоо шинэ, урд хожид гарч байгаагүй шинэ нээлт, шинжлэх ухааны ололт, бүтээл гэдгийг  өнөөдөр даян дэлхий хүлээн зөвшөөрч, талархан дэмжиж байгаа сайхан цаг үе юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(66.181.184.105) 2024 оны 04 сарын 16

Гадны хүний хөшөөг босгохдоо их нухацтай тунгаагаарай,та нарыг мажийсны дараа :Энэ манай иргэний хөшөө нутаг дээрээ байгааг харж байна уу ,бид нутагаа одоо авлаа гээд л хүчээр дайран орж ирэхэд гайхахааргүй болсон цаг.Ийм явдал улам даамжрах төлөвтэй.Ийм тохитой байх насны хүмүүс ингэж хөөсөрч,далбаганаж болох уу

0  |  1
Зочин(202.21.107.23) 2023 оны 11 сарын 06

Газарзүйн шинжлэх уххан гэж бичээрэй сэтгүүлчээ

0  |  0
Зүч(103.254.123.78) 2023 оны 11 сарын 06

Элдэв янзын хөшөөнд мөнгө зарцуулдаг улсууд хамгийн түрүүнд хөшөө дурсгалы нь босгох ёстой хүндээ зориулайсаадаа...

0  |  1
Иргэн(66.181.186.158) 2023 оны 11 сарын 06

Судлаж эхэлсэнд талархаж бна. Олон угсаатны нэр байсан түүнийг хэрхэн орчуулсан бол. Судалгаанд амжилт хүсье.

0  |  0
Зочин(103.57.92.100) 2023 оны 11 сарын 06

Лев Гумилёв бол хэний ч нөлөөнд үл автагдагч жинхэнэ шударга эрдэмтэн хүн байжээ. Түүний хөшөөг алтаао шаомалдан нийслэлд босгох ёстой. Өөрөөр хэлбэл РЦНКА-гийн хашаанд байгаа Кростовицийн хөшөөг авч хаяд оронд энэ Их эрдэмтний хөшөөг сүндэрлүүлэх ёстой.

1  |  0
энэ үнэн(66.181.182.143) 2023 оны 11 сарын 06

Гумилевийн гэр бүл үр сад, хойч үе нь монголчуудын түүх, шагдирт алдаршиг

1  |  0
Top